|

Хайдаг ингэ

35866
Толгодын орой дамжсан ингэн буйлаа чихний тосгуурт ирж баригдах бүрт би тэр жилийн хаврыг санадаг юм. Тэгэхэд манай нутагт хаврын дунд сарын цасан бүрэгдэс моригнон шуурч хачин их хүйтрэн салхилж билээ. Маргааш нь аваг ах минь тэмээндээ явж бэлчээр дээрээс ботго нь эндсэн улаан ингийг тууж ирсэн юм. Хавар цагийн туниа муутай бядгүй саарал зэрэглээг толгод дамжин сарнитал, сэтээ сэвээгүй буйлан хайлах, яльгүй мэлзэн хоншоортой, өвдөг зогдор нь суусарлан ургасан улаан ингэний дөрвөн хөх нь тэшийн сэрийгээд түүнээс нь уураг сүү савиран гарч, хонго гуяыг нь даган доош урссан цус салиатай холилдон, борвин дээр нь товрууцан хөлдсөн байлаа. Тэрээр зэлэнд уяатай ботгонууд руу шийдмэгхэн очиж өөрийн ботгыг хайх мэт нүд гүйлгэн харснаа эндсэн үрээ үгүйлэн хангинтал буйлав. Тэр буйлаан одоо ч чихэнд минь ян хадах шиг болдог. Ботгоо алдсан ингэн тэмээний энэлэнгүй буйлаанд, тэр хэр насан бага ч гэсэн хачин их сэтгэл галиран орон хангай эзгүйрээд явчих шиг санагдаж билээ.
Хүрэн зандан төгөл дундах ганц улаан сухай мэт нэн гоёмсог тэр улаан ингэ нүдэнд тусах газарт харагдах, бөртийж торойсон бараа бүхэнийг өөрийн ботгоо гэж санан хаа газраас л бөмбөлзтөл тэшсээр буйлан очих бөгөөд тэр нь өөрийнх нь ботго биш, адуу мал юмуу аль нэгэн өөр юм болохыг нь мэдээд урам муутай эргэж, энэлэнгүй гунганан тэмээн зэлрүү салдираганан сажилсаар ирэх болгонд нь би байж суух газраа олж яддаг байлаа. Үрээсээ хагацсан үйлт амьтныг зовлон гансарлаас нь салгаж, чинэж идэрсэн дэлэн хөхийг нь амраах гэж эмээ маань улаан ингэний борвийг нь боогоод, халуун бүлээн бараан цайгаар дэлэнгий нь угаангаа шувтарч эхэллээ. Тэрээр эхлээд үсчин харайж хэдэрлэн, хавьчин хавирч ойртуулах царайгүй байснаа зугуухан хөөслөх эмээгийн маань уянга яруу хөөсийн аялгуунд уяран мэлмэрч тунгалаг хүрэн нүднээсээ том том дусал нулимс бөмбөрүүлэн зогсоно. Эмээгийн маань хөөс ч гэж ёстой л нэг ингэн хөөс…
Хөөс хөөс, хөөс хөөс
Хөөс хөөс, хөөс хөөс
хэмээн цээл сайхан хоолойгоор уянгалуулан хөөслөх эмээгийн маань ингэн хөөсний аялгуу үрээн алдсан ингэн тэмээг битгий хэл, илч гэрэл муутай хаврын ёлтгор наран доорхи анир алдрам тал нутгийг ч даяар нь хамарч, давхарт нь гийглүүлэн эгшиглэх шиг болж байв.
Тэр цагаас хойш улаан ингэ эмээг маань яг л өөрийн ботго шигээ хайрлах болов. Эмээ маань хаана л явна улаан ингэ араас нь дагаж гунганан үнэрлэж явна. Зуны шөнийн тогтуунд тэмээд хэвтрээсээ босч ботгоон хөхүүлэх тоолонд улаан ингэ гэрийн гадаа ирж гунганана. Tэр болгонд нь эмээ маань босч саана. Одоо бодоход эмээ маань тэр үед ануухан байж дээ. Зуны тэр богино шөнө тийм олон удаа босч нойроо хугаслан улаан ингээ сааж чинэсэн дэлэнгий нь амрааж, үрссэн сэтгэлийг нь амирлуулдаг байж маргааш нь өчүүхэн ч ядарсан шинжгүй хамаг ажилаа жавхайтал хийгээд л тас тас инээд алдан явдагсан.
Тэр үеэс хойш олон жил өнгөрсөн байна. Би сургууль соёлын мөр хөөж орон суурин газрын цаг наргүй ажилд дарагдан өдөр хоног өнгөрөхийн утга учрыг ч өөдтэйхэн ухаарах сэхээгүй байх нэгэн өдөр хөдөөнөөс аав маань утсаар ярьж байна.
-Эмээгий чинь бие муухан байна. Миний хүү ирсэн нь л дээр болов уу…
Угаасаан илүү долоон үггүй аавын минь түс тасхан энэ үг эмээг их дор орсныг элдэв тайлбаргүйгээр шууд ой тойнд буулгав. Тийм ч учраас би эндэх ажил төрлөө аялуулаад өсч төрсөн уудам дэлгэр тал нутаг, элгэн саднаа яаравчлан зорилоо. Намайг очиход мах мариа нь шуугдсан эмээгийн маань цээж үе үе түхэлзэн, амьсгаа нь давхцаж бие нь их муудсан байлаа. Аав эмээгийн толгойн тушаа сууж байна. Тэрнээс доош аавын дүү нар мөн ус нутгийхан, ах дүү нар цугласан байв. Намайг гэр дэх хүмүүстэй золгож бартал аавын бага дүү Туяа эгч эмээгийн чихэнд нь очиж
-Ээж Ням ирлээ шүү дээ. Та таниж байна уу?
гэж аядуу зөөлхөн хэлэхэд цэлхэрч хүндэрсэн зохио алгуур нээж “Өө миний хүү ирээ юу. Ажил төрлөө алдаад яахнав дээ” гээд нэлээд зүйл ярих хүсэлтэй байсан боловч үнэхээр дотор тамир нь хүрэхгүй амьсгаа нь давхцан, бүгшүүлэн ханиалгаж өөртөө зовиур нэмэх нь харсан хэн бүхний сэтгэл өмрөм өрөвдөлтэй аж. Тэр үед эмээгийн хэвтэж буй орны хөлд сууж байсан аавын бас нэг охин дүү Оюун сэмхэн мэгшиж үзэгдэнэ. Түүний чимээгүйхэн шуухтнан уйлахыг нь эмээ сонсов бололтой “Эвий муу хүрэн гунж бас л саалгасангүй юу? Мөрөөрөө үхэж чадахгүй энэ муу амьтныг бас л өнчлөөд явах нь дээ би” гэж эмээ бараг л сүүлчийн хүчээ шавхаж буй мэт үгээ зөөж ядан арайхан хэлэхэд нь би энэ жил бас л хайдаг ингэтэй байгааг нь мэдэв. Олон сайхан хүүхэд төрүүлж ач зээ нарынхаа сайн сайхныг үзсэн буянтай буурал эмээ маань нар шингэхээс өмнөхөн лагшны дүрсээ агаарт хурааж, тэнгэр бурханы орондоо залрав. “Амьтны үр ялгаа юу байхав” хэмээн аль байдгаа хол ойрын орсон гарсанд дэлгэж, хайр халамжийн дээдийг нутаг хотолдоо замбага цэцэг мэт дэлгэрүүлсэн, хүний хайлан ээжээсээ, эмээгээсээ хагацсан хүмүүсийг бачилдсан хар үүл мэт уй гашуу нөмрлөө. Уйд дарагдсан дүнсгэр царайтай хүмүүсийн зарим нь гэрийн тавилгыг зөөж гарган, зарим нь оройн саам сааж гүү тавихаар гүүн зэлрүү явцгаав. Миний дотор бачууран тэдгээр улсын алинд ч туслахыг хүссэнгүй энгэрээ ярж салхиадаа жаахан алхаад эргэж харвал өөрийн эрхгүй бүрхсэн цийлэн нулимстай нүдэнд минь юу ч харагдсангүй.
Үдэш болж сар дээр хөөрсөн хойно. Аав маань
-Миний хүү зул жаргаж байгаа байх даа
гэж надруу хандан хэлэхэд нь би том морин цөгцтэй мөнгөн голтыг барьж гаран өрхий нь бүтээж хаалгыг нь даруулсан баруун гэрт орж амар болоочийн амгалан хутгийг олсон эмээгийнхээ буурал тэргүүний дэргэд асаан бадраахын хамт арц хүжийг үүсгэн унгатгаад гарахад зэлэн дээрээс хүрэн ингэ ухасийн босч жонжих шахам хурдан хурдан алхалан гунгансаар ирж үнэрлэснээ урам нь хугарч горьдлого нь тасарсан амьтны дуугаар хэнгэнтэл буйлав. Тэрхүү буйлаанд миний зүрх зүсэгдэх шиг болон гэрт орж ирэхэд Оюун эгч уйлж сууснаа намайг хараад
-Хөөрхий муу хайдаг хүрэн ингэ үү? Дэлэн хөх нь чинээд хэцүүдэж байгаа байхдаа. Ээжээс өөр хүнд саалгадаггүй болохоор хэцүү юм. Маргааш л нэг ээжийн дээлийг нь өмсөж байгаад очиж үзэхээс гэж хэлээд санаа алдав.
Үүр дөнгөж тэмдгэрч байлаа. Урьд шөнийн өргөсөн мөнгөн голт жаргах дөхөж буй болохоор, баруун гэрт зул сэлгэхээр намайг гарахад өрхий нь бүтээж хаалгыг нь дарсан эмээгийн гэрийн гадаа өнөөх хайдаг хүрэн ингэ тотгыг нь үнэрлэн гунганан зогсоо харагдав. Зул барихаар алхаж яваа миний өөдөөс хайдаг хүрэн ингэ тосож ирэв. Бөөн бөөн нулимс цувруулан унагах түүний болор тунгалаг нүдэнд уй гунигийн аяс нэвт харвасныг хараад миний өр зүрх өөрийн эрхгүй шимширлээ. Гэрт орж бадамлан жаргаж буй зулын дэргэд барьж ирсэн зулаан бадраагаад гарахад зүүн гэрийн тэндээс Оюун эгч эмээтэй адилхан болохыг их л хичээсэн бололтой дээлийг нь өмсч хувин барьсаар хазганан айсуйг харсан хүрэн ингэ гэрийн үүднээс уухайн тас эргэн жонжиж, түүн дээр очоод санасан үрээн эвийлэх эх хүн мэт элэгэмсүү зөөлөн гунганасаар үнэрлэн үнэрлэн саалгаж байснаа, гарынх нь шувтралтаар танисан уу яасан ганцхан огло хайргаад түрүүчээсээ босч бэлчээрт гарч буй ижлийнхээ хойноос бөн бөн буйлан тэшиж одов.
Ингэний хавиралтанд энгэр рүүгээ цалгисан сүүг ханцуйгаараа арчингаа уйлан зогсоо Оюун эгч, ижил сүргийнхээ сүүлчийг гүйцэж очоод эргэж харан хангинатал буйлах хайдаг хүрэн хоёрыг хараад миний цээжнээс дээшээ, нэгэн их гуниг харуусал огшиж ирснээ, самсаа шархиран хоёр нүдийг нулимс бүрхэв. Орон хангай, орчлон хорвоогоос хэн нэгнийг хайх мэт хангинатал буйлах хайдаг хүрэн ингэний тэр энэлэнт буйлаан тархин дотор минь ян хадаж, хамаг биений үе сулран унахыг шахан зогсож байхдаа би “аяахан хүний хорвоо чи энэ агуу их энэрэл хайрын дэргэд ийм өчүүхэн билүү” хэмээн өөрөө өөртөө шивнэж байлаа.
П.Нямлхагва
2011 он.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные
  • Kiaflerb: kamagra 50mg
  • Eyeflerb: kamagra
  • LucasJet: Стекло для пола купить, Вы можете более подробно по телефону: 8 (918) 308-60-06 лестница стекло дерево