|

Уулсын сүр хүчин дор, олон ястны өлгий нутгаар

altai

Алтайн даваа давж, Бодончийн хавцал туулсан хөгжлийн түүчээ

Өвлийн адаг сар цулбуураа эвхэж, урин цагийн үзүүр айсуй цаг дор алдарт Алтайн даваагаар давж, Бодончийн хавцал хэгжин давхихад сүрлэг Алтайн өвөл өнгө, өмсгөлөө тасхийлгэн гайхуулна. Гайхуулахаас ч аргагүй. Монгол Алтайн их уулст орших тус аймагт Мөнх, Хөхсэрх, Баатар, Сутай, Мянган гэх цуут хайрхнууд үүл манангаар эелдэн уулздаг нутаг учраас тэр.

Бодончийн хавцлын сүр хүчийг нэмэн буй нэг зүйл нь  зун цагт бол эргээ хэмлэн байгаа даа гэж бодогдмоор Бодончийн голын мөс эрэг хөвөөгөө түрэн хөлдсөн байх нь замын уртад харц ариулан зурайна. Догшин голоор чимсэн Бодончийн хавцал нь 100 орчим километр үргэлжлэх бөгөөд засмал зам тавихаас өмнө цаг орчны байдлаас шалтгаалан 12-24 цаг туулж гаталдаг дагшин газар байжээ. Орчин цагийн моторт хүлгээр шүү дээ. Ийнхүү сүрлэг их уулсын эх нутгийг зорих болсон шалтгаан, зорилго бас бий. Улаанбаатараас 1855, Ховд аймгаасаа баруун тийш 385 километрт орших Булган сум өнөө жил ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлсэн их амжилтыг нь баталгаажуулахаар буухиалсан нь энэ. Мэдээжийн хэрэг, торгууд ястны өлгий булганчуудад энэхүү баяр хөөрийг тэврүүлэх тэргүүн үүрэг хүлээсэн хүн бол Баруун бүсийн зөвлөлийн дарга, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, түүний бага хамт олон. Аян замын жолоо сунгаж зуузай холбосон эр хүмүүс юу эсийг ярихсан билээ.

Манжийн засаглалын үед амбантны морилж асан шавар хэрэм, гунигт түүхтэй гудамж, эх орон элгэн түмнийхээ төлөө цуцашгүй тулалдаж насан эцэслэсэн Галданбошигтоос эхлээд уул сүрийн сайхан нутагтаа мал сүргээ адуулан суугаа ажилч зоны тухай гээд яриагүй сэдэв тун ховор. Ийнхүү Д.Галсандондог даргын багийнхан говь талын хүнд сонин болгож, төрж өссөн нутгийнхаа байгал цаг уурын онцлогоос эхлээд хүн зоны араншин, амьдрал ахуйг ярих нь уулын урт замыг хоромхон зуурт эвхэх шалтгаан үүдэж Булган сумнаа аяны дөрөө амасхийлгэлээ. Биднийг ийнхүү очиход торгууд зоны олон олон баяр хөөрийг хуваалцахаар УИХ-ын гишүүн О.Батнасан ирсэн учраас