|

Нийтийн тээвэр хэзээ бүх нийтийнх болох вэ

niitiin teever 2

Нийслэлчүүдийг нийтийн тээвэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Түгжрэлийг бууруулах нэг гарц нь яах аргагүй нийтийн тээвэр.

Улаанбаатарчууд нийтийн тээврээ хөгжүүлэхээр 2015 оноос ухаалаг систем рүү шилжүүлсэн. Гэвч ухаалаг систем рүү шилжиж буй нийтийн тээвэрт доголдолтой асуудал олон бий. Хэдийгээр нийтийн тээвэр ухаалаг системтэй болж, иргэд үнэ төлбөргүй дамжин суух эрх эдлэн, банкны карт, гар утсаа уншуулан зорчих болсон гээд олон дэвшилтэт талууд байгаа ч түгжрэлийг буурахад энэ бүхэн төдийлөн нөлөөлөхгүй байгаа нь харамсалтай. Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн хоёр, хувийн 17 аж ахуйн нэгжийн 1150 автобус байгаагийн 940 нь өдөр тутамд 89 чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Тэдгээрийн 16 нь залгаа автобус, 839 нь их багтаамжийн автобус, 33 нь троллейбус, 39 нь дунд оврын автобус ажээ. Хангалттай хэмжээний автобус нийслэлчүүдэд үйлчилж байгаа мэт харагдавч хангалтгүй байгаа нь нэг зүйлээс харагдана. Тодруулбал, нийтийн тээврийн автобуснуудаас гадна өдөр бүр 108 микро автобус, 808 такси нийслэлчүүдэд үйлчилж байна гэсэн судалгааны дүн гарчээ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй автобус компаниуд зах зээлийнхээ эрэлтийг хангаж, иргэдийн хүсэл сонирхолд нийцэж ажиллахгүй байгаа учраас дээрх микро автобус, таксинууд тэдний үлдээсэн орон зайг нөхөж байна. Хэрэв зах зээлийн орон зай байхгүй байсан бол ийм олон микро автобус, такси үйлчилгээнд явахгүй байх байлаа. Мөн нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобуснууд ихэнх нь 10 жил явсан, элэгдэл ихтэй, хар утаа саагуулдаг, өвөл нь хөлдүү, зун нь бүгчим гээд сайнаасаа саар нь их. Ийм л тээврийн хэрэгслээр улаанбаатарчууд бид хөл дүүжилж явна. Тиймээс өнгөрсөн оны төгсгөлд буюу арванхоёрдугаар сарын 31-нд 2006 онд үйлдвэрлэсэн 75 их багтаамжийн автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасжээ.

Солонгост найман жил явж км-ын заалт нь 600 мянгад хүрээд актлагдсан автобусыг засаж будаад Монголд авчирч, дахиад дөрвөн жил ашиглаж буйгаас хуучин автобус агаарын бохирдлыг нэмэгдүүлэх болсон

2018 онд нийтдээ 190 том болон дунд оврын автобусаар парк шинэчлэлт хийжээ. Гэхдээ манайд шинэчлэлт нэрээр орж ирж байгаа эдгээр автобус нь Солонгост насжилтаараа нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан автобуснууд юм байна. Тодруулбал, Солонгост найман жил явж км-ын заалт нь 600 мянгад хүрээд актлагдсан автобусыг засаж будаад Монголд авчирч, дахиад дөрвөн жил ашиглаж буйгаас хуучин автобус агаарын бохирдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зорчигчдын тав тух, аюулгүй байдалд сөрөг нөлөөлж байгааг эх сурвалж хэллээ. Гэхдээ үүнийг бас буруутгахад хэцүү юм. Учир нь, шинэчлэлт нэртэй хуучин автобусны нийлүүлэлтийг улсын төсвийн хөрөнгөөр бус хувийн хэвшлийнхэн өөрсдийнхөө хөрөнгөөр хийдэг юм. Харин улсын хөрөнгөөр нийтийн тээврийг 2009 онд 400, 2015 онд 70 автобусаар шинэчилсэн байдаг.

Ийнхүү нийтийн тээврээ шинэчлэхээс гадна дэд бүтцээ сайжруулах зайлшгүй шаардлагатай байгааг үүсч буй хүндрэл бэрхшээлүүд харуулж байна. Нийслэлийн дэд бүтэц муугаас үүдэлтэй автобусны чиглэлийн давхардал нь түгжрэл үүсгэх хамгийн том шалтгаан болдог. Төв замын нэг автобусны буудалд 10-аас дээш чиглэлийн автобус зогсдог. Буудалдаа багтаж ядан цуваа үүсгэсэн автобуснууд нь Улаанбаатар метротой болчихсон бил үү гэж харагдахаар урт дараалал үүсгэдэг. Тухайлбал баруун дөрвөн замын чиглэлд явдаг автобусны буудал дээр 14 чиглэлийн автобус зогсож байх жишээтэй. Нийтийн тээвэрт төлбөрийн картаар зорчиж буй иргэдийн 56 хувь нь төлбөрөө 100 хувь хувиасаа төлдөг байна. Бусад зорчигчийн төлбөрийг төсвөөс төлж байна. Үүнд хүүхэд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, цагдаа, хүндэт донорууд багтаж байгаа юм. Эдгээр зорчигчийн өмнөөс төлдөг нийтийн тээврийн нөхөн олговорт 2017 онд 35.1, 2018 онд 32 тэрбум төгрөг зарцуулжээ.

Харин энэ онд 33.4 тэрбумыг нөхөн олговор хэлбэрээр олгох юм байна. Ер нь нийтийн тээврийн үйлчилгээнд хөнгөлөлт эдэлдэг иргэдийн өмнөөс жилд 33-35 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгодог аж. 2015 онд нийтийн тээврийн ухаалаг системийг нэвтрүүлж зорчигчдын бодит урсгалыг тоолдог болсноор төсвөөс олгодог нөхөн олговрын хэмжээ буурчээ. Түүнээс өмнө зорчигдын тоог нарийн гаргах боломжгүй байсан учраас жил бүр 53 тэрбум төгрөгийн нөхөн олговор өгдөг байжээ. Энэ мэтээр нийтийн тээврийн салбар хөгжиж шинэчлэгдэж байгаа мэт боловч нийтийн гэдэг нэрэндээ хүрч нийтэд үйлчлэх хүчин чадалгүй байгаа нь харамсалтай.

Г.Даша

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Secure Messenger: Sites of interest we’ve a link to
  • SeventyOne: Wonderful story, reckoned we could combine several unrelated information, nevertheless definitely worth...
  • Threema Messenger: always a large fan of linking to bloggers that I enjoy but dont get a whole lot of link really...
  • Coca Cola Zero Sugar: Here are a number of the websites we recommend for our visitors
  • black hole: My husband and i ended up being really fortunate Albert could conclude his investigation from your...