|

О.Сүхбаатар: Гурван голын эх ямар ч төрийн үед дархан байх ёстой

712-15344672543fd2d7_9103391304_5039f4bf1d_b_x974
“Монголын нууц товчоо”-ны эхний 10 бүлэг зохиогдсоны 790 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан “Зууны мэдээ” сонин “Нууц товчооны нууцаас” буландаа эрдэмтэн, судлаачдын цуврал ярилцлагыг хүргэж ирсэн билээ. Энэ удаа Чингис хаан их сургуулийн зөвлөх профессор, түүхч, судлаач О.Сүхбаатартай ярилцлаа.
-Та “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг газар, усны нэршил, Бурхан Халдун орчмын газар зүйн судалгааг хийсэн эрдэмтэн. Тэгэхээр Эзэн Чингис хаан яагаад гурван мөрний эхэнд хэнийг ч нутаглуулж болохгүй гэж захисан юм бол гэдгээс ярилцлагаа эхэлье?
-“Монголын нууц товчоо”-ы эхэнд Чингис хааны дээд язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ Чоно гэдэг хүний тухай “Тэнгис далайг гатлан Бурхан Халдун ууланд ирж Онон мөрний эхэнд нутаглав” гэж гардаг. Цаашдын үйл явдалд Онон, Хэрлэн, Туул гол нь Бурхан Халдунаас эх авч байгааг, тодруулбал гурван гол ойрхон нэг газраас эх авсныг олонтаа дурдсан байдаг. Гол үйл явдал, ялангуяа алтан ургийнхны уугуул нутаг нь гурван мөрний эх гэдгийг тодорхой зааж, онцгойлж үзсэн байдаг. “Монголын нууц товчоо”-ны 177 дугаар зүйлд Чингис хаан 1203 онд “Алтан, Хучир хоёрт явуулсан захидалдаа “Хиад монголчуудын жинхэнэ уугуул нутаг нь гурван мөрний эх учраас тэнд хэнийг ч нутаглуулж болохгүй” гэж захисан. Тэгэхээр ийм ариун дагшин газар байсан байгаа юм. Харин өнөө цагт манайхан тэр үгийг гадны хүнийг гишгүүлж болохгүй, бүү зорчуул, битгий явуул гэхчилэн хэтрүүлэн тайлбарлаад байна. Хэрэв хүн үзэхгүй, очихгүй, харахгүй бол тэр уулыг гадныхан мэдэхгүй, сурталчлахгүй, нутгийнхнаас нь өөр хүн бишрэхгүй. Харин “Бүү нутаглуул” гэдгийг олон түмэнд тодорхой сануулж, анхааруулж байх ёстой юм.
Өнөөгийн нөхцөлд энэ нь гадны хөрөнгө оруулалтгай компаниудыг тийш оруулахгүй байхаас эхэлнэ. Ер нь бол “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан бүх газрыг хамгаалалтад авч дархлах ёстой юм. Бусад улс орнууд их ‘хүмүүсийнхээ’ түүхэн дурсгалт газруудад уул уурхайн үйлдвэр огт байгуулаагүй. Тэр газруудаа дархалж, музей, үзэсгэлэн нээж, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаануудыг л явуулдаг байх жишээтэй. Тухайлбал, Францад их жанжин, эзэн хаан Наполеоны явж өнгөрсөн газруудад тэр нутгийн цэргийн, залуучуудын үйл ажиллагаа явагддаг. Орост их Петрийн яваад өнгөрсөн газраар дурсгалын самбар босгож хамгаалсан байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ Чингис хааныхаа төрж, өссөн, өчнөөн жил амьдарч, төрт улсаа байгуулж ирсэн газарт уул уурхайн лицензүүд өгч, амралт, аялал жуулчлалын газрууд барьчихаад байна. Дундговьд л гэхэд Чингис хааны Ван хантай богино хугацаанд ч гэсэн шийдвэрлэх тулаан хийсэн түүхт газарт Хятадын компани оччихсон жонш ухаж байгаа гэсэн. Жонш уу, өөр зүйл ухаж байна уу. Жонш нь өөр, өөр найрлагатай ч байгаа юм уу, бүү мэд.
-Гурван мөрний эх монголчуудын аж амьдрал, ирээдүйд нь ямар нөмөр, нөөлөгтэйг дурдсан өөр ямар баримтууд байдаг вэ?
-Бөртэ чоно, Бодончар мунхаг, Хабул хан, Есүхэй баатар, Чингис хаан болон түүний дараачийн хаад, Өгөөдэйн хаанчлалын эхэн хүртэл хэдэн зуун жил, магадгүй мянгаад жил гурван мөрний эх нутаг монголчуудын улс төрийн амьдралын төв байсан. Гурван мөрний эх Сибирийн ойн хамгийн урд зах. Тэгсэн атлаа хүйтэн чийглэг, намаг шалбаагтай Сибирийн ойг бодвол хуурай. Тиймээс ан амьтан, төрөл бүрийн эмийн ургамал ихтэй. Голуудын хөндийгөөр үргэлжилсэн намаг, шалбааг байхгүй, малын маш сайхан бэлчээр газар. Иймд нэлээн эртнээс эхлэн нүүдэлчид тэнд амьдарч ирсэн. Түүнийг батлах баримтууд нь тэнд түрүү үеийн булш, хиргисүүр, хөшөө олонтой. Ялангуяа буган чулуун хөшөө олон бий. Батгай хэлбэл, нүүдэлчид дөрвөн мянган жилийн өмнө тэнд олноороо аж төрж байсан.
Бид гурван гол гэж яриад байдаг, гадаад орны том мөрнүүдтэй харьцуулж тэгж хэлдэг. Тэгвэл монголчууд гурвууланг нь мөрөн гэж шүтэж, биширч ирсэн. Энэ дотроо Онон мөрөн одоогийн Монгол орны нутгаас гарч тухайн үеийн монгол овог аймгийн нэг, Жамухын эзэмшил байсан Жадран аймгийн нутгаар дамжин Хасарын эзэмшил байсан Ингэдэй /буриадаар: Ангида, оросоор: Ингода/ мөрөнд цутгадаг. Ингэдэй нь Шилэн /Шилка/ мөрөнд цутгаж, Шилка мөрөн цааш Амар мөрөнд цутгадаг. Хятадууд Хар мөрөн гэж нэрлэдэг. Яагаад гэвэл их устай гол боловч маш цэнгэг. Онон гол ингэж их далайд хүрдэг учраас их мөрөн /бэр мөрөн/. Хэрлэн мөрөн бол эцэг гол учир нь Хэнтийн уулнаас эх авч зүүн Монголын нутгаар дамжин урсч, тухайн үеийн монголчуудын нутаг, одоо ч монголчууд нутаглаж байгаа баргын Хөлөн нуурт цутгадаг. Өөрөөр хэлбэл, Монгол нутаг дотроо шингэж байгаа гол учраас эцэг гол гэдэг. Туул гол нөгөө хоёроосоо хэмжээгээр бага, нэлээн богино. Ийм учраас охин гол гэж нэрлэдэг. Ер нь Туул, тулуй гэдэг бага отгон, гэсэн утгатай юм. Хатан Туул гэдэг бол сүүлийн үеийн нэр. Онон мөрөнг Онон хатан ижий гэж нутгийнхан нэрлэдэг. Хэрлэнг “Хэрлэн мөрөн минь” гээд байхаас биш өөрөөр ярьдаггүй. Хамгийн гол нь гурван голын эх газар нүүдэлчин монголчуудад, дөрвөн улирлаар малаа маллахад нь маш тохиромжтой. Ган, зуд, уур амьсгалын бэрхшээл болох нь харьцангуй бага. Цаг хэцүүдсэн ч сэлгээд нүүх бололцоо ихтэй. Ган, зудад нүүдэлчид эрсдлээ гэхэд гурван жилийн дараа малаа хоёр дахин өсгөх байгалийн нөөц, бололцоотой газар. Өөрөөр хэлбэл, мал бүрэн устчихгүй. Хүнд үед гурван мөрний сав газрын аль нэг хэсэг рүү нүүгээд гарч чадах боломжтой.
Энэ талаар “Монголын нууц товчоо”-нд ч цөөнгүй дурдсан байгаа. Хэрлэнгийн адаг руу нүүж байгаа, Туулын сав газар руу нүүж тэнд адуугаа өвөлжүүлж байдаг, Хэрлэнгийн тохойгоос урагш адуугаа өвөлжүүлж байгаа гэхчлэн тодорхой үйл явдлууд гардаг. Гурван голын эх бүхэлдээ ойн болоод хээрийн ан амьтнаар баян. Загас элбэг, усны болон агнаж болох шувууд олонтой. Төрөл бүрийн эмийн ургамал ургадаг, үслэг ан ихтэй байгалийн цогцолбор газар. Сибирийн ой болохоор хэтэрхий хүйтэн учраас эмийн ургамдын төрөл цөөн, ан амьтан ховор. Үүнээс урагш хээр тал явж байгаад цөлийн бүс залгадаг. Тиймээс ус ургамал, ан амьтан мөн цөөн байдаг. Эндээс хангайн нуруу л Хэнтийн нуруутай ойролцоо, үүнээс өөр нүүдэлчдийн амьдралд түшигтэй нутаг үгүй. Ийм учраас гурван мөрний эх газрыг хүндэтгэж, хожим алтан ургийнхнаас бусдыг бүү нутаглуул гэж Чингис хаан захисны гол учир нь тэр.
-Чингис хааны үед монголчууд уул, овоогоо тахихаас гадна ус мөрөндөө ямар хүндэтгэл үзүүлж байсан юм бол?
-Одоогийнхон мэдэхгүй, мартаад байгаа болохоос монголчууд ус, голоо маш их тахиж шүтдэг байсан. Ялангуяа мал сүргээ өсгөх, эд хөрөнгөө арвижуулахад усыг их тахидаг. Яагаад гэвэл ус амьдралын эх үүсвэр. Иймд гол, нуурыг тахидаг. Энэ заншил Дундад зууны үед ч гэсэн нэлээд үргэлжилсэн. Сүүлийн үед уул тахих нь их болж, гол нууруудыг тахих нь багасчээ. Дундад зууны үе хүртэл энэ тахилга үргэлжилж байсныг Орхон голыг тахиж байсан эх сурвалжууд гэрчилдэг. Мөн “Монголын нууц товчоо”-нд гардаг Харилт нуурыг Арван хангал хурж тахидаг болсноос хойш Хангал гэж нэрлэсэн жишээнээс нь харж болно. Туул, Хэрлэн, Онон голоо тахидаг ёс байсан. Харин нийтийн тахилга байхгүй. Айл өрхүүд цацлаа өргөдөг ёс заншил бол хадгалагдаж үлдсэн. Монголчуудын усны тахилга тийм ч сүртэй биш, малын шимээр бий болсон шимийн архиар цацал өргөдөг. Ингэхдээ усандаа огт хүрэхгүй, гол руу юм оруулахгүй, ерөнхий чигт нь эрэг орчим нь очоод байгаль дэлхийд нь өргөдөг. Хамгийн гол зорилго нь уул хангайгаа хайрлах, дээдлэх чин сэтгэл, хишиг гуйх хүндлэлийг агуулж ирсэн. Сүүлд Манжийн үед мөнгөн морь, мөнгөн ембүү хааяа өргөдөг болсон явдал бий.
Монголчуудын ёсонд бол чин сэтгэл, сүсгийг гол болгож, “Мал сүрэг, эд хөрөнгийг минь ус шигээ арвин байлгаж хайрла” гээд шимийн архиар цацал өргөдөг байсан. Мөн гол мөрнийхөө усыг ариун байлгахад анхаардаг байсан. Барууныхан монголчуудыг гол мөрний усанд орохоос айдаг, хориглодог гээд л ярьж, бичдэг. Гэтэл хүн, малгүй голоосоо шууд уудаг учраас хүндэлдэг байж. Монголын “хар”, “хөх” гэж нэрлэсэн бүх гол, нуур нь амны ус. Ийм гол, нуурт усанд орохгүй, хувцсаа угаахгүй. Э