|

Хөгжлийн банкны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэгдэх улстөрчдийн хэрэг юу болов!

10556

Сонгууль ч дууслаа, наадам ч дууслаа. Ерөнхийдөө хүлээлт үүсгээд байсан үйл явдлууд ард хоцорчээ. Тэгэхээр сонгууль энэ тэрийн дуулиан шуугианд нам дарагдаад байсан зарим асуудлууд эргэн хэвлэлийн хуудаснаа тодрох, хариулт нэхэх цаг болчихож. Хэдийгээр ирэх наймдугаар сард  улстөрийн тогоо хэт халсан өдрүүд олон байх нь гэсэн прогноз бий ч, үргэлж дуулиан шуугианд дарагдуулаад баймааргүй сэдвүүд бий. Тухайлбал, Хөгжлийн банкны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэгдэх улстөрчидтэй холбоотой хэрэг юм. Бондын мөнгийг зүй бусаар зарцуулсан асуудалд холбогдон, шалгагдаж буй Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын тухайд хуулийн байгууллагаас ял зэм авна гэсэн айдас байхгүй  янз эхнээсээ л гаргаж ирсэн. Б.Гарамгайбаатарын тухайд  14 хоногийн баривчилгааг тэсч дийлэхгүй байгаа юм чинь, хуулийнхны шалгаад байгаа гэм буруугийн асуудлаа биечлэн хүлээх дээрээ тулбал ер нь яах хүн бэ гэдэг асуултыг тавихад хүргэсэн бол  Н.Батбаярын тухайд ч зүрхний өвчний улмаас удаан хоригдож чаддаггүй гээд батлан даалтаар гарчихсан, аль дээр. Гол нь өвчний улмаас хуулийн хариуцлага хүлээж чадахгүй гээд буй нөхдүүд маань улстөрийн үйл ажиллагаанд оролцоход бол асуудалгүй гэдгээ харуулаад авсан билээ.

Б.Гарамгайбаатарын тухайд нэлээд асуудалтай. Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байх үед Хөгжлийн банкнаас  Засгийн газарт шинээр зам тавих гэж байгаа гэх ойлголтыг өгч,  тогтоол батлуулж, нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж  “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн байдаг. Гэтэл Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км хатуу хучилттай зам засах ажил 2008 оноос эхэлсэн байдаг.  Зам засварын ажлыг БНХАУ-ын “Зам барилгын II анги” компани гүйцэтгэхээр 2008 онд тендерт шалгарч ажлаа эхэлсэн бөгөөд замын төсөвт өртөг 20 тэрбум төгрөг байхаар тухайн үед гэрээ байгуулсан байдаг. Улмаар гүйцэтгэгч компани замын 38 хувийг зассаны дараа санхүүгийн хүндрэл, инфляциас шалтгаалж ажлаа гүйцэтгэх боломжгүй болж гэрээгээ цуцалсан гэх мэдээлэл байгаа юм. Дараа нь  2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад тендерт “Монроуд” компани материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдэж байжээ.

Түүнчлэн тендерт шалгарсан  “Монроуд” компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаараа оруулж, Засгийн газар 2012 оны 110 дугаар тогтоолоо гаргаж Хөгжлийн банкны санхүүжилтээр Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн замын үлдсэн хэсгийг “Монроуд” компаниар гүйцэтгүүлэхээр болсон байдаг. Мэдээллээс үзэхэд, дээрх  тогтоолоор замын төсөвт өртөг нь 37 тэрбум 231 сая 300 мянган төгрөг байх бөгөөд бүгдийг нь Хөгжлийн банк санхүүжүүлэх бөгөөд 2012 онд гурав, 2013 онд 32 тэрбум 369.7 сая, дараа жил нь нэг тэрбум 800 сая төгрөгийн санхүүжилт хийхээр болжээ. Харин  үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулга хийжээ. Ингэхдээ гүйцэтгэгч компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй гэж байгаа гэх асуудал яригджээ.  Ийм асуудал яригдах үед Б.Гарамгайбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Улмаар Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргасан бөгөөд  тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулжээ.

Тогтоолд тусгаснаар Халзанбүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх 100 км замыг санхүүжүүлэх нийт дүнг 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг гэсэн байна. Түүнчлэн 2013 онд 23 тэрбум 177 сая 200 мянган төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байдаг. Тэгэхээр эдгээр мэдээллээс үзэхэд Хөгжлийн банкнаас 40 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг татахдаа Б.Гарамгайбаатар улстөрийн нөлөөлөл үзүүлж, шийдвэрлүүлсэн байх магадлал өндөр байдгийг дахиад хэлье.

Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд асан  Н.Батбаярыг  бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон АТГ-т шалгаад нэлээд хугацаа өнгөрч буй. Гэхдээ тэрбээр өөрийгөө огт гэмгүй гэдэг. Тэрбээр “Буруугүй. Улсаас нэг ч тендер авсан асуудал надад байхгүй. Нуусан, илэрсэн хөрөнгө надад алга. 2004 онд би УИХ-ын гишүүн болсноос хойш миний хувийн эдийн засаг дордсон уу гэхээс дээрдээгүй. Учир нь би өөрийгөө улстөрд бүрэн зориулсан хүн. Би 2004 онд УИХ-ын гишүүн болохдоо ямар байшинд амьдарч байсан яг тэр байшиндаа л амьдарч байгаа.” гэжээ. Мөн тэрбээр өөрийн туслах байсан Н.Мөнхбатыгаа эрх чөлөөтэй яваа гэдгийг хэлсэн юм. Тэрбээр “Урьдчилсан хорих төвд 14 хоног шалгагдаад гарсан. Шүүхээр түүнийг хорьж шалгах шаардлагагүй гэж үзээд гаргасан байгаа. Монголын шүүх засаглалыг үнэн зөвийг нь олдог байгууллага гэж би итгэдэг. Хүнийг зохиомлоор хэрэгт гүтгэж болохгүй. Манай Мөнхбат бол сайн залуу. Мэдлэг, боловсролтой. Австрид сурч, санхүүгийн боловсрол эзэмшсэн, англи, орос, герман, францаар чөлөөтэй ярьдаг, ажилдаа махруу залуу. Чингис бондыг босгох ажлын албаны дарга нь Н.Мөнхбат байсан. Би бодлогын чанартай ажлыг нь, Мөнхбат техникийн ажлыг нь хийсэн. Мөнгө олж ирсэн гол хүмүүсийн нэг л дээ. Ер нь тэгээд залуучууддаа итгэл хүлээлгэж ажиллуулах хэрэгтэй. Ингээд залуучуудынхаа урмыг хугалаад байвал цаашид яаж Монгол хөгжих юм бэ.” хэмээн ярьсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэх асуудалд холбогдсон улстөрчдийн хэрэг хэрхэх нь анхаарал татсан сэдэв мөнөөс мөн юм. Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Н.Алтанхуяг, Н.Мөнхбат, Ц.Шинэбаатар гэхчлэн олон хүний нэрс уг асуудалд холбогддог юм.

Эх сурвалж: Hunnu.mn

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл