|

АЛТАН ОВООГ ИРЭХ ДОЛДУГААР 27-30-НД ТАХИНА

31406

Тус аймгийн Дарьганга сумын нутагт орших Алтан овоог Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар 2018 оны 7 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд тахина. Сүхбаатарчууд төдийгүй Монгол түмэн нийтээрээ тахин сүслэн дээдэлдэг энэхүү овоог тахихтай холбогдуулан Зохион байгуулах комиссын зүгээс “Алтан овооны дуулал” хандивын тоглолтыг энэ сарын 30-ны өдөр “UB palace”-т зохион байгуулах гэж байгаа талаар  Засаг дарга Ж.Эрдэнэбаатар мэдэгдлээ.

Мөн Нутгийн зөвлөлийн дарга Ч.Улаан “Алтан-Овоог дөрвөн жилд нэг удаа тахьдаг байсан бөгөөд 2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлиг гарснаар таван жилд нэг удаа тахих болсон юм. Энэ удаагийн тахилга YIII Богд гэгээн Живзундамба хутагтын зарлигаар Алтан-Овоог анх тахисны 105 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Одоогийн байдлаар Сүхбаатар аймаг, Дарьганга сумын ИТХ-аас томилсон ажлын хэсэг тахилгын ёслолын бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.

Алтан Овоо нь Дарьганга сумын төвийн дэргэд оршдог, 1354м өндөр, унтарсан галт уул юм. Дарь-Овоо, Алтан Дарь Овоо гэж бас нэрлэдэг овооны амсар нь баруун хойшоо сэтэрч урссан бөгөөд хүрмэн чулуу ихтэй. Дарьганга сум нь тал хээрийн бүст орших тул Алтан овоо нь аль ч талаасаа 60 км зайд бараа нь  дүнхийн харагддаг юм.

Алтан Овоог  1700-аад оноос нутгийн иргэд тахиж эхэлсэн бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгосон байдаг. Социализмын үед овоог тахих зан үйл тасалдаж байгаад 1990-ээд оноос дахин сэргээж,2004 оноос эхлэн төрийн тахилгат уул болгожээ.

Уг овоонд зөвхөн эрчүүд гарч сүслэн мөргөж, идээний дээжээ өргөн, арц хүжээр аравнайлдаг. Харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг бас бэлээр нь тойрдог зам бий.

Овооны гол мод буюу амь модыг сорогшин хэмээнэ. Алтан-Овооны сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус савдагт тахил балин идээ цайныхаа дээжийг өргөж сан тавина. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод байх агаад манай оронд самрын модоор хийдэг аж. АлтанОвоонд залсан тэрхүү сорогшинг газар хүргэлгүй залж аваачсан тэр цагаас хойш 300 жил өнгөрчээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл