|

МИНИЙ СУМЫН НЭГДЭЛ…

403

Хөдөлмөр хоршихын эхлэл болсон НЭГДЭЛ. Миний сумын нэгдэл тоогоор билэгдсэн нэртэй. Хөхморьт сумын “35 жил” нэгдэл. Тэр үед нэгдлүүд их сонин нэртэй байсан. “Лениний зам”, “Сүхбаатарын туг”, “Хөдөлмөрийн төлөө”, “Чойбалсанч”, “Батнайрамдал”, “Улаантуг”, “Давшилт”, “Анхдугаар таван жил”, “Саруул зам”, …гээд дандаа л уриа лоозон шүү дээ. Миний сумын нэгдэл бол ердөө л “35 жил”. Сум-нэгдлийн дарга гэж хоёр ажлыг нэг дарга хавсарна. Өөрөөр хэлвэл улс төр, аж ахуй хоёр нэгдэл нягтралтай гэсэн үг л дээ. Одоогоор бол Улсын Их хурлын дарга нь Ерөнхий сайдаа хавсарч байна гэсэн үгтэй агаар нэг. Гэлээ ч тэр үед идэж ууж шамшигдуулах, авилга энэ тэр бараг л байсангүй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө гэж хэлж болно. Хүүхэд байхад юмны учрыг нарийн мэдэх биш. Гончигсүрэн дарга л явж байвал миний сумын нэгдүгээр хүн гэж ойлгоно. Аргагүй шүү дээ, сум-нэгдлийн дарга юм чинь. Сумын хамгийн баян байгууллага бол нэгдэл. Мал нэгдлийнх, машин тэрэг нэгдлийнх, агуулах сав нэгдлийнх, ажил төрөл нэгдлийнх…Хоньчин аав минь “35 жил” нэгдлийн хоньчин. Хариулж байгаа хонь нь нэгдлийнх…Сааж байгаа сүү, савалж байгаа ноос нь нэгдлийнх. Аминдаа 70 толгой малтай. Илүү гарвал хураалгана. Аминдаа хоньгүй айл авгайгаа төрөхөд нэгдлийн даргаараа “шөлний хонины бичиг” цохуулна. Нэгдлийн хашаа гэж нэг юм байна. Хэдэн машин, трактор байна. Одоо болтол дугаарыг нь тогтоосон машин бол ЗИЛ-164 маркийн ГО-55-01 дугаартай бор ногоон өнгөтэй машин. Жолооч нь миний хүүхэд ахуйд Ийеэ буюу Ившинхорол гэдэг жирэвгэр сахалтай, өтгөн хөмсөгтэй, эр хонгор дуутай бор хүн байлаа. Хүмүүс “И багш” л гэнэ. Харсаар байтал жолооч нөхрийг багш гэдэг нь ямар учиртай юм бол гэж гайхна. Сүүлдээ ойлгосон л доо. Дээр үедээ багш байсан болохоор ингэж дууддагийг мэдсэн хэрэг. Энэ хүн хийсэн ажил бүхнээ чамбай сайн хийдгийн жишээ бол хожим нь улсын аварга малчин болсон. Миний нэгдэл бол “Бүх ард түмний социалист уралдаан”-д түрүүлж, төв дөрвөн байгууллагын туг мөнгөн шагнал, ЗИЛ-164 машинаар шагнагдсан юм. Тэр ЗИЛ-164 маркийн тэргийг миний хүүхэд ахуйд Бизьяа гэж хүн жолооддог байлаа. Хаалган дээр нь алтан үсгээр тэр шагналыг нь жирийтэл бичсэн тэрэг байсан даа. Ингээд уртаашаа хоёр ЗИЛ- 164-тэй, хоёр ЗИС-5-тай, өөр бусад хөнгөн тэрэг энэ тэр