Бөхчүүд, нутаг нутгийн галдаа гарч наадмын бэлтгэлээ базааж эхэлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын баяр наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байгаа энэ өдрүүдэд бөхчүүд аймаг нутгийн дэвжээгээрээ хуваагдан гал болж бэлтгэлдээ гараад эхэлжээ.
Хамгийн түрүүнд зургадугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн “Увс нуур бөхийн гал”-ын бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарсан байна. Харин зургадугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн дэвжээ”-ний бөхчүүд Харзтайд, Дархан-Уул аймгийн “Дархан хайрхан дэвжээ”-ний бөхчүүд “Зулзагын” голд тус тус бэлтгэлээ базааж эхэлжээ.
Мөн зургадугаар сарын 11-нд Говь-Алтай аймгийн “Хантайшир дэвжээ”-ний бөхчүүд “Цонжин болдог”-ийн “Мандал” амралтад гарч бэлтгэлээ базааж байна. Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн дэвжээ”-ний бөхчүүд зургадугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Бугын сангийн аж ахуйд гарсан бол зургадугаар сарын 14-нд Хэнтий аймгийн “Хан хэнтийн аварга дэвжээ”-ний бөхчүүд Ар гүнтийн даваа даваад “Цагаан хустын ам” гэдэг газар наадмын бэлтгэлдээ базааж эхэлжээ.
Харин Орхон, Хөвсгөл аймгийн бөхчүүд зургадугаар сарын 20-ноос наадмын бэлтгэлдээ гарахаар болсон байна.
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг