|

Морьтон Монголчууд эрлийз адуунд “идүүлж” дуусах вий

Эрлийз гүү хүүхэд хазаад зогсохгүй мал, амьтанд халдаж, хүнд гэмтээсэн тохиолдол Хан-Уул дүүргийн Туул тосгонд өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэгвэл Мал, амьтны гоц халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн шинжилгээгээр “галзуу” өвчний вирус илэрсэн гэсэн дүгнэлт гарчээ. Уяач, морь уралдуулах сонирхолтой хүмүүс эрлийз адууг гаднаас оруулж ирэх, улмаар шинэ монгол адуу гаргаж ирнэ хэмээн үржил селекцийн ажлыг шинжлэх ухаанд суурилсан онолоор бус өөрсдийн дур зоргоор явуулах болсны үр дагавар юм биш байгаа.

 36112

Эрлийз адууг монгол адуутай хольж уралдуулдаг болсноор төрийн наадмаа хүндлэхээ больж, ёс заншлаа гээж байгаа тухай бид олон жил ярьсан. Бие томтой, сэрвээ өндөртэй, хэдэн машины хурдаар давхидаг эрлийз морьдын нуруун дээр нялх үрсээ тавьж явуулаад уралдуулах нэрээр амь насыг нь зольсон явдал ч цөөнгүй. Монгол морины ген устаж үгүй боллоо.

Хүйтэнд тэсвэргүй, эдэлгээ даахгүй чанар нь муудахад хүрэх нь гэж ярьж, бичдэг  ч энэ бүхэн нь төрийн сүлдэндээ морио шүтээн болгон залж, морины соёлд үндэсний дархлаагаа шингээн хадгалж ирсэн монголчуудын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэхэд хилсдэхгүй. Төрийн хараа сул, бодлого сул байгаа учраас монголчууд хүнтэйгээ, морьтойгоо эрлийз адуунд эхнээсээ “идүүлж” дуусахад хүрч байна бус уу гэсэн эмзэглэл төрж байна. Манай иргэд хойшоо Алтанбулагийн боомт, зүүн тийш Дорнод аймгийн нутаг Хавиргын боомтоор эрлийз адууг оруулж ирдэг. Их төлөв үүлдэр, угсаа нь тодорхойгүй гэсэн бичиг дагалддаг.

Эрлийз адууг амьдралын боломж бага, арав тавхан малтай жирийн малчин тэжээж, уралдуулах боломжгүй. Учир нь өвс тэжээл, жилийн дөрвөн улиралд хэрэглэх бордоо гээд зардал өндөр гардаг. Зөвхөн уяж уралдуулах зорилгоор тэжээж, борддог бөгөөд эзэд нь Их хурлын гишүүн, сайд, дарга нар байдаг нь нууц биш. Монголд эрлийз адуу оруулж ирэх, үржүүлэх, уралдуулах асуудлыг зохицуулдаг газар ч байдаггүй. Хяналт, шалгалт явуулдаг, хариуцдаг газар ч бараг алга. Энэ асуудалд ямар бодлого хэрэгтэй талаар адуу судлаачдын байр суурийг сонирхлоо.

Д.Самданжамц: ӨДИЙ 70 ГАРУЙ НАСЛАХДАА АДУУ ГАЛЗУУР