|

Бруцеллёзыг зориуд тарааж байна

712-15287785526048041bf61f6a1e2ca2b5c5b6d8f57d
Мальтын арал дээрх цэргийн баазад 1859 онд анх оношилсон хүний шинэ өвчний үүсгэгч нь нян болохыг 1887 онд, тэр нян ямааны түүхий сүүнээс хүнд халддагийг 1904 онд тогтоож, мөн ямааны нянтай тун төстэй үхрийн хээл хаях өвчний нянг 1897 онд, гахайн хээл хаях өвчний нянг 1914 онд ялгаж танижээ. Хүн, амьтны эдгээр шинэ өвчнийг 1920 оноос бруцеллёз гэж, үүсгэгчдийг нь бруцеллын төрлийн буюу брюсын нян хэмээн нэрлэжээ. Байгальд брюсын нянгийн жирийн дархлаажуулагч халдвар олон зүйлийн зэрлэг хөхтөн амьтдын цөөхөн сүргийн цөөн амьтанд оршин байх бөгөөд эмнэл зүйн халдвар нэн ховор ажгуу. Монгол тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаан сүрэгт брюсын нянгийн жирийн дархлаажуулагч буюу далд эмгэгшүүлэгч халдвар зэрлэг амьтныхтай нэгэн адил сийрэг, саармаг байдалд хэдэн мянган жилийн турш оршин тогтножээ. Байгалийн шалгаралаар сул амьтад хүчтэй нянтайгаа устаж, тэсвэртэй амьтад сул нянтай үлдсээр, эх амьтан – брюсын нянгийн хамтын амьдралын байгалийн тэнцвэртэй цэгц бүрджээ. Тус улсын хэмжээнд 1967 онд хийсэн анхны шинжилгээгээр үхрийн 8.3%, хонины 2.9%, ямааны 1.7% нь брюсын нянгийн халдвартай, тэдгээрийн цөөнх нь жирийн дархлаажуулагч халдвартай, олонхи нь халдварын ул мөртэй, эмнэл зүйн халдвар нэн ховор байжээ.
Хүмүүс малын арвин ашиг шимтэй шинэ үүлдрүүдийг бүтээв. Шинэ үүлдрийн эмзэг амьтанд брюсын нянгийн хоруу чанар, эмгэгшүүлэлт нэмэгдэж, эмнэл зүйн халдвар олширчээ. Улмаар шинэ үүлдрийн амьтдыг шинэ газарт нутагшууллаа. Харийн нутагт эх амьтантайгаа ирсэн нянгийн хоруу чанар нэмэгдэв. Шинэ нутагт ирсэн шинэ амьтанд нутгийн номхон нян ч аашаа хувиргав, бяр орсон нян эргээд өөрийн дассан эх амьтандаа халтай болов. Нутгийн мал сүрэг, хүн амын халдварын хэвшсэн загвар өөрчлөгдөж, эмнэл зүйн халдвар олшров. Ийнхүү арвин ашиг шимт сүрэгтэй болохын зэрэгцээ илэрхий өвчлүүлэгч нянгийн омогтой ч болжээ. Монгол улсад хүн, малын бруцеллёзын эмнэл зүйн илрэл шинэ үүлдрийн мал үржүүлж эхлэсэн 1950–60-аад оны үеэс олширч, 1970–1980-аад онд дэлгэрч, 1993 оны мал хувьчлалын дараа бүх шинэ үүлдрийн болон эрлийз малын тоо эрс цөөрсөнийг даган багасаж, 2011 оноос дахиад нэмэгдэж байна.
Хар багаасаа малтай, нялх төлтэй байнга харьцдаг хөдөөгийн хүмүүс брюсын нянгийн жирийн халдварт өртөж, дархлаатай болсноор хүн амын эмнэл зүйн өвчлөл нэн ховор байжээ. Одоо ч нутгийн монгол малтай бүс нутагт халдварын сийрэг, саармаг загвар хадгалагдаж, цөөнгүй хүнд халдварын ул мөр илэрдэг ч эмнэл зүйн шинж тэмдэггүй, бараг зовуурьгүй байна.
Монгол оронд 1960 оноос хойш олон айл малаас, нянгаас хөндийрч, хотынхон олонхи, хөдөөгийнхөн цөөнх болов. Хот, суурин газрын дархлаагүй хүн амын брюсын нянгийн халдварын загвар өөрчлөгдөж, сүүлийн жилүүдэд нянгийн халдварын хамрал багасч байгаа боловч эмнэл зүйн илрэл олширчээ.
Манай улсад 1966 – 1970 онд Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн (СЭВ) тусламжаар бүх тэмээ, адуу, үхэр, сарлаг, хонь, ямаан сүргийг бруцеллёз, ям, сүрьеэ өвчнөөс эрүүлжүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнээр, 1970 онд хонь, ямаан сүрэг бруцеллёзоос бараг эрүүлжиж, үхэр, сарлагийн халдварын хамрал 2% болж буурчээ. Тус улсын Засгийн газар 1971 оноос бие даан хүн, малын бруцеллёзыг хянах болов. Жил бүр сум бүрт үржлийн тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямааны шинжилгээ хийж, өвчтөн, нян хадгалагч, халдварын ул мөртөнг илрүүлж, заазлаж, ялгаж, нядлаж хэрэглэх замаар хянаж байв. Эхний жилүүдэд сүргийн шинжилгээ, халдвартай малын нядлагааг сайн хийсэн, сүүлдээ аж ахуйн дарга нар, малчдын анхаарал суларч, хайхрамжгүй хандах болсоноор шинжилдэг малын тоо цөөрч, тоо шинжлэх явдал газар авч, хэвшсэн, түүнчилэн нянгийн халдвартай малыг бүрэн ялгаж хэрэглэхээ ч болив. Бог малыг 1975 оноос вакцинжуулав, эхний удаа бүх охин хурга, ишиг, охин төлөг, борлон, эм хонь, ямааг, дараах жилүүдэд бүх охин, хурга ишгийг вакцинжуулах байв. Үржлийн үхэр сүргийг 1988 – 1989 онд Зөвлөлт Холбоот Улсын тусламжаар толгой дараалан шинжлэж, нянгийн халдвартай, халдварын ул мөртэй амьтдыг заазлаж, ялгаад, эрүүлжсэн сүргийг вакцинжуулав, дараах жилүүдэд бүх охин бярууг вакцинжуулах байв. Эхний жилүүдэд хонь, ямаа, үхрийн вакцинжуулалтыг хаа сайгүй сайн хэрэгжүүлсэн. Дараах жилүүдэд аж ахуйн дарга нар, малчдын хандлага, оролцоо, хяналт идэвхгүй болж, вакцин тарих суурь, хот айл, малын тоо цөөрч, малын тоог тарьдаг болов, тоо вакцинжуулах нь олон газар жилээс жилд нэмэгдсээр, 1993 оноос мал сүргийн вакцинжуулалт зогсож, зөвхөн цаасан дээрх малын тоог вакцинжуулдаг болов, ийм ажиллагаа 2010 он хүртэл үргэлжлэв.
“Монгол мал” хөтөлбөрийн дагуу 2011 оноос тус улсын бүх үхэр, сарлаг, хонь, ямаан сүргийг сумаар нь, аймгаар нь, эр, эм, залуу, хөгшин ялгалгүй хоморголон вакцинжуулав. Жинхэнэ мэргэжлийн алба ийм төсөл зохиохгүй, жинхэнэ малын эмч ийм ажиллагаанд оролцохгүй. Энэ бол мэргэжлийн алба, мэргэжил барьцаалсан хулгайч олигархийн мөнгө угаалга бөгөөд найм дахь жилдээ үргэлжилж байна. Малчдын олон зууны турш хэдэн үе залгамжлан бүтээсэн цоо эрүүл бөгөөд нянгийн халдварт өртөхгүй, өвчлөхгүй мал сүргийг оношгүйгээр, амьд вакцинаар хоморголон зориуд далд өвчлүүлэх нь нэг удаад мэргэжлийн алдаа, давтвал зөрчил, гурав дахиа үйлдвэл гэмт хэрэг болой. Яагаад?
Аливаа тахлыг хянан тохируулах ажиллагааны хамгийн эхэнд тухайн сүргийг шинжлэж, өвчтөн, нян хадгалагч, нянгийн ул мөртөн байгаа эсэхийг шалгана. Нянгийн халдваргүй, халдварын ул мөргүй, вакцин хэрэглээгүй сүргийг цоо эрүүл сүрэг гэх ба хамгийн өрсөлдөх чадвартай эрхэм сүрэг болой. Багцаагаар, бүх сумын үхэр, сарлагийн сүргийн талаас илүү, хонь, ямаан сүргийн ная гаруй хувь нь брюсын нянгийн халдваргүй, вакцин хэрэглээгүй, цоо эрүүл байсан. Ийм сүргийг хорио цээрийн дэглэм сахих замаар нянгийн халдвараас хамгаалдаг. Олон мянган цоо эрүүл сүргийг оношгүй, харанхуй вакцинжуулсан нь тэдгээрийг төрөлхийн цэврээр нь хадгалан үржүүлэх боломжийг зориуд устгаж, сүргээр нь өвчлүүлж хорлон сүйтгэсэн, малын чанарыг доройтуулсан гэмт хэрэг юм. Вакцин нянгийн халдвараас хамгаалахгүй ээ.
Нянгийн халдвартай, халдварын ул мөртэй малыг ялгаж цэвэрлэсэн, вакцин хэрэглээгүй сүргийг эрүүлжсэн буюу эрүүл сүрэг гэнэ. Багцаагаар, халдвартай үхэр, сарлагийн сүргийн ер гаруй хувийг, халдвартай хонь, ямаан сүргийг бараг бүгдийг нь дотор нь байгаа цөөн тооны өвчтөн, нян хадгалагч, халдварын ул мөртөнг ялгаад цэвэршүүлэх боломж байлаа, үүнийг л эрүүлжүүлэх ажиллагаа гэдэг. Хавтгай, хоморголсон вакцинжуулалт нь халдвартай сүргийг цэвэршүүлэх боломжийг зориуд бусниулж, тэнд байгаа нянг нууж, хадгалж, үржүүлж, тарааж, нутагшуулан хорлон сүйтгэсэн, малын чанарыг доройтуулсан хавсарсан гэмт хэрэг юм. Вакцинжуулалт нянгийн халдвараас сүргийг эрүүлжүүлэх арга биш ээ.
Олон мянган жилийн турш өдөр тутам хэрэгжиж хэвшсэн хорио цээрийн болон хөл хорионы дэглэм нь эрүүл сүргийг нянгийн халдвараас сэргийлэх цорын ганц шалгарсан, сонгодог арга билээ. Цоо эрүүл, эрүүл болон халдварын хамрал багатай, зөвхөн халдварын ул мөртэй сүргийг улайран вакцинжуулах нь мөнгө угаалгын тод шинж тэмдэг бөгөөд малтай харьцдаг бүх хүн үүнийг харж, жигшиж байна.
Нянгийн халдварт гарцаагүй өртөх эрүүлжсэн сүргийг дархлаажуулдаг. Бруцеллёзоос сэргийлэх нэг тун вакцин 2 тэрбум орчим сулруулсан амьд нянг агуулдаг. Вакцины нян амьтны биед орж, үржиж, тарж, далд өвчлүүлж, жинхэнэ нянг баривчлах занга үүсгэнэ. Дархлаатай амьтан бол халдсан нянг занганд оруулж, гавлаж, дөнгөлөж хатаадаг шорон болой. Шоронгийн дэг хатуу ч зарим нян занганд орохгүй сэлгүүцэх, үржих, улмаар оргож зайлах явдал ч цөөнгүй. Дархлаажуулсан сүрэг, байгалийн халдвартай сүрэг хоёр халдвар тараах адилхан эрсдэлтэй учраас тэдгээрийг цоо эрүүл, эрүүл сүргээс тусгаарлаж, хорио цээрийн дэглэмд харгалзаанд байлгадаг. Амьтны эрүүл мэндийг хянахад вакцины хэрэглээний дөрвөн алтан зарчим баримталдаг нь, нэгдүгээрт вакциныг, ялангуяа амьд вакциныг хэрэглэхээс аль болох зайлсхий, болж өгвөл битгий хэрэглэ, хоёрдугаарт, арга барагдвал маш багаар, аль болох цөөхөн сүрэгт чанартай вакцин хэрэглэ, гуравдугаарт вакцинжуулсан сүргийг байгалийн халдварт өртөж, өвчилсөн сүргийн нэгэн адил үзэж, тусгаарлан хорио цээрийн дэглэмд байлга, дөрөвдүгээрт вакцинжуулсан сүргийг болж өгвөл битгий үржүүл, аль болох түргэн хэрэглэж дуусга гэдэг. Вакцинжуулах нь сүргийг нянгийн халдвар, түүний ул мөрөөс цэвэршүүлэх бус, бүр амьд нян, нянгийн хүүр, сэгийг зориуд халдааж, үржүүлж, хөнгөн буюу шинж тэмдэггүй өвчлүүлж, зөвхөн халдварт өртөх, үхэх нигууртай амьтныг илэрхий өвчлөхөөс, үхэхээс хамгаалах арга болой.
Бруцеллёзын вакцины хэрэглээг анхаардаг, сонирхдог, идэвхтэй оролцдог, хянадаг, үнэлдэг нэг ч малчин, сумын Засаг дарга, үйлдвэрлэгч, иргэн, хэрэглэгч байхгүй, зөвхөн малын эмч нар тааллаараа хийдэг ажил. Нэг ч суманд вакцинжуулалтын хяналт шинжилгээ, үр дүнгийн үнэлгээг зохих ёсоор хийгээгүй. Олон суманд мэргэжилгүй хүмүүс “малын эмчийн” ажил хийдэг, жишээлбэл Ховд аймгийн Мөнххайрхан суманд сүүлийн 16 жил мэргэжилгүй хүн тус сумын малын тоог вакцинжуулж байна. Олон сумын малын тоог Улаанбаатар хотоос, аймгийн төвөөс “зайнаас” вакцинжуулдаг, жишээлбэл Дорноговь аймгийн Хатанбулаг сумын малыг 2000 оноос хойш Улаанбаатар хотоос, ХААИС – ийн Мал эмнэлгийн сургуулиас вакцинжуулж, шүлхий, цэцэгийн вирүс, бруцеллёзын нян үржүүлэх “Зайны загвар мал эмнэлгийн үйлчилгээтэй“ сум болгожээ. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын малын тоог Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Мал эмнэлэг, үржлийн газраас вакцинжуулж, тэнд шүлхий, цэцэгийн вирүс, бруцеллёзын нянг тосон авч үржүүлэх бэлтгэлийг хангаад байна. Буруу, хагас дутуу юмуу тоог нь вакцинжуулсан мал сүрэг тухайн нянг нууж, хадгалж, үржүүлж, тарааж, нутагшуулах биоүйлдвэр болно. Монгол орноо бараг бүх хот айл, ферм нян, вирүс үржүүлэх биоүйлдвэр болжээ.
Хот айл бүр, ферм бүр амар амгалан, эрүүл мэнд сүрэгтэй байж, зах зээлд өрсөлдөх эрхээ эдлэж, үүргээ биелүүлж, хариуцлага хүлээхийг хүсч байна. Малчид дотоод, гадаад зах зээлийн шаардлагыг мэдэхийг, энэхүү шаардлагыг хангасан сүрэгтэй байх даалгавар авахыг хүсч байна. Цоо эрүүл, эрүүл сүрэгтэй хот айлын бүтээгдэхүүн хаана ч хүрдэг, хэнд ч очдог, хэд ч хүрдэг байх боломжийг хэрэгжүүлэхийг мөрөөдөж байна. Тэдний хүсэл, мөрөөдлийг вакцины буруу хэрэглээгээр зориуд унтрааж байна.
Малчид бруцеллёзыг хянах төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэхэд оролцохыг хүсч байна. Малдаа хэрэгтэй вакциныг худалдаж аваад, малын эмчийг уриад, малаа тариулаад, хөлс төлөөд, үр дүнгийн баталгаа шаардахыг хүсч байна. Хонь, ямааны бруцеллёзоос сэргийлэх нэг тун вакцины үнэ 150, нэг хурга, ишгийг вакцинжуулах хөлс 150, нийлээд 300 төгрөг, үхрийн бруцеллёзоос сэргийлэх нэг тун вакцины үнэ 250, нэг бярууг вакцинжуулах хөлс 200, нийлээд 450 төгрөг болно, үүнийг малчид сэтгэлээрээ ч, бэлээрээ ч төлж чадна. Бруцеллёзын вакцин “үнэгүй”, тарилга “төлбөргүй” тул малчид ач тусыг нь мэдрэхгүй, малын эмчийн зүтгэлийг хайхрахгүй, вакцин тариулсан гэх малын тооны жагсаалтад гарын үсгээ харамгүй зурж, тамгаа дуртайяа ашиглуулна. Вакцин зарж, тарьж амь зуудаг хүмүүс малчинд хайртайдаа биш, мөнгө угаахын тулд вакцинжуулалтын зардлыг татвар төлөгчдөд тохож байна.
Бруцеллёзыг хянах үйлдвэрлэлийн үндсэн нэгж нь хот айл, ферм бөгөөд нэг сумын 200 орчим хот айлын мал сүргийн хэд нь тухайн өвчнөөс цоо эрүүл, хэд нь эрүүл, хэд нь халдвартай, хэд нь халдварын ул мөртэй гэдэг нь бруцеллёзын хяналтын гол үзүүлэлтүүд юм. Олон жилийн малын тоо вакцинжуулалтын үр дүнд мал сүргээ бруцеллёзоос эрүүл гэдгийг нотлож, баталгаа өгч чадах нэг ч хот айл, ферм алга, харанхуй, хоморголсон вакцинжуулалт ийм боломжийг зориуд мөхөөж байна.
Бруцеллёзыг хянахдаа Монгол улсыг бүхэлд нь нэг аж ахуй болгон үзэж буй нь яагаад ч бүтэшгүй, хөгжсөн баян оронд ч ахадсан хандлага юм. Малын эрүүл мэндийн хяналтын дэвсгэр нутаг – засаглалын үндсэн нэгж нь сум юм. Ядаж ганц хот айлын мал сүргийг бруцеллёзоос эрүүл гэдгийг нотлож, баталгаа өгч чадах нэг ч сумын Засаг дарга алга, нэг ч аймгийн Засаг дарга алга, тэдэнд ийм эрх, үүрэг, хариуцлага ч алга.
Сумын Засаг дарга, малчид хамтраад “Сумын бруцеллёзыг хянах хөтөлбөр” боловсруулаад хэрэгжүүлэх боломж бүх суманд байна. Сумын сайн хөтөлбөрийг аймгийн Засаг дарга, аймгийн сайн хөтөлбөрийг Засгийн газар шалгаруулаад дэмжиж хэрэгжүүлэх боломж байна. Сумын бруцеллёзыг хянах хөтөлбөр нь дараах төслүүдээс бүрдэнэ. Үүнд:
Нэгдүгээрт, цоо эрүүл, эрүүл сүрэгтэй хот айл, фермийг шалгаруулж, гэрчилгээ олгож, түүнийг шалган баталгаажуулах төсөл: Үржлийн бүх малаа шинжлүүлж, цоо эрүүл, эрүүл сүрэгтэний гэрчилгээ авсан хот айл, ферм хагас жил тутам шалгах шинжилгээ хийлгэж, баталгаажуулна. Ийм үйлдвэрлэгч дотоод, гадаадын аль ч зах зээлд малаа үнэ хүргэн борлуулах эрхтэй, боломжтой. Эрүүл сүрэгтэний тоог жилээс жилд нэмэгдүүлсээр бүх хот айл, ферм нь гэрчилгээ авсан сум эрүүл сүрэгтэн сум болно, зах зээлд манлайлна.
Хоёрдугаарт, хүний бруцеллёзыг хянах төсөл: Хүний далд болон эмнэл зүйн халдвар, халдварын ул мөр илэрсэн тохиолдолд нянгийн халдварын эх үүсвэрийг мөшгин шалгаж, хадгалагч сүргийн бүх малыг толгой дараалан шинжлэж, өвчтөн, нян хадгалагч, халдварын ул мөртөнг илрүүлж, ялгаж, нядлан цэвэршүүлнэ, үүнийг л эрүүлжүүлэх ажиллагаа гэнэ. Шинэ үүлдрийн болон эрлийз үхэр, хонь, ямаатай, түүхий сүү, цөцгий, “задгай” сүү хэрэглэдэг бүс нутагт хүний өвчлөл илүү байна.
Гуравдугаарт, амьтны бруцеллёзын эмнэл зүйн илрэлийг хянах төсөл: Хээл хаясан, хаг саатсан, сав үрэвссэн, сул төл гарсан зэрэг бруцеллёзын эмнэл зүйн шинж илэрсэн сүргийн малыг нэг бүрчлэн шинжлэнэ, өвчтөн, нян хадгалагч, нянгийн ул мөртөнг илрүүлэн зайлуулж, сүргийг цэвэршүүлнэ. Хээл хаясан, сувайрсан бүх малын цус, зулбадас, хаг, буртагны сорьцыг цуглуулж, шинжлэн, өвчилсөн, халдвартай бүх малыг заазлаж, үржлийн сүргээс ялгаж, жилдээ хэрэглэдэг байсан 1970 – 90 оны туршлага аймаг, сум бүрт бий.
Дөрөвдүгээрт, сүүний хяналтын төсөл: малчин өрхийн өөрийн болон нийтийн хэрэгцээнд нийлүүлж буй бүх сүүний сорьцыг цагираг урвалаар шалгана. Сүүний сорьцонд нь нянгийн ул мөр илэрсэн хот айл, фермийн бүх малыг шинжлэж, нян хадгалагчийг олж, ялгаж, нядлаж зайлуулдаг. Энэ аргыг хот айл, ферм бүрт хэрэглүүштэй. Хотод “задгай” сүүний худалдааг зогсоож, зөвхөн үйлдвэрийн сүү хэрэглэсэн 1980 – 90 оны хооронд хүний бруцеллёзын шинэ халдвар эрс цөөрсөн болой.
Тавдугаарт, махны хяналтын төсөл: Бүх нядлагааны малыг шалган шинжилдэг, өвчтөн, нян хадгалагч, ул мөртөн илэрвэл мөшгин шалгаж, эх үүсвэр болсон сүргийг олж, тэнд буй халдвартай амьтныг илрүүлж, ялгаж, нядлаж сүргээ цэвэршүүлдэг. Энэ аргыг хот айл, ферм бүрт хэрэглүүштэй.
Зургаадугаарт, дархлаажуулалтын төсөл: Вакцинжуулалт нь нянгийн халдварт гарцаагүй өртөх сүргийг угтан зориуд өвчлүүлж, дархлаажуулж буй цурам халдвар юм. Бруцеллёзын эндемик бүс нутагт богийн охин төлийг 4 – 6 сартайд нь, охин тугалыг 4 – 12 сартайд нь вакцинжуулдаг. Тухайн сүргийн амьтдын хориос дээш хувьд өвчлөл, нянгийн хадгалалт, халдварын ул мөр илэрсэн бол тэр сүргийн нутгийг эндемик бүс гэж тооцдог. Нэг агаараар амьсгалж, нэг усаар ундалж, нэг бэлчээрээс хооллодог, гол төлөв 2 – 6 сүрэгтэй эндемик бүс нутаг нилээд суманд бий. Нянгийн халдлагад гарцаагүй өртөх ийм нутаг, сүргийг олж тогтоосон тахал зүйч бол агнах ангаа олж харсан анчин юм. Бүрэн дархлаажсан сүрэгт халдсан нян занганд орж, үржих, тарах боломжгүй болно. Монгол орны хувьд бруцеллёзын вакциныг хонь, ямаанд хэрэглэх шаардлага тун цөөхөн суманд, маш цөөхөн хот айлд бий. Улсын хэмжээнд нийт хот айлын ердөө л таван хувийн үхэр сүрэгт бруцеллёзоос сэргийлж вакцинжуулах хэрэгцээ байна.
Сум бүр мал сүргийнхээ амар амгалан, эрүүл мэндээр зах зээлд өрсөлдөхийг хүсч байна. Эрүүл сүрэгтэй сумын бүтээгдэхүүн хаана ч хүрдэг, хэнд ч очдог, хэд ч хүрдэг байх боломжийг хэрэгжүүлэхэд нь малчдад, сумын Засаг дарга нарт тусламж, дэмжлэг хэрэгтэй байна, гэвч “төрийн мал эмнэлгийн албаны босоо тогтолцоо” гээч нь ийм боломжийг зориуд бусниулж байна.
Сүүлийн 18 жилд бруцеллёзыг хянахад улсын төсвөөс хамгийн их мөнгө заржээ. Энэ мөнгө малчин хот айлд, фермэд төрийн сайн үйлчилгээ, дэмжлэг болж хүрсэнгүй. Бүх хот айл харанхуй, хоморголсон вакцинжуулалтанд өртлөө. Хэрэглэгчид зориуд вакцинжуулж өвчлүүлсэн малын мах идэж, сүү ууж байна, бруцеллёз дэлгэрсээр, хүмүүст халдсаар байна. Засгийн газрын малын эрүүл мэндийг эрхэлсэн сайд Д. Насанжаргал, Д. Тэрбишдагва, Ц. Ганхуяг, Т. Бадамжунай, Х. Баттулга, Р. Бурмаа, П. Сэргэлэн, Б. Батзориг нарт бруцеллёзын вакцин тарьсан гэх малын тооноос өөр хэлэх үр дүн алга. Бадамжунай сайд 2011 онд 120000 (нэг зуун хорин мянган!) малыг вакцинаар хээл хаяулчихаад ямар ч хариуцлага хүлээгээгүй байна. Сайд нар зөвхөн шахааны вакцины нярав, тоо бүртгэгч байсан, байсаар л байна. Эрхэлсэн сайд нь ядаж ганц фермийн, ганц хот айлын малын эрүүл мэндэд баталгаа өгөх чадваргүй учраас тус улсын мал аж ахуйн гадаад зах зээл хаалттай, дотоод зах зээл хяналтгүй, аюултай байна.
Орос, Хятад улсын Засгийн газар Монголын бруцеллёзтой, вакцинжуулсан малаас иргэдээ хамгаалж байна. Монгол улсын Засгийн газар мал сүргийг, ус, бэлчээр, агаарыг зориуд амьд вакцинаар хавтгайруулан бузарлаж байна. Өмнөговиос бусад бүх аймгийн бүх тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаан сүргийг вакцинжуулах шийдвэр 2011 оноос хойш 8 дахь жилдээ хэрэгжиж байна. Тэр үеийн “Малын ашиг шим, эрүүл мэндээр мөнгө угаах агентлагийн” дарга, бөөн дурын уран сайханчийн “мал эмнэлгийн ухааны” докторын зэрэг хамгаалсан, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн агентлагийн хамтын “бүтээлийг” уншвал “Малын эрүүл мэндээр хэрхэн мөнгө угаах хийгээд малын эмчийн мэргэжил, албан тушаалыг хэрхэн барьцаалах тухай, эдгээр барьцаалагчдыг төрийн төсвөөс хэрхэн асран тэжээх тухай” гэж уншигдана. Бруцеллёзын вакцинжуулалт нь вакцин зарж, тарьж амь зуудаг олигархийн мөнгө угаалга, асрамжийн халхавч, өнгөлөн далдлалт болжээ.
Ойрын хэдэн жилд бруцеллёзын талаар зориудын ташаа мэдээлэлтэй, төөрсөн ойлголттой Засгийн газрын амьтны эрүүл мэндийг эрхэлсэн сайдаас сайн шийдвэр гарахгүй, зөвхөн айлган сүрдүүлэгч олигархийн шуналыг мөнгө болгох шийдвэр л гарна. Засгийн газрын Мал эмнэлгийн агентлаг нь олигархийн шахааны вакцин, ивомек, креолин, “ариутгалын бодисын” гүйдэг нярав, тоо бүртгэгчийн ажил хийнэ, өөр юу ч хийхгүй. Аймаг, сумын Засаг дарга нар мал сүргийнхээ амар амгалан, эрүүл мэндийг хамгаалах эрх мэдэл, үүрэг байхгүй, хариуцлага хүлээхгүй. Төрийн мал эмнэлгийн албадын түшмэдийн мэдлэг, ур чадвар, туршлага, мэргэжлийн хандлага, ёс зүйн талаар ярилтгүй, олигархийн мөнгө угаалгын гар хөл, ул мөр баллагч төдийгөөс хэтрэхгүй.
Боловсроогүй, хагас дутуу, буруу боловсорсон хүмүүст “малын эмчийн мэргэжлийн диплом” зардаг, хуурамч, дууриамал “малын эмч” нарт “мэргэжлийн итгэмжлэлийн үнэмлэх”, “эм барих эрхийн үнэмлэх” зардаг гэмт хэргүүд ид хүчээ авчихаад байна. Амьтны анагаах ухааны жинхэнэ мэргэжлийн практик нэг ч суманд алга, хүлээн зөвшөөрөгдсөн “ориг” малын эмч нэн ховордсон. Жинхэнэ малын эмчид мэргэжлийн ажил, үйлчилгээ эрхлэх эрх, боломж олгодог, хуурамч, дууриамал “малын эмчээс” хүчингүй диплом, үнэмлэхийг нь хураадаг, төрийн алба болон мэргэжлийн практикаас зайлуулдаг байх зарчмыг “Малын эрүүл мэндээр мөнгө угаах хуулиас” хуурамч, дууриамал диплом, үнэмлэхний ченжүүдийн хүсэлтээр зориуд хасчихлаа. Хулгайч олигархийн вакцин, ивомек, креолин, “ариутгалын бодисын” мөнгө угаалгын үзүүр цохиж, ул мөр баллаж амь зуудаг “малын эмч” нараас малчид, хэрэглэгчид хол байхаас өөр аргагүй боллоо.
Салбарын шинжлэх ухааны байгууллагын нэрээр шийдвэр гаргагчдыг хуурах явдал ид хүчээ авч байна. Мал эмнэлгийн хүрээлэн малын бруцеллёзыг 60 гаруй жил судаллаа, вакцин бол эм бөгөөд өвчилсөн амьтныг эмчилдэг, эдгээдэг, нянгийн халдвараас сэргийлдэг, халдварт өртөхгүй сүргийг өвчлөхөөс хамгаалдаг гэж хэрэглэгчдийг, шийдвэр гаргагчдыг, малчид – үйлдвэрлэгчдийг олон жил хуурч байна, хуурагдсан Засгийн газрын мэргэжлийн бус, шинжлэх ухаанч бус шийдвэрийг хэрэгжүүлсэний улмаас олон жилийн турш олон тэрбум төгрөгийг үрэн таран хийлээ, угаалаа, завшлаа. Цоо эрүүл, эрүүл, халдварт өртөхгүй, өвчлөхгүй сүргийг эрүүлжүүлнэ гэх нь тэнэглэл бөгөөд вакцинаар эрүүлжүүлнэ гэх нь бүр хорлон сүйтгэл юм. Нянгийн халдварт өртөхгүй сүргийг вакцинжуулах нь хоосон нүхэнд хавх зүүж буй тэнэг үйлдэл бөгөөд зөвхөн 2011 онд 13 сая, 2012 онд 18 сая, 2013 онд 25 сая гэх мэтээр жил бүр хэдэн арван сая хоосон нүхэнд хавх зүүж буй хулгайч олигархийн гар хөл болсон “эрдэмтдээс” шийдвэр гаргагч нар хол байгтун.
Доктор О. Уламбаяр
Хөвсгөл аймаг, Баянзүрх сум 

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • EvelynSig: Организация ММВ-Строй проводит ремонт квартир под ключ на территории Санкт-Петербурга. Концепция работы...
  • Nikolaybep: Текст
  • RandyLum: http://xn--24-6kct8ai7a.xn--p1 ai
  • Ilmakrep: Все про то, как уехать из России
  • stync: Всем привет, подскажите где не возбраняется укупить высококачественные неординарные луковица ulysse nardin...