|

БНХАУ, ОХУ-тай олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

19725

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм.

Монгол Улс 1993 оноос эхлэн “Олон улсын авто тээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, БНАСАУ, Турк, Киргиз, Беларусь, Латви улстай байгуулж, олон улсын хэмжээнд авто тээврийн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн хоёр жилийн тээвэрлэлтийн статистик үзүүлэлтээс харахад нийт тээвэрлэсэн зорчигчийн 98 орчим хувийг, тээсэн ачааны 47 хувийг авто тээврээр гүйцэтгэсэн бөгөөд тээвэрлэлтийн хэрэгцээ, шаардпага өсөн нэмэгдэж, хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн сүлжээг өргөжүүлэх боломж, шаардлага үүсч байна.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 16 дугаар хуралдааны үеэр баталсан “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хавсралтад “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай” Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар тусгагдсаны дагуу гурван улсын төлөөлөл ОХУ-ын Москва хотноо “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Уг хэлэлцээр нь 20 зүйл, 3 хавсралтаас бүрдэх бөгөөд уг хэлэлцээрийн хамрах хүрээ, нэр томьёоны тайлбар, талуудын эрх, үүрэг, тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл, ерөнхий шаардлагууд, тээврийн хэрэгслийн жин, овор хэмжээ, тээвэрлэгчийн үүрэг, хариуцлага, татвар, даатгалын асуудал, тээвэрлэгч, жолоочийн хүлээх хариуцлага, хамтарсан хороо байгуулах, хорооны ажлын удирдамж, чиг үүрэг зэрэг тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, баримтлах шаардлага, нөхцөлүүдийг зохицуулсан бөгөөд талууд дотоодын хууль тогтоомжийн дагуу соёрхон батлахаар заасан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.

Хэлэлцээрийн үндсэн агуулга, зарчим нь хөрш зэргэлдээ болон гуравдагч орнуудын худалдаа, тээвэр, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, тээврийн төрлүүдийн харилцан уялдааг хангах, авто тээврийн салбарын хамтын ажиллагааг дэмжих, авто тээврийн салбарын үйл ажиллагаанд хамааралтай олон улсын байгууллагын стандарт, зөвлөмжийг талууд нэгдсэн зохицуулалттай хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Гурван талт хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нэгдсэн хуралдаанд танилцуулав. 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар урьдчилан зөвшилцсөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр олон улсын автотээвэрлэлтийн AH3 чиглэлийг Казакстан, Киргиз улсыг дамжуулан цаашид өргөжүүлэхээр ажиллаж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь хэлэлцээрээр тохирсон чиглэлийн замыг барих ажлыг хэзээнээс эхлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлэлцээрийн нөгөө талууд болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход шаардлагатай дотоодын журмын ямар шатанд байгаа, энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай улсын эдийн засагт ямар эерэг үр дүн гарах, дотоодын тээвэрлэгч нарт хэлэлцээрийг танилцуулах, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийх талаар ямар ажил хийж байгаа талаар тус тус асууж, хариулт авсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батзандан, Л.Элдэв-Очир, Л.Энх-Амгалан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх АН3 авто замын чиглэл нь ОХУ-ын Улан-Үд-Хиагтаас манай улсын Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайшанд, БНХАУ-ын Эрээн хотоор дамжин Тяньжин боомт хүрэх юм. Энэ чиглэлд 2016 оны 09 дүгээр сард гурван улсын туршилтын тээвэр хийгдэж, манай улсын дугаартай манай улсын автомашин Тяньжин боомтод хүрч ачаа тээвэрлээд ирсэн.

Энэхүү тээвэрлэлтийн үр дүнгийн тайлангаар манай улсын тухайд замын эвдрэл, гэмтэл, тэмдэг тэмдэглэгээ,  камержуулалт, жолоочийн болон тээврийн хэрэгслийн даатгал гээд олон асуудлыг олон улсын жишиг шаардлагад нийцүүлж сайжруулах асуудал тавигдсан. Тиймээс Азийн хөгжлийн банкны зээлээр Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн олон улсын авто замын шинэчлэлтийн ажил хийгдэхээр болсон. Энэ хүрээнд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлд тодорхой асуудлууд шийдэгдэнэ гэж үзэж байгаа.

Энэ хэлэлцээр соёрхон батлагдсанаар Монгол Улс болон гуравдагч орнуудын хооронд ТИР конвенцийн хүрээнд ачаа тээвэрлэлт зохион байгуулах боломж бүрдэнэ. Ингэснээр ачааг анхны цэгээс эцсийн цэг хүртэл саадгүй, аливаа хяналт шалгалтгүй, шуурхай хүргэдэг болно  гэлээ.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд дамжин өнгөрөх тээврийн татвар, тарифийн хөнгөлөлтийн асуудлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан тавьж байгаа. Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Талууд хэлэлцээрийг соёрхон баталсны дараа тээвэрлэлтийг гүйцэтгэх хамтарсан хороо байгуулагдах юм.

Монгол, Орос, Хятад гурван улсын санаачилсан энэ хэлэлцээрт бусад улс орнууд ч нэгдэх эрмэлзлээ илэрхийлж байгаа. Зөвхөн хөрш хоёр улсын тодорхой боомтуудаас гадна Казахстан, Киргизстан улстай авто замын тээвэрлэлт хийх, бусад орны хил дамнасан чөлөөт бүстэй холбогдох боломжийг судалж байгаа.

Түүнчлэн Оросын нутгаар дамжиж Европын орнууд руу тээвэрлэлт хийх талаар яриа хэлцэл өрнүүлж байгаа, одоогоор 7 улсаас 4-тэй нь хэлэлцээр байгуулахаар үндсэндээ тохироод байна. Үүний зэрэгцээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахад анхаарч дотоодын аж ахуйн нэгж, жолооч нараа сургалтад хамруулах зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Эдийн засгийн үр өгөөжийн тухайд хэлэлцээр соёрхон батлагдаж хэрэгжсэнээр манай улсын гадаад худалдаа 20 орчим хувиар нэмэгдэнэ, мөн 200 орчим жолооч байнгын ажлын байртай, олон улс дамнасан зам тээврийн дэд бүтцийг дагаад 3,000-4,000 ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо хийгдсэн. Түүнчлэн Алтанбулаг, Замын Үүдийн чөлөөт бүсүүд жинхэнэ утгаараа хөгжих боломж нээгдэнэ. Мөн олон улсын авто замын АН4 чиглэлээр дотоодын бараа, түүхий эдийг тээвэрлэхэд Цагааннуурын чөлөөт бүс чухал үүрэгтэй гэж үзэж, бэлтгэл ажлыг хангахад анхаарч байгаа гэдгийг хэллээ.

Засгийн газар хоорондын энэхүү гурван талт хэлэлцээр соёрхон батлагдсанаар Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөх, авто замын дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэхтэй холбогдуулан Азийн авто замын сүлжээний АНЗ болон АН4 авто замд орчин үеийн дэвшилтэт тоноглол, төлбөр хураах системийг нэвтрүүлэх, олон улсын авто замын дагуу жолооч, зорчигчдын ая тухтай амрах үйлчилгээний цогцолбор, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний төвүүдийг байгуулах боломж бүрдэх юм байна.

Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa