|

МЗЭ-ийн шагналт, Зохиолч Б.Даариймаа: “Уул усны анир” /өгүүллэг/

31688

Хэдэн зууны турш хатан Сэлэнгэ мөрний усанд дүрээ тольдон ханхайсан ханан хадтай “ Гурван гасна” уул манай сумын төвийн эгц өмнө байдаг юм. “ Гурван гасна” цаад талаасаа тийм ч эгц биш. Морин харгуй замчлан өгссөөр хамгийн өндөр оргил ханан хадны оройд гарна. Зуны цагт Сэлэнгэ мөрний хойд урд биед орших хоёр сумынхан ойр дөтийг бодож ханан хадны тушаах олмоор гуя онгоц усанд хүлхүүлсээр байгаад гилийсэн хөх өнгөтэй болжээ. Энэ онгоцны эзэн манай сумын хүн. Усны урдаас ирэх хэн боловч ханан хадны орой дээрээс тод өнгийн юмаар даллан
– Хөөе… бороо… Дорж… оо!!! Онгоцоо гаргаарай!!! гэж хоолой мэдэн
хашгирахад “ Гурван гасна” хавийн үүл цуурай хадаан түрж манай сумынханд тодхон сонсогдоно. Удалгүй сумын төвийн нүүрний гудамжнаас цуу ямбуу цамц, улаан хүрэн даалимбан өмдтэй өндөр хөх өвгөн нүцгэн хөлийнхөө шилбийг гялалзуулан сал сал шогшиж одно. Тус гуйж байж заавал хочоор нь дууддаг нь ч юу билээ. “ бороо” гэж онцлон дуудахгүй бол нэг их олон Дорж гүйгээд ирцгээх юм шиг уул ус гатлуулан цуурай хадааж “ Бороо Дорж оо” гэж тэнхээ мэдэн хашгирдагсан. Ер нь манай нутгийнхан хөгшин залуугүй “ бороо, бороо” гэлцэн нэг л ам муутай байх. Би багадаа яагаад “бороо” гэдэг юм бол. Бороо оруулдаг л юм байх даа гэж гайхан айлын эмээгээс учрыг асуувал,
– Цөг чи! Яасан үгэнд дуратй турсага вэ? Бороо гэж хоч нь байхгүй юу.
Хар нялхаасаа хийдэд шавилаад ном сураагүй юм гэнэ лээ. Амны ганц тарни үгүй байж бурхан шашнаа сэргээнэ гэж тэр жилийн үймээнээр эсэргүү дагаж баахан давхисан юм даг. Энэ доодох “Дөрөө хангинуураар” усчилж нааш цааш нь зөөдөг байсан. Тэр үед чинь базаахгүй хүнийг “бароны үлдэгдэл” гэх. Доржийн авчирсан эсэргүү, барон жанжин Дорж гэцгээдэгсэн. Буруу хойшоо доо. Тэр үед чинь энэ Бороо Дорж цэл залуухан байлгүй яахав. Учир зүйгээ мэдэж ч байсан юм уу үгүй юу. Ял янхгүй өнгөрсөн нь их юм. Одоо ч тэр үеийг мэдэх хүнгүй болж дээ. Цагтаа их ч нүд үзүүрлэгдсэн дээ хөөрхий гэж билээ. Бороо Дорж гуай насаараа их усны хөвөө сахиж алба амины олон ч хэргийг залгуулсан байж таараа. Тэглээ гээд түүнд олдох шан харамж, цалин хөлс юу ч байгаагүй. Энэ ажлыг хийхийн төлөө л хорвоод төрсөн юм шиг өдөр шөнөгүй зүтгэнэ. Болчимгүй насандаа хөөрцөглөж давхисныхаа үйл лайг эдэлж зэмээ цагаатгаж байсан ч юм бил үү. Өвгөн болсон хойноо ганц удаа ч ясаа амраахгүй, бүлээн дулаан үг ч сонсоогүй байсаар хорвоод ямар ч сүр дуулиангүй ирсэн шигээ нэг л шөнө чимээгүйхэн яваад өглөө. Бороо Дорж гуайг нас элсэний дараа зун ханан хадны олом гүн ногоон цүнхээл болж хүн мал ойртох аргагүй хөлгүй их усан цалгих нь хүртэл хатан Сэлэнгэ мөрөн энэ хүний лай ланчгаас хуваалцах санаатай урсгалаа татаж байж уу дээ гэмээр…
Эзэнгүй болсон гуя онгоцны дотор ногоон замаг шавж, усанд идэгдэж үжиршсэн олсон аргамж нь нэг ширүүхэн давалгаанд тасраад, мөнх буын хорвоогоос чимээгүйхэн явчихсан эзэн шигээ урсгал даган талийж одоход бэлэн догшин давалгаанд алгадуулан далбилзана.
“ Гурван гасна”-ын тушаах ханан хадны оройгоос одоо хэн ч “бороо Дорж оо, онгоцоо гаргаарай гэж хоолой мэдэн хашгирахаа больж, хавийн уулс тэр цуурайг хүлээх мэт хөх ногооны униар дунд хөлчүүрэн нозоорч эл хульхан. Орчны энэ аниргүй нам гүмийг эвдэн хэн нэгэн “ бороо Дорж оо” гэж хашгирвал уул ус тэр аяараа цуурай хадаан амилах шиг санагдана. Эзэнгүй гуя онгоц, цуурай үгүйлсэн уул ус цөм хуучин янзаараа харагдавч хэнд ч үл анзаарагдсан тэр өвгөн одоо алга. Өчүүхэн муу хорхой шавьжнаас аваад хорвоод ирсэн бүхэн өөрийн гэсэн орон зайтай байдаг ажээ.
Одоо хоёр сумынхан ус гэссэн цагт ханах хадны олмоор зам товчлохын аргагүй болж хаа холын “Дөрөө хангинуураарын” бирваазаар зорчин тойруу замаар ирж очдог болсон юм даа.

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • EvelynSig: Организация ММВ-Строй проводит ремонт квартир под ключ на территории Санкт-Петербурга. Концепция работы...
  • Nikolaybep: Текст
  • RandyLum: http://xn--24-6kct8ai7a.xn--p1 ai
  • Ilmakrep: Все про то, как уехать из России
  • stync: Всем привет, подскажите где не возбраняется укупить высококачественные неординарные луковица ulysse nardin...