|

Харуул-Овоо

527-151573072435164790663_4cd50ea424_b
Монгол Алтайн өвөр биед, Ховд аймгийн Үенч сумаас баруун хойшоо хэжиж, Булган сум орох замд баруун гар талаас урдуур хөндөлсөн өнгөрөх сэрвэн дэл уулсын ноёлох өндөрлөгт нэгэн сүрлэг содон овоо хэн бүхний анхаарал татаж, өөрийн эрхгүй өөртөө дуудна. Дэргэд нь очиж газар орны байдлыг нь ажиглавал Мандал, Шаазгайтын нуруунаас салбарлан үргэлжилсэн намхан сэрвэн уултай огтлолцох энэ газраар эрт цагт Монгол, Ойрдууд чөлөөтэй харилцан зорчдог гол зам байсан юмсанж. Үүнийг зориуд сонгож харуулын “Шаз” босгоо юу гэж бодогдном. Овооны овор, бүтэц нь уулын чанх орой дээр арван хоёр ханатай гэрийн буйраас давах хэмжээний тойрогт дугуй суурь дэвсч, тогооны бүрхээр хэлбэрээр дээш өндөрлөн, жигд зузаантай уртлаг хар чулуун хавтанг эв нийлүүлэн завсарт нь шавар зуурмаг зуулган тоосго лугаа цэвэр цэгцтэй өрж босгожээ. Овоог дөчин тохой өндрөөр хязгаарлаж, оройг нь тэгшлэн дээр нь морины толгойн хэртэй хар цагаан хоёр чулуу сул тавьсан аж. Бас анхаарах нэг зүйл гэвэл овооны туурганы чулуун өрлөг дундаас тал бүр тийш нь цухуйсан бэсрэг дүнзний үзүүр зуу гарантаа үзэгдэнэ. Үүнээс хоёр зүйлийн таавар төрнө.
Нэгд: Уг овоог нурахаас хамгаалж бэхэлсэн. Хоёрт: энэ овоон дотор ямар нэгэн зүйл агуулсан “байгууламж” босгож, түүнийгээ гаднах чулуун өрлөгтэй холбож бэхэлсэн байх сэтгэгдэл төрөх болно.
АРДЫН ДОМОГ СӨХЬЕ
Энэ нутагт төрж өссөн хүний хувьд намайг бага байхад, мэдээ орсон тэр цагаас л эхэлж домог, түүх сонсч явахад янз бүрийн л юм хөгшчүүл ярьдаг байсан.
Аржаргалангийн голоос тээр хадан цохионы орой хүртэл олон цэрэг эгнэн зогсч, чулуу шавар гараас гар дамжуулан зөөж, дотор нь цагаан морь унасан бүрэн зэвсэгтэй цэрэг эрийг зогсоож (эцгийн нэр ганц хүү ч гэж ярих нь бий.) байгаад тэр овоог босгосон юм гэхээс цаашгүй ямар нэгэн юм нэмж ярьж чаддаггүй хүн байхад, үүнийг чинь би л сайн мэднэ. Тэр чинь хайр сэтгэлийн мөнхийн бэлгэ тэмдэг байхгүй юу. Эртээ урьдын цагт энэ нутагт харгис хатуу хаан (ноён байх гэж бодном) байж гэнээ. Тэр хаан газар дээр ганц үзэсгэлэн гоо гүнжтэй юмсанж. Гэтэл тэр нутагт ганц яндан цагаан морьтой ядуу залууд хааны гүнж хайр сэтгэлээ харамгүй өгч, хагацашгүй хайрын зовлонд автахад угаасаа ядуусыг үзэн яддаг харгис хатуу хаан, гүнжийнх нь сэтгэлийг урвуулсан ядуу залууд өширхөж түмэн цэрэг хөдөлгөн дайчилж, яндан цагаан морьтой ядуу залууг овоон дотор хийж ялласан, янаг амрагийн аугаа их гайхамшигт-эмгэнэлт “дууль” хэмээн ярих хүмүүс тохиолдоно.
Овоон дотор бас дөрвөн нүдтэй халтар нохой оруулжээ. Тэр нохой нь хэдэн өдөр хуцсан ч гэдэг. Яндан цагаан морь нь бас хэдэн өдөр янцгаасан, хүү хэдэн өдөр уйлж, дуулсан ч гэдэг юм билээ.
Эдгээр хувилбаруудаас, урлагийн гавьяат зүтгэлтэн, Ховд аймгийн хөгжимт драмын театрын ерөнхий зураач асан Аатаан элкений Мишигдоржийн Амгалан гуайн тэртээ 1990-ээд оны эхээр надад , ярьж хөөрснийг бага зэрэг хураангуйлан буулгахыг хичээвээ.
Баруун Монголын торгууд ард түмний ардын их билиг зүйч, номч-мэргэн агсан Магсарын Пүрэвжал гуай торгуудын ноён Мишиг вангийн дэргэд арваас арван долоон нас хүртлээ бий, /биелгээ/ сурч байхдаа ноёны их бийч Даш гэгчтэй ван ноён, “Харуул-Овоо” -ны түүхийг хуучилж суухыг чихээр сонсч, нүдээр харж, явснаа наян хэдэн нас хүртлээ үнэмшин санаж, сэтгэлдээ тээж, ирснийгээ нэхэн сэргээж, ярьсан юм. Чи зохиолч хүн, үнэн мөнөөр нь ард түмэнд хүргэ!. Дараа нь чи тэгээд кино зохиол эсвэл тууж, өгүүллэг, болгоно уу чиний л хэрэг, захчины хүүхэд чамд итгэлээ шүү гэсэн юм. Тэр үед М.Амгалан гуайн бие ч тааруу байсан санагдана. М.Пүрэвжал гуайгаас сонссоноо М.Амгалан гуайн ярьсныг доор сийрүүлье.
-Манай Ван ноёнтон гэртээ олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй, түүнийхээ алинаар нь ч өөрөө сайн тоглож чаддаг, бас сайхан бийлэхийн хажуугаар үлгэр домогт ихээхэн дуртай, түүх, тууж их мэддэг, түүнийгээ энгийн ардуудад ярьж, хэлэх дуртай хүн байлаа. Миний 17 настайд Даш багштай Харуул-Овооны тухай ярилцахдаа надтай хамт бий сурч байсан Очир, Дүгэр гэдэг хоёр хүүхдийн хамтаар бид гурвыг ван ноёнтон дуудуулж,
-Бийч, дуучин, туульч хүн аливаа юмны учир явдлыг зөв сайн мэдэж, явах хэрэгтэй. Яагаад гэвэл ийм урлагч, (урлагийн авьяастан) хүмүүс ямагт олны дунд явдаг учраас юмыг хүнд зөв үнэнээр мэдүүлж явах учиртай байдаг гээд биднийг Даш багшийн доохно суулгаад Харуул-Овооны тухай сонирхолтой домог айлдаж билээ.
Ноёнтон ийгээд (ингээд) айлддаг билээ л.
Энэ Харуул-Овооны түүх чинь тийм эртний түүх биш ээ хүүхдүүд минь.
Дэлхий дээр Манж гэгч гүрэн гарч