|

Х.ОРГИЛ-ЭРДЭНЭ: ЧАНАРТАЙ ЗАМ БАРИХ ХӨШҮҮРЭГ ХУУЛИНД ХАНГАЛТТАЙ ОРСОН

19763

Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ удаад бид Зам тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоотой хамтран “Авто замын тухай хуулийн хэрэгжилт, ач холбогдлын” талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдаж байсан. Харин энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 5 дугаар сарын 11-нд УИХ-аар баталсан . 10 бүлэг 36 зүйлтэйгээ батлагдсан шинэчлэгдсэн хууль 2017 оны 7 сарын 1 ээс хэрэгжиж эхэлсэн юм.
Авто замын тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий байгууллага нь Зам, тээврийн яам билээ. Хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай даган гарах журмууд ямар шатанд явж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэтэй ярилцлаа.
Хавар болж замын барилга, байгууламжийн их ажил эхэлж байна. Энэ жилээс монголын замчид үйл ажиллагаандаа шинэ хуулиа мөрдөж байна. Хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ?

Авто замын тухай хууль батлагдаж өнгөрөгч оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлээд байна. Энэ хуулиар авто замын салбарт нэн шаарлагатай байсан олон өөрчлөлт болон шинэ зохицуулалтууд нэмэгдэж орсон. Харин одоогоор хуулийг хэрэгжүүлэхэд даган мөрдөх ёстой журмууд эхнээсээ батлагдаж байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас журам тус бүр дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.

Нийт хэдэн журам батлагдах ёстой вэ?

15 журам батлагдах ёстой. Үүнээс нэг журам нь бүрэн батлагдаад Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Мөн 4 журам батлагдахад бэлэн болоод байна. Бусад журмыг ажлын хэсгүүд боловсруулж байгаа.

Хууль хэрэгжээд эхэлсэн ч журмууд нь бэлэн болоогүй байгаа нь салбарын ажилд ямар нэг бэрхшээл учруулах уу?

Журам батлуулахад цаг хугацаа их шаардлагатай байна. Аливаа журмыг тухай салбар болон бусад салбарын хууль, үйл ажиллагаатай хэрхэн уялдаж байгаа болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан, боловсруулах ёстой. Ажлын хэсгүүд үүн дээр төвлөрөн ажиллаж байна. Мөн салбарын сайд ч энэ чиглэлд анхаарч яаралтай журмуудыг гүйцээн батлуулах чиглэл өгсөн.

Зам, тээврийн хөгжлийн яам хуулийг хэрэгжүүлэх төрийн захиргааны гол байгууллага. 19 жилийн дараа шинэчлэн батлагдсан хуулинд гол гол ямар зохицуулалт орсон бэ?

Салбарт нэн шаардлагатай томоохон зохицуулалт энэ хуулинд орсон.

Нэгдүгээрт: Замын барилгын ажил өмнө нь Барилгын тухай хуулинд харьяалагдаж, тусгай зөвшөөрөл олгох, барилгын ажлын явцын болон гүйцэтгэлийн хяналт шалгалт Барилгын яаманд хамаарч байсан. Үүнээс үүдэн Зам, түүний дээрх барилга байгууламжтай холбоотой маргаан үүсэх үед зам тээврийн яам болон Барилгын яам хооронд асуудал шидэлцэж, хариуцах эзэнгүй үлдэх тохиолдол гарч байсан. Үүнийг цэгцэлж барилгын салбарын хуулиар дагаж байсан хэсгийг Авто замын хуулиндаа оруулж өгснөөр зам ба түүн дээрх барилга байгууламж Зам, тээврийн хөгжлийн яамны бүрэн хариуцах асуудал болсон.

Хоёрдугаарт: Хуулийн хүрээнд даган гарах нэг журам бол тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой юм. Өмнө нь Зам барилгын ажлын зураг төсөл хийх тусгай зөвшөөрлийг Барилгын хөгжлийн төвөөс олгож байсан. Харин шинэ хууль батлагдсанаар Зам, тээврийн хөгжлийн яам тусгай зөвшөөрөл олгох боломжтой болсон. Ингэснээр зураг төсөл хийж байгаа аж ахуй нэгжүүдэд нарийн хяналт тавих буюу зам барилгын ажлыг зураг төсөл гаргахаас нь эхлээд захиалагч буюу төр өөрөө хянах боломжтой болж байгаа юм. Энэ тухай Авто замын тухай хуулийн 33.1 дэх хэсэгт оруулсан байгаа.

Гуравдугаарт: Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой болгосон. Авто замын сангийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд:

Импортоор оруулж ирж байгаа авто машины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь,
Гадаадын зээл тусламж, хандивын хөрөнгө,
Улсын төсвөөс хувиарласан хөрөнгө,
Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалттай авто зам ашигласны төлбөр,
Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалттай авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан этгээдэд ногдуулсан торгууль,
Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрсөн улсын тээврийн хэрэгслээс төлбөр хураамж авах,
Авто замын зурвас газарт холбогдох зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхэлсний төлбөрөөс бүрдэнэ гэж заасан.
Харин эдгээрийг бүрдүүлэхэд “Авто замын санг бүрдүүлэх, захиран зарцуулах журам” батлагдах шаардлагатай байна. Энэ сангийн хөрөнгийг захиран зарцуулах тухай ч хуулинд нарийн заасан.

“Авто замын арчлалт, урсгал засвар, гэнэтийн хүчин зүйлсээс хамаарсан засварын ажлыг тэргүүн ээлжинд санхүүжүүлнэ. Дээрхээс өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно”. Харин энэ сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь Зам, тээврийн яам болон орон нутагт аймгийн засаг дарга нар байх юм.

Энэ сангийн эх үүсвэрийг бүрдүүлэх хэсгийг харвал чамгүй их мөнгө төвлөрүүлэх боломжтой харагдаж байна. Хэд орчим төгрөг төвлөрөх тооцоо гарсан бэ?

Монгол Улсын хэмжээнд байгаа авто замуудыг арчлах, засварлахад нэг жилд 55-60 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг. Гэтэл энэ санд нэг жилд 20 тэрбум орчим төгрөг л суулгадаг. Ингэхээр 1 км замд ногдож байгаа засвар арчлалтын хөрөнгө бага байгаа юм.

Хэдийгээр жил бүр л 20 тэрбум орчим төгрөг санд төвлөрч байгаа нь тогтвортой юм шиг байдаг ч яг норм дүрмээ тооцоод үзэхэд байнгын ашиглагдаж, элэгдэж байгаа замуудын дөнгөж 33 хувийг л арчилж, засварлаж байгаа юм. Тиймээс хамгийн түрүүнд Авто замын санг бүрдүүлэх, захиран зарцуулах тухай журам”-ыг батлах шаардлагатай байна. Үүнд маш их судалгаа хийх хэрэгтэй.

ЗАМ АРЧЛАХ, ЗАСВАРЛАХАД НЭГ ЖИЛД 55-60 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
Хуулинд байгаа бас нэгэн сангийн тухай зохицуулалт бол норм, нормативын сан. Энэ сангийн зарцуулалт хэрхэн хийгдэх вэ?

Өмнө нь барилга байгууламжийн норм нормативын сангийн журмаар хувь хэмжээ нь төсөвт өртгөөс 0.18 хувиар тооцож ирсэн. Үүнийг шинэчилсэн хуулиар Авто замын салбар нь өөрийн норм норматив, техникийн баримт бичгийн нэгдсэн тогтолцоотой байхаар сангийн журмыг замын асуудал эрхэлсэн сайд батална.

Сангийн гол орлого нь Авто замын барилга, засвар, техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын төсөвт өртгийн 0.4 хувиар тооцсон орлогоос бүрдэж байхаар хуульчлагдсан. Энэ сангийн хөрөнгөөр авто замын салбарт ашиглаж байгаа бүтээгдэхүүн, стандарт, норм дүрэм, ямар хучилтын төрөл ашиглах, даац, үечлэл гээд шинжлэх ухааны талаас судалгааны ажилд зарцуулах юм.

Энэ сангийн хөрөнгө нэмэгдсэнээр судалгааны ажил сайжирч тэр хэрээрээ зам, барилгын ажил чанаржиж, олон улсын жишигт ойртон очих, цаашлаад зэрэгцэн алхах боломжтой болох юм. Үүний хүрээнд Зам тээврийн хөгжлийн төвийн чиг үүргийг нарийвчлан заасан.

Шинэчилсэн хуулиар зам, барилгын ажил гүйцэтгэгчийн баталгааны хугацааг уртасгасан нь компаниудын зүгээс эсэргүүцэлтэй тулах магадлалтай байна. Хуулийн энэ хэсгийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Энэ бол гүйцэтгэгч компаниудын нэр хүндтэй шууд холбогдох заалт болж орсон. Барилгын тухай хуулинд зүшгрүүлэх, тогтворжуулах хугацаа нэг жил, хэвийн ажиллагааны горим гурван жил гэж заасан байсан. Харин шинэчилсэн Авто замын хуулиар баталгаат хугацааг гурьан жил байна гэж заасан. Энэ хугацаанд гарсан бүх технологийн эвдрэлийг гүйцэтгэгч компани хариуцна. Тиймээс компаниуд чанартай зам барихгүй л бол болохгүй болж байна.

Энэ хугацаанд гүйцэтгэгчид олгох ёстой мөнгөний чамгүй хэсэг нь барьцаа болон үлдэж байгаа нь чанартай зам бариулах хөшүүрэг болж чадах уу?

Захиалагч бол чмар ч байсан чанартай зам авах ёстой. Ер нь барьцаа хэдэн төгрөгийг нь авч үлдээд түүнийг нь цувуулж өгөх нь тийм ч сайн арга биш гэдэг нь олон жилийн хугацаанд харагдсан. Харин одоо компаниуд чанартай зам барь. Гурван жилийн хугацаандаа хариуц. Энэ хугацаанд ямар нэг эвдрэл гарвал компани өөрийн хөрөнгөөр барьж, шинэчлэл хийнэ. Нэг жилийн дараа барьцаа хөрөнгийг 50 хувийг өгнө. Баталгаат хугацааны үлдсэн хугацаанд 50 хувийг нь буцаан өгөхөөр зохицуулсан байгаа. Зөвхөн чанартай л зам барих нь гол юм.

ЗӨВХӨН ЧАНАРТАЙ Л ЗАМ БАРИХ НЬ ГОЛ ЮМ.
Баталгаат гурван жил өнгөрсний дараа тухайн замын арчлалт, засвар төрийн болон орон нутгийн өмчит компаниудруу шилжинэ. Гэтэл төсөв хөрөнгө хүрэлцээгүйн улмаас хангалттай ажил хийгддэггүй. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Ер нь бол бүх л шатандаа хариуцлагатай ажиллах ёстой. Олон улсын, Улсын чанартай авто замуудын засвар, арчлалтыг төрийн өмчит 28 компани хариуцан хийдэг. Авто замын тухай хуулинд шинээр нэмж оруулсан нэг чухал зүйл бол авто замын засвар арчлалт юм. Үүндээ авто замын ашиглалтын бэлэн байдлын санхүүжилт гэж зүйлийг бий болгосон нь дээрх 28 компанийн санхүүгийн эх үүсвэр болон гүйцэтгэх үүргийг тодорхой болгож өгсөн.

Өмнө нь байсан зохицуулалт бол зам дээр нүх байвал түүнийг нөхөх мөнгийг сангаас өгдөг байсан. Харин шинэчилсэн хуулиар хариуцсан замаа бэлэн байлгаж чадвал санхүүжилт авдаг болсон. Ингэхээр засвар арчлалтын компаниуд хариуцсан замаа эвдрэлгүй бэлэн байлгах юм. Гэхдээ үүнд тусгайлсан журам батлагдах ёстой.

ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫГ 28 КОМПАНИ ХАРИУЦАН ХИЙДЭГ
2017 онд Зам, тээврийн яамнаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх замаа бүртгэж, үнэлсэн. Дүн гарсан уу?

Монгол улс 15231 км Олон улс, улсын чанартай авто замтай байна. Үүнийг мөнгөн нэгжээр үнэлбэл 3,8 их наяд төгрөгтэй тэнцэж байна.

Энэ хэмжээний замыг 28 компани засвар арчлалтыг хийнэ гэхээр хүрэлцээ болон санхүүжилт хангалттай байж чадах уу?

Салбарын яамны зүгээс зам засвар, арчлалтын хөрөнгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүнд улсын хэмжээнд 19 цэгт зам ашигласны төлбөр хураан авч байна. Үүнээс 7,8 тэрбум төгрөг төвлөрүүлдэг.

Олон улсын жишгээр бол 200 км тутамд нэг төлбөр хураах цэг байдаг ч манай улсад 400-1000 км-т нэг төлбөр хураах цэг ажиллаж байна. Мөн 21 аймаг хатуу хучилттай авто замаар 2020 он гэхэд бүгд холбогдох боломжтой болсон. 7136 км хатуу хучилттай авто замтай болно. Эдгээрт 200 км тутамд төлбөр хураах цэг байгуулбал 30 гаруй цэгт зам ашигласны төлбөр хураах боломжтой болно. 2018 онд 4 цэг нэмж байгуулна.

Ингэхээр 2020 он гэхэд 30 тэрбум орчим төгрөгийг зөвхөн төлбөр хураах цэгээр дамжуулан хөрөнгө бүрдүүлэх боломжтой болно. Бусад эх үүсвэрээр орж ирэх хөрөнгө нэмэгдэхээр Авто замын сангийн хөрөнгөөр улсын замуудад хангалттай хэмжээнд засвар арчлалт хийх нөхцөл бүрдэж байгаа юм.

Энэ хүртэл засвар арчлалтын компаниудын хариуцаж байгаа замын хэмжээ их учраас замын эвдрэл, арчлалттай холбоотой мэдээллийг өгч байх хөдөлгөөнт эрүүлүүдийг ажиллуулна гэж хуульчилсан байгаа. Замын компаниуд очиж хүрч чадахгүй хэсэгт хөдөлгөөнт эргүүл хүрч мэдээлэл дамжуулж, засварлуулах боломжтой гэсэн үг.

Зам, барилгын их ажил эхэлж байна. Гэтэл хууль батлагдсан ч даган мөрдөх журмууд батлагдан гараагүй байдаг. Ажил гүйцэтгэлийн явцад үүнээс үүдэлтэй зөрчил, осол гарах эрсдэл байгаа юу?

Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс дагалдан гарах журмуудаа боловсруулаад ажлын хэсгүүд өдөр шөнө, амралт, ажлын өдөргүй л боловсруулж байна. Тиймээс журмууд яаралтай батлагдана. Нэн тэргүүнд батлагдах ёстой журмуудаа эхлээд явж байна.

Энэ сарын 3 дахь долоо хоногт бүгд батлагдана гэсэн хүлээлттэй байгаа. Тиймээс хууль мөрдөгдөж эхэлсэн учраас замчид болон салбарын мэргэжлийн байгууллагууд хуулиа мөрдөнө. Тиймээс ямар нэг эрсдэл гарахгүй гэж найдаж байна.

Авто замын тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sarahcycle: корсет после беременности фото бандаж для тепловоза где купить корсет после шунтирования цена ушить...
  • JeffreyNot: офисный водитель на авто компании вакансии —— работа водителем на автобусе межгород работа...
  • Aaronphora: водитель работа вакансия —— тануки подольск вакансии водитель доставки водитель газели...
  • HubertBUP: работа вахтами на севере водителем —— ищу работу водителя в ташкенте найти работу водитель с...
  • Scottingex: вакансия водителя полоцк новополоцк —— работа дальнобойщик в краснодаре водитель работа...