|

Ус улсын хөгжлийг захирч эхэллээ

2448

Монголын хөгжлийн цохилох зүрх болсон уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн хоолойг усны хомсдол боомилж эхэллээ.

Хүн ам харангадан үхэх цаг болоогүй хэмээн албаныхан биднийг тайвшруулах зуур улсын хөгжлийн гол салбарууд усаар ангаж эхлэв. Орчин цагийн Монголын хөгжлийн үүц болсон өмнийн говь усны эх үүсвэрийн өмнө өвдөг сөхөрсөн. Уурхай баялгийн өлгий болсон энэ бүсэд сүндэрлэн босох үйлдвэр станц, хот суурины жагсаалт цаасан дээр сунан уртассаар буй ч усны найдвартай эх үүсвэрийн эдгээр төслийн унагах дэгээ, гацаах занга нь болчихоод байна. Усны дутагдал хэдэн жилийн өмнөөс стратегийн ордуудын хоолойг боомилж эхэлсэн. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн жилд 20 сая тонн нүүрс угаах хүчин чадал бүхий үйлдвэр гэхэд усны эх үүсвэрээс үүдэн саатсаныг удирдлагууд нь учирлаж байв.

Тэгвэл Оюутолгойн өрмийг монголчуудад хүртээх зэс хайлах үйлдвэрийн төсөл ч өнөө хэр удааширч буйн гол шалтгаан нь өнөөх л усны хангамж болчихоод байгааг төслийн нэгжээс мэдээлсэн юм.

Эдүгээ Монгол Улс үйлдвэрлэлээ хязгаарлах уу, эсвэл үйлдвэрүүдийг хүссэн хэмжээгээр нь усаар хангаад нөөцөө барах уу гэх хоёр сонголтын өмнө байна гэж Усны үндэсний төвийн дэд захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг хэлж байна. Ер нь томоохон үйлдвэрүүдийн хувь заяаг хөрөнгө мөнгөнөөс гадна усан хангамж шийдэх болжээ. Хүчин чадал нь хэдэн саяар хэмжигдэх нүүрс баяжуулах 7-8 үйлдвэрийг өмнийн говьд ойрын жилүүдэд байгуулах зураглал бий болсон. Эдгээр төслийн усны нийт хэрэглээ 2978 литр/секундэд хүрэх тооцоо гарчээ. Гэтэл нэмүү өртөг дотоодод шингээж, экспортын орлогыг нэмэгдүүлэх учиртай боловсруулах үйлдвэрийн амин тэжээл болох усны урт хугацааны найдвартай эх үүсвэр найдваргүй хэвээр.

Дээрээс нь нүүрсний ганц гол худалдан авагч болох БНХАУ-ын Засгийн газар орчны бохирдолтой тэмцэхийн тулд импортын нүүрсний нүүрийг угаахыг шаардсаар байгаа. Ер нь анхан шатны боловсруулалт хийгээгүй нүүрсэнд БНХАУ-ын зах зээл улам хаалттай болохыг тус улсын албаныхан анхааруулж буй. Иймд худалдан авагчийн хүсэл, хэрэгцээг хангаж, түүхий нүүрсээ ахиу үнэд хүргэхийн тулд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж  буй компаниуд баяжуулах үйлдвэрүүд байгуулахаас өөр гарцгүй болчихоод байгаа юм. Гэтэл Монголын нүүрсийг магнагт гаргах ус, эрчим хүч зэрэг гол эх үүсвэр тодорхойгүй байна.

Уул уурхайн орд, үйлдвэрээс гадна бүтээн байгуулалтын төслүүд ч усны дутагдалтай нүүр тулсан. Уул уурхайн хөгжлийн шинэ цэг болох Өмнөговь аймгийн Ханбогд сумыг Эрдэнэтийн дайтай хот болгох хэрэгтэй гэж хэн хүнгүй хэлдэг. Гэтэл Ханбогдыг хот шиг хот болгоход усны хомсдол гол сорилтын нэг болох төлөвтэй байгаа аж. Зөвхөн Ханбогд гэлтгүй Монголын хөгжлийг шинэ шатанд аваачих учиртай Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын төслийг гацаасан нэг шалтгаан нь бас л ус байсан билээ. Олон улсын хөндлөнгийн байгууллага уг төслийг судлаад, усан хангамжаа шийдэхгүйгээр энэ бүтээн байгуулалт урагшлах боломжгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган “Нэмэлт эх үүсвэргүйгээр говийн өсөн нэмэгдэх усны эрэлтийг хангах боломжгүй” гэж хариуллаа.

Уул уурхай, үйлдвэрлэл зэрэг хөгжлийн зүтгүүртэй зэрэгцээд хөдөө аж ахуйн салбарт усны хомсдол нүүрлэв. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас олон арван булаг шанд, гол горхи доройтсон. 2018 оны байдлаар манай улсын мал сүргийн тоо толгой 66 саяыг  давсан ч бэлчээр усжуулалт 40 орчим хувьтай байгааг Монгол Улсын Ерөнхий сайдын УИХ-ын чуулганд хийсэн мэдэгдэлд дурдсан байна.

Үүнтэй зэрэгцээд гангийн давтамж нэмэгдсэнээр өвс, ус дагасан нүүдэл хөдөө, орон нутаг даяар тасралтгүй өрнөж байна. Малаа харангадаж үхүүлэхгүйн тулд малчид өвс даган нүүдэллэж байгаа ч ангах аюултай нүүр тулаад байгаа аж. Тухайлбал, Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын түшиц бүс гэгддэг Дорнод аймагт ус хамгийн үнэтэй хэрэгцээ болоод байна.

Хэдэн малаа хамар хатгах өвстэй байлгахын тулд Төв аймгаас Дорнод руу шилжсэн иргэн Г.Сайхнаа өнгөрсөн жил хүн, малын усны төлбөрт 10 сая төгрөг төлжээ. Дорнодын тал нутаг хөрсний үржил шим, өвсний гарц сайтай ч хүн, мал ундаалах усны эх үүсвэр энэ нутгийн малчдын шүдний өвчин болчихоод байгаа аж.

Мал сүрэг ангах аюул энэ хавар нүүрлээд байгааг салбарын яамнаас анхааруулсан. ХХААХҮЯ-ны Ажлын хэсэг өвөлжилтөд нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Энэ жил ихэнх нутгаар цас ороогүйн улмаас мал усгүйдэж эхэлжээ. Тиймээс малчид малаа 3-5 километрийн  цаанаас тууж усалж байгаа аж. Албаныхан ч ундны ус зөөх автомашин олгох, цэвэр усны эх үүсвэрээр хангах ажлыг эхлүүлжээ. Манай улсад жилд 564.8 шоо метр усны нөөц бүрэлдэн бий болдог бол 500 орчим сая шоо метрийг хэрэглэдэг. 2020 он гэхэд энэ хэрэглээ 2.7 дахин өсөх тооцоо гарчээ.

• Эдүгээ Монгол Улс үйлдвэрлэлээ хязгаарлах уу, эсвэл үйлдвэрүүдийг хүссэн хэмжээгээр нь усаар хангаад нөөцөө барах уу гэх хоёр сонголтын өмнө байна. 

• Хүчин чадал нь хэдэн саяар хэмжигдэх нүүрс баяжуулах 7-8 үйлдвэрийг өмнийн говьд ойрын жилүүдэд байгуулах зураглал бий болсон. 

• Нэмүү өртөг дотоодод шингээж, экспортын орлогыг нэмэгдүүлэх учиртай боловсруулах үйлдвэрийн амин тэжээл болох усны урт хугацааны найдвартай эх үүсвэр найдваргүй хэвээр.

Усны нөөцийн талаар ярихаар зөвхөн цэвэр цэнгэг, ундны усыг хөндөж, тойрон хэлэлцэх нь бий. Тухай бүрт албаныхан харангадах аюул хараахан болоогүй хэмээн тайтгаруулж, арванаар хэмжигдсэн алс ирээдүйд усны нөөц хорогдоно гэж ам тагладаг. Биднийг алс хол он цагийг бодон, аанай л амарлингуй суух зуур эдийн засгийн хөгжлийн амьсгалах агаар болдог усан хангамж том төслүүдийн хоолойг боомилж эхэллээ. Ялангуяа, Монголын хөгжлийн цохилох зүрх болсон уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хотжилт усан хангамжгүйгээс амь тавихад хүрээд байна.

Амьд бүхэн удахгүй дусал ч усгүй болж хүн, малгүй харангадах аюулыг сөрөх нь хамгаас чухал. Гэхдээ энэ гачлан Монголыг өсөн дэвжээх гол салбарын өнөөгийн өнгө төрх болчихлоо. Тиймээс олон жил тоть шиг давтаж, одоо бүр улиг болсон Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын сав газрын усны төслүүдээ урагшлуулж, саарал усны ашиглалтыг дэмжиж, чандмань эрдэнийн хайгуулыг нь цаг алдалгүй эрчимжүүлэх шаардлага тулгарсаар байна.

Эх сурвалж: zgm.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • music notes art: Thank you a bunch for sharing this with all people you really recognise what you’re speaking...
  • SeventyOne: below you will discover the link to some websites that we feel you ought to visit
  • Secure Messenger: although web-sites we backlink to beneath are considerably not connected to ours, we really feel...
  • art photography famous: great publish, very informative. I wonder why the other specialists of this sector do not...
  • airline tickets: Good ¡V I should certainly pronounce, impressed with your web site. I had no trouble navigating...