|

Завхан аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга Д.Батсайхан Танаа

35261

Эрхэм танд захидал хүрэх өдрийн мэндийг эрэн мэндчилье. Сайхан намаржиж байна уу?

2016 оны орон нутгийн сонгуулиар таны болон танай намын нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Завханы ард түмэн дэмжиж, итгэл үзүүлэн орон нутгийн бүх эрх мэдлийг өгсөн. Та бүгдийн ярьж амлаж байсан бүхэнд итгэж, нутаг орон маань хөгжих юм байна, иргэд бид ажилтай, орлоготой болж ядуурлаас гарах юм байна, үр хүүхдүүдийн маань сурч боловсрох орчин нөхцөл сайжрах юм байна гэж найдан, танд итгэл хүлээлгэсэн тэр цагаас хойш хоёр жил өнгөрчээ. Харин өнөөдөр байдал ямар байна вэ…? Би Завхан аймгийн иргэний хувиар, сөрөг хүчин болох МАН-ын хорооны тэргүүлэгчийн хувиар аймгийн Засаг дарга танд хандаж дараах асуулгуудыг тавьж, энэхүү нээлттэй захидлыг хүргүүлж байна. Асуух асуулт маш олон байна! Гэхдээ энэ удаа доорх цөөхөн хэдэн асуултаар товчилъё.

1. “Бөмбөрцгийн шоучин” Уул нь нутаг ус минь хутагт хувилгаадын өлгий, гэгээлэг мэргэд эрдэмтдээрээ алдартай, замын хүн саатмаар Завхан сайхан нутаг гэж магтагддаг байлаа. Харин сүүлийн үед бөмбөрцөгийн шоучдын нутаг, хөгжлөөрөө сүүл мушгисан аймаг гэж адлагддаг болжээ! Таны хийж буй үйлдэл, хэлж ярьж буй үг бүхнээс ганцхан зүйлийг харж болохоор байна. Тэр бол 2020 оны УИХ-ын сонгууль. Ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүн гэсэн өндөр сэнтийд залрах гэсэн адын хүсэлд чинь, сонгогч олны “тархийг угаах” гэсэн утга учиргүй “шоу”-нд чинь Завханы ард түмэн, өтгөс, хүүхэд, төрийн албан хаагчид түүгээр ч барахгүй танай намын нөхөд хүртэл туйлдаж байна.

Энэ бүгдийн чинь “үр дүнд” эрхэм сайхан нутаг минь ийм нэртэй болжээ!!! “Завхан аймгийн нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-тэй танилцаж багахан дүгнэлт хийлээ. Аймагт хийх нийт хөрөнгө оруулалт 31,6 тэрбум төгрөг байгаагаас таны захиран зарцуулах эрх мэдлийн хөрөнгө 11,2 тэрбум /ОНХС, ОНХО, ОНТ, ОНЗС/ төгрөг байна. Үүнээс 1,3 тэрбум төгрөгийг зөвхөн дээр хэлсэн “шоу” наадамд зарцуулахаар төлөвлөжээ. “Сайн…” гэх мэт ганган чамин нэртэй хөтөлбөрүүдийнхээ шоу арга хэмжээнд нийтдээ 622,5 сая төгрөг, Хурал, зөвлөгөөн, чуулган нэрээр зохион байгуулдаг нийтийг хамарсан зугаа цэнгэл, баяр наадамдаа /ер нь хүлээн авалт, архидалтаар дуусдаг, ямар ч үр дүнгүй шахам арга хэмжээнүүд/ 670,0 сая төгрөгийг үр дүнгүй үрэн таран хийхээр төлөвлөжээ.

Энэ бүгдийгээ төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, телевиз, сониноор рекламдахдаа 50,0 сая төгрөг зарцуулж байгаа юм байна.(Ер нь их мөнгө тавьсан нь ч мэдэгдэж л байна л даа ганцхан манай аймгийн мэдээ л байнга шахуу гарах юм.) Гэтэл энэ их хөрөнгөөр хэчнээн жижиг, дунд үйлдвэр бий болгож, хэдэн хүнийг ажлын байртай болгох бололцоо байсан бол? Одоо дөнгөн данган амь зууж буй хэчнээн бизнесийг дэмжиж, хөл дээр нь босгож хөгжүүлэх бололцоо байв аа!? Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зээл олгох зориулалттай 1 тэрбум 200 сая төгрөг чинь жинхэнэ хүрэх эзэддээ очсон уу? Өнөөдөр хэчнээн ажлын байр нэмэгдэв. Хэдэн хүн шинээр ажлын байртай болсон вэ? Шилэн дансны хуулийн дагуу тухайн жилийн батлагдсан төсөв, төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, худалдан авалт зэрэг мэдээллийг өөрийн цахим хуудсандаа байршуулж, олон түмэнд мэдээлэх үүрэгтэй. Харамсалтай нь, Завхан аймгийн ЗДТГ-ын цахим хуудсанд энэ тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа нь, ил захидал бичих “мэдээллийн хомсдолоос үүдэлтэй” нэгэн шалтгааныг нэмсэн гэдгийг дашрамд дурдъя.

2. Хэт улстөржилт Та сумдаар явж өөрийн намын гишүүдтэй уулзаж, баяр ёслол тэмдэглэхдээ “Өнгөрсөн хугацаанд МАН-ын 380 гаруй гишүүнийг ажлаас халж, оронд нь АН-ынхаа гишүүдийг ажлаар хангалаа” гэж сайрхан ярьсан дуулдана лээ. Үнэхээр тэгсээн! Та олон хүнийг нам таарахгүй гэж янз бүрийн аргаар дарамталж, ажлаас үндэслэлгүй халж, олон хүний, олон гэр бүлийн амьдралыг сүйтгэсэн. Олон хүн ч нутаг орноосоо дайжиж, олон сайхан залуу нутагтаа хөдөлмөрлөх аргагүй дүрвэж байна. Энэ хэтэрсэн улстөржилтөөс чинь болж та бидний төрсөн нутагт нэгэн сайхан эмэгтэй “зулын гол” болж Монгол орон даяар сэртхийн цочирдож байсан (Ийм аймшигтай зүйл урьд хожид болж байгаагүй юм шүү!!!).

Энэ бүгдээс сургамж авахгүй өнөөдөр хүртэл төрийн албан хаагчдыг “ Ажил дээрээ үлдэе гэвэл манай намд ор, үгүй бол ажлаа өг!” хэмээн дарамталсаар, зөвшөөрөөгүй нэгнийг нь ажлаас нь халах ажил чинь үргэлжилсээр байна. Ард түмнээ алагчилж, аминд нь хүртэл хүрч байгаа энэ улстөржилт чинь хэзээ зогсох вэ? Таны хууль бусаар ажлаас халсан төрийн албан хаагчид хууль шүүхийн байгууллагад хандаж, бараг бүх шийдвэр тэдний талд гарч, аймгийн ЗДТГ нөхөн төлбөрийн ихээхэн хэмжээний өрөнд орж, төлж чадахгүйн улмаас Тамгын газар дансаа хаалгасан байна. Энэ бол жинхэнэ гутамшиг шүү! /Төрийн захиргааны байгууллага дансаа хаалгасан тохиолдлыг би л лав санахгүй юм байна!!!/

3. Дэд бүтцийн “хөгжил” 2016 оны сумын иргэдийн хурлын сонгуулийн өмнө Та “замаар” нэг сайхан шоу хийсэн дээ. Ард иргэдээс хандив цуглуулж, өөрсдийн хүчээр Загастайн давааг янзаллаа гээд л… /Бодит байдал дээр аймгийн АЗЗА, төсөвт нь суусан байсан хөрөнгөөр хийсэн юм байна лээ/. Одоо удахгүй асфальт дэвсээд янзын болгоод өгнө гээд л… За манайхан яахав итгэдгээрээ итгээд л танай намыг бүх суманд ялуулсан /Нэгээс бусад/. Гэтэл өнөөдөр нөгөө зам маань хаа байнаа!? 2 жилийн өмнөхөөс долоон дор… Нөгөө БНХАУ-ын Элчин сайд ирээд,“өөрийн чинь хүсэлтээр” зам барьж өгөхөөр болоод гэрээ контрактанд гарын үсэг зурлаа гээд байсан яасан бэ? Ер нь Засгийн газрын шийдвэрийг зөвхөн өөрөө хийж байгаа мэт “шоудах” чинь хэтэрч байгаа юм биш үү!? 2017 онд “Нүүдэлчдийн соёлын наадам” гэж сүр дуулиантай арга хэмжээг 100 сая төгрөгөөр зохион байгуулсан. Олон мянган гадаадын жуулчин жил бүр ирнэ гэж бүх сумаас бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчдыг цуглуулсан. Харамсалтай нь, амлаад байсан жуулчид нь ирээгүй, хөөрхий муу бизнесийнхэн л цаг зав, мөнгө хөрөнгөөрөө “шатаж”, ариун дагшин байгаль, нутаг ус маань хогийн цэг, жорлон болж хоцорсон сураг байсан. Энэ арга хэмжээний чинь үр дүнд 2018 онд манай нутгаар гаднын хэдэн жуулчин ирсэн бэ? Орон нутагт хэдэн төгрөгний орлого оруулав?

4. “Муу зардал” Таны гаргасан 2018 оны есдүгээр сарын 03 ны 08/378 тоот захирамжийг харлаа. Аймгийн хэмжээнд нийт 24 сумын сургууль, цэцэрлэг болон соёлын байгууллагуудын халаалт өгөх хугацааг хойшлуулж есдүгээр сарын 15-нд биш аравдугаар сарын 1-нд өгөх тухай, тэндээс хэмнэгдсэн “муу зардлыг” өөр зүйлд зарцуулах тухай захирамжилжээ. Мөн сумдын дунд сургуулийн хүүхдүүдийн дотуур байранд орох хугацааг хойшлуулж хэмнэсэн хоолны зардлыг мөн өөр зүйлд зарцуулах тухай үүрэг өгөгджээ. Тэр хэмнэсэн гэх зардлыг /ойролцоогоор 300- 400 сая ¥/ “сайжруулж” 3000 морин хуурч тоглуулах, хүүхдүүдийг цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүү- лэх, мод цэвэрлүүлэх гэж казарманд байлгах зэрэг зар далд шилжүүлсэн бололтой. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, хүүхэд сурагчдаа дааруулж зутруулахгүй байх зардал нь “муу зардал” нэртэй харин “шоудах” нь “сайн зардал” гэсэн нэртэй болжээ. Энэ шийдвэрийг гаргахдаа та Эрчим хүчний тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн ба Эрчим хүчний сайдын 2018 оны наймдугаар сарын 23-ны 109 тоот тушаал, аймгийн ИХ-ын тогтоол, Төсвийн хууль зэрэг олон дүрэм, журам зөрчжээ. Ийм хууль зөрчсөн санхүүгийн шийдвэрүүд чинь хэрээс хэтэрчээ!

5. Төгсгөлд нь… Мэдээж аймгийн даргын алба амаргүй байх, сайн, муу бүхэн дагадаг байх. Ийм бодлоор таны болон танай багийн хийж гүйцэтгэж буй ажлыг ойлгож хандахыг хичээлээ. Даанч гялайх юм ховор байна даа! Харамсалтай байна! Арга ч үгүй юм байна. Таны хийсэн бүхэн 2020 оны УИХ-ын сонгууль гэсэн ганцхан зорилготой, ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүн болох гэсэн санаархалтай тул, үнэ цэнэгүй, ард түмэнд хүртээмжгүй болчихоод байна. Өөрөөр хэлбэл, та ганцхан өөрийгөө, амин хувиа дэндүү бодож байгаа юм байна. Та магадгүй гишүүн болоод яваад өгчихөж болно, үгүй ч байж болно. Нутаг чинь, нутгийн ард түмэн чинь үлдэнэ. Таныг дээш нь гаргах “шат” болсон ямар ч хөгжилгүй, хоцрогдсон, хулхидуулсан ард олон чинь л үлдэнэ. “Итгэж байсан нутгийн хүү маань ийм их боломж өгсөөр байтал хуруугаа ч хөдөлгөсөнгүй, сэтгэл гаргасангүй” хэмээн тэд гомдол өвөртлөн үлдэнэ. Санаа зөв бол заяа зөв гэж ардын сайхан үг байдгийг нутгийн ахад сануулахад илүүдэхгүй бололтой.

Жич: Энэхүү нээлттэй захидлыг орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжуулъя гэсэн боловч эрхэм Засаг даргын дарамт шахалтаас эмээсэн сэтгүүлчид тийм бололцоо олгосонгүй. Завханы асуудлыг нийтэд дэлгэж уншигч Та бүгдийг чилээсэндээ хүлцэл өчье! Дээр өгүүлсэн бүхэн баримттай ба тэдгээрийг хавсаргав.

Хүндэтгэсэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан Уул багийн иргэн, Завхан аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Зүүн бүс хариуцсан дэд дарга Лундаажанцангийн БАТСАЙХАН.

2018 оны аравдугаар сарын 05

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...