|

Шуурганы улмаас арав гаруй айлын гэр нуржээ

1457516086_12806083_1005519006194734_7204849280676876004_nБаруун бүсийн Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймагт арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд 1 гэр, Цагааннуур суманд 1 байшингийн дээврийн төмөр, Увс аймгийн Давст, Хяргас суманд 2 гэр, Завхан аймгийн Завханмандал, Тэс суманд 2 байшингийн дээврийн төмөр, Ховд аймгийн Дарви, Манхан, Чандмань суманд 10 гэр, нийт 4 аймгийн 10 суманд 13 гэр нурж, 3 байшингийн дээврийн төмөр хууларчээ.

Цаг агаарын аюулт үзэгдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор Баян-Өлгий аймгийн автозамын хөдөлгөөнийг 11-р сарын 30-ны өдрийн 22:00 цагаас, Говь-Алтай аймгийн автозамын хөдөлгөөнийг 12-р сарын 01-ний өдрийн 04:00 цагаас, Завхан аймгийн автозамын хөдөлгөөнийг мөн өдрийн 12:00 цагаас, Ховд аймгийн автозамын хөдөлгөөнийг 11-р сарын 30-ны өдрийн 22:00 цагаас түр хугацаагаар тус тус хаасан байна. Харин Увс аймгийн автозамын хөдөлгөөнийг 11-р сарын 30-ны өдрийн 20:00 цагаас түр хугацаагаар хааж, 12-р сарын 01-ний өдрийн 17:30 цагт нээж хэвийн ажиллагаанд оруулжээ.

Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Хар толгойн-Үзүүр” гэдэг газар Тэс сумын Дооно багаас Зүр багийн чиглэлд зорчиж явсан тус сумын харьяат иргэн Г-ийн эзэмшлийн “Форестер” загварын суудлын автомашин 6 зорчигчтой цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 12.01-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 18:40 цагт очиж, тус сумын харьяат иргэн О /44 настай, эмэгтэй/, иргэн Г /32 настай эрэгтэй/, иргэн Г/30 настай, эмэгтэй/, иргэн Г/29 настай эрэгтэй/, М /6 настай, эмэгтэй/, Б /5 настай, эрэгтэй/ нарыг Тэс суманд тээвэрлэн авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Улаан хадны-Ам” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б-ийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин “Орхон” голд суусан тухай дуудлагыг 12-р сарын 01-ний өдрийн 22:05 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 22:47 цагт очиж, тус сумын харьяат иргэн Б /55 настай, эрэгтэй/, иргэн Н /25 настай, эрэгтэй/ нарыг Хархорин суманд авчирч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Холбоотой мэдээлэл :