|

Зүүн хараад хөл хорио тогтоогоод байна

13086

Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүн хараад шүлхий өвчин гарсаны улмаас хөл хорио тогтоожээ. Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Дархан-Сүхбаатар өртөө хүртэлх 271, 263, 264 дүгээр галт тэрэг, Зүүнхараа – Дархан – Эрдэнэт чиглэлийн 263, 312, 264 дүгээр галт тэрэг, Улаанбаатар-Зүүнхараа-Дархан чиглэлийн 301, 302 дугаар галт тэргийг Зүүнхараа өртөөнд зогсоохгүй, Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн 282 дугаар галт тэргийг замын өртөөнүүдэд зогсоохгүйгээр явуулах шийдвэрийг гаргасан байна.

Түүнчлэн БСШУСЯ-тай хамтран тус сумын цэцэрлэг, сургуулийн хичээлийг өчигдрөөс эхлэн тав хоногийн хугацаанд түр зогсоосон байна.

Тус сумын иргэн Д-ийн таван үхэрт энэ сарын 16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон байна.  Улмаар тус сумын Засаг даргын арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/407 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Одоогийн байдлаар шүлхийгээр өвчилсөн 120 үхрийг устгаж, 7156 үхэр, 1041 гахай, 1 ямаа, нийт 8198 мал, амьтныг вакцинжуулж, 1280 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл