|

Бидний тарыг бас горыг ямагт таниулагч бороонд талархъя

36035

Хүссэн юм хүзүүгээр татна гэгч л болж байна даа. Хатаж, ангасан газрыг дэвтээж, хангай дэлхий минь хураа хайрлаач хэмээн бид залбирав. Бидний хүсэлт, залбирлыг байгаль дэлхий сонсож, хурын шимээ харамгүй хайрлалаа. Гэвч муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гэгчээр байгалийн хишгийг бид “хүртэж” чадсангүй. Урьд өмнөх жилүүдийн түүхээс жаахан л ахиу бороо орвол бид яаж алингаа алддагаа хангалттай харж, мэдэрсэн дээ.

Хэлж, сануулж, хөөж туугаад байхад тоолгүй үерийн аман дээр ирж буучихаад, ганц удаагийн борооноор л үхлээ хатлаа, аварч туслаарай гээд байдаг, хаширдаггүй, ухаардаггүй, хүн нэртэй л болохоос малнаасаа дор нөхдүүдийг энд дурдахаа больё. Харин хэчнээн юм болж, өчнөөн тэрбум төгрөгөөр барьж байгуулсан бидний томоохон бүтээн байгуулалтууд сүүлийн өдрүүдэд орсон борооноор бараг сүйрчихлээ. Мандалговь, Даланзадгадыг холбосон 296 км авто зам ашиглалтад орсноор Өмнөговьчууд нийслэлтэй асфальтан замаар холбогдлоо гэх мэдээ цацагдсан нь дөрвөн жилийн өмнөх явдал. Гэвч орон нутгийн зам дотроо шинэд тооцогдох энэхүү зам нэг удаагийн үерээр өм цөм хуурч унаж, урсаж одсон байна. Зам эвдэрсэн шалтгаанаа говийн хөрсний онцлогтой холбон тайлбарлаж байна лээ.

Хэрэв энийг нь мэдэж байсан юм бол анхнаасаа үерийн ус зайлуулах даланг нь чанарын өндөр түвшинд хийж, урьдчилан сэргийлж болоогүй юм уу гэж асуумаар. Өнгөрсөн сард орсон их бороо болон үерийн улмаас 13 аймгийн 29 байрлалд нийт 116 км авто замд эвдрэл, гэмтэл гарч, тэдгээрийг нөхөн сэргээхэд 1.3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн судалгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан байхыг харлаа.

Зөвхөн Баянхонгор-Алтай чиглэлийн 128 км хатуу хучилттай зам дагуу 12 хэсэгт эвдрэл гарч, хот хоорондын тээврийн үйлчилгээнд хүндрэл учруулсан. Өнөө маргаашгүй ихэнх нутгаар бороо үргэлжлэн орно гэж цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Энэ хэрээр эвдрэл гэмтэл, хохирлын хэмжээ улам нэмэгдэх нь гарцаагүй. Уг нь бороо гээч зүйл ганц Монголд л ороод байгаа юм биш. Хойд, урд хөршөөс авахуулаад олон улс энэ жил ширүүн бороотой нүүр тулж байгаа. Гэхдээ бидэн шиг арчаагаа алдаж буй улс алга аа.

Арга ч үгүй биз. Тэд аюулаас урьдчилан сэргийлж, эрсдэл хохирол багатайгаар хэрхэн байгалийн давагдашгүй хүчийг сөрөхөө тооцож байж бүтээн босголтоо хийдэг юм. Айхтар улс болохоор бэлтгэлээ сайтар базаачихаад, байгалийн гамшгийг ажралгүй даваад гарахаа мэдэж байгаа. Харин бид л ниргэсэн хойно хашхирав гэгчээр учирсан хохирлоо тооцож суухаас өөрийг хийсэнгүй.

• Энэ жилийн үер улсын хэмжээнд нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсныг холбогдох байгууллагууд тооцож гаргаагүй л байна.

• 13 аймгийн 29 байрлалд нийт 116 км авто замд эвдрэл, гэмтэл гарчээ. Энэ үзүүлэлт цаашид ч нэмэгдэх магадлалтай.

• Дараа жилийн өдийд бид дахиад л үерт дарлуулж, учирсан хохирлоо тоолж суухаас хэтрэхгүй байх.

Борооны ус зайлуулах хоолой барина гэж хэчнээн ч жил ярив. Гэвч яриа хэлцлээс хэтэрсэнгүй. Ингээд үр дүнд нь нэг удаагийн усархаг бороо нийслэлийг тэр чигт нь үерт автуулж байна. Үнэнийг хэлэхэд сүүлийн хэд хоног улсын маань нийслэл гэр хорооллын ялгадастаа живлээ. Хамаг муу бүхэн үерийн устай хамт урсан ирж, хотыг усан далай болгов. Ийм байхад халдварт өвчин дэгдэхээс ч яахав.

Гэтэл хавдар хэмээх аймшигт өвчнийг эмчилдэг улсдаа ганц эмнэлэг болох ХСҮТ-ийн өргөтгөлийнбарилга нь усанд автаж, асар үнэтэй туяаны аппарат нь эвдэрсэн байдалтай сууна. Эвдэрсэн аппаратыг засахад 400 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөг шаардлагатай гэнэ. Улсын комисс хүлээгээд авчихсан, будаг нь ханхалсан шинэхэн өргөтгөл ингэж байхад бусад нь яах болж байна вэ? тансаг зэрэглэлийн орон сууцны зоорийн давхарууд нь тэр чигтээ усанд автлаа. Бариад удаагүй замууд нь ганц удаагийн үерийн ая даасангүй.

Товчхондоо бол бид бүтээн байгуулалт хийх гэж гурилддаг юм байна, Монголчуудын хийж бүтээсэн бүхэн дэндүү хэврэг юм байна гэдгийг үерийн ус харуулаад өнгөрлөө. Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг хот. Газар хөдлөлтийн давтамж, хүч нь жил ирэх тусам нэмэгдээд байгааг албаныхан анхааруулдаг. Хэрэв сая гаруй хүн амтай нийслэлд газар ганц удаа шилгээвэл бидний хийсэн “бүтээн байгуулалт” тараа бүр их таниулах нь гарцаагүй. Муу амлаж байгаа юм биш шүү, гэхдээ ийм эрсдэл дэндүү ойрхон байна.

Хотын алслагдсан хэсэгт үерийн далангийн хүрэлцээ муу байдаг нь нийслэл усанд автах бас нэг шалтгаан болдог. Хотын хэмжээнд үерийн далан, хамгаалалт барьж байгуулахад нийт 380 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог өдгөөгөөс хоёр жилийн өмнө мэргэжилтнүүд гаргаж байв. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд далан, хамгаалалт барихад 150 тэрбум шаардлагатай гэнэ.

Гэвч хөрөнгө мөнгө хүрэлцээгүй гэдэг улиг болсон ганц шалтгаан энэ ажлыг хойш чангаасаар олон оныг элээв. Үр дүнд нь нийслэлчүүд гэр хорооллын бохиртойгоо хамт усанд урсаж, Монгол улс далайд гарцтай боллоо гэж хэлэгдэхдээ тулж байна. Энэ жилийн үер улсын хэмжээнд нийт хэдэн төгрөгийн хохирол учруулсныг холбогдох байгууллагууд тооцож гаргаагүй л байна. Зөвхөн Баян-Өлгий аймагт л гэхэд учирсан хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 15 тэрбум төгрөг болсныг шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд танилцуулж байв.

Харин бусад аймаг болоод нийслэлд учирсан хохирлын хэмжээг тооцож гаргах гэж толгойгоо гашилгасаар байгаа бололтой. Ингэж байгаад нэг айхтар том тоо гаргаж ирээд энэ хөрөнгийг даруйхан шийдвэрлэж өгөөтөх гэж шахах байх. Харин дараа дараагийн бороо, цас зуд, салхи, шуургыг яаж шуухан хохирол багатай давах вэ гэдгийг хэлж ярьдаг хүн байхгүй нь харамсалтай. Дараа жилийн өдийд бид дахиад л үерт дарлуулж, учирсан хохирлоо тоолж суухаас хэтрэхгүй гэдэгт итгээрэй. Учир нь асуудлыг дорвитойхон шийднэ гэсэн итгэл нэг л төрж өгөхгүй байна.

ЭХ СУРВАЛЖИЙН ЛИНК: https://news.caak.mn/view/8276368/

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • juanasi2: My unruffled engagement: http://pansy.projects.telrock. org
  • Henrypooli: https://www.google.ru/ b565a321a453 j8Leyw6d2Z
  • Violette: Pretty! This was a really wonderful article.Many thanks for supplying these details....
  • Stevennak: http://en-erteam.nprotect.com/ 2013/01/microsoft-security-bul letin-summary-for_9502.html...
  • Mitchel: What’s up to every , because I am genuinely eager of reading this webpage’s post to bbe updated...