|

20.000-ийн ваучер ба “Номин” электроникс

nomin11Нүүдэлчин түмний үндэсний уламжлалт баяр цагаан cap дөхөх тусам худалдаа үйлчилгээний томоохон газрууд шил даран хямдрал зарлаж, ганзагын наймаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж баяр, цэнгэлээс бултаж үзээгүй ард иргэдийн амьсгаа дээрдэж, уушиг хордуулах утаа ч яах уу, ууцны үнэ өсөөд байдаг л хэцүү юм хэмээн баахан шаналж байдгаа тоолж буй нь өнөөдрийн нэрэлхүү Монголын зан  ажээ. Цагаан сарын гол бэлгэдэл ууц, өвчүү, цагаан идээний үнэ наймаачдын буянаар сар хагасын өмнөөс л цадигаа алдан нэмэгдсэн бол үндэсний шилдэг гэгддэг томоохон компаниуд “ваучертай”, сугалаатай, бэлэгтэй, цочир гээд л бөөн хямдралыг цаагуур чинь нэг зарлаад эх орны хишгийг зүүдэндээ халаасалж эдийн засгийн хямралд өртсөн ядарсан иргэдийг харин ч нэг нүүрний баясгалантай болгож байна.
Харамсалтай нь тэдгээр хэл хугалам хямдралуудын зарим нь сэрүүн зүүд байсныг газар дээр нь очиж, ганц сайн танилцсаныхаа дараа ойлгов. Учир юу вэ гэвэл, үнэ хямдарсан дээр нь ухааны юм бодон цалин гэж авсан хэдэн бор төгрөгийнхөө хуримтлал дээр ах дүүгээс зээлсэн мөнгөө нэмж халааслаад өнгөрөгч долоо хоног буюу нэгдүгээр сарын 16-ны ням гаригт хөргөгч зурагт хоёр авчих санаатай нөгөө хэдэн “үндэсний шилдэг” гэгдэх цахилгаан барааны дэлгүүрүүдээр хөлийн тавхайгаа ёстой эргэтэл хэслээ. Эхлээд 3,4-р хорооллын эцэст байрлах “BSB Megastore”-ыг зорин очив оо. Өөрийн өрөөлийн нийлсэн хэдэн бор юм атгасан би ч яахав соёлыг гайхан сонголтоо хийсэн шиг л додигор амьтан дээд доод давхраар нь баахан холхиж, үнэ ханш марк төрлийг нь цаасан дээр бичиж аваад л бусад дэлгүүртэй харьцуулж бас ч гэж бонус хөнгөлөлтийн картаа ашиглаж баруун аймгийн нутгийн ахад хөрөнгө оруулалт оруулах дов жалгын жинхэнэ монгол үзэл цээжиндээ өвөртлөн  “Номин” электрониксийн хороолол дахь салбар руу шууд чиглээд л алхав. Дэлгүүрээр ортол хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй, сонголтоо хийгээд л худалдаа наймаа бужигнаад л юм юм л болж байна. “Номин”-д даанч миний хайсан загварын хөргөгч нь алга байсан ч авахыг хүссэн зурагт нь харин байж байдаг юм байна. Бүр байх байхдаа “BSB”-с  20 орчим мянган төгрөгөөр хямд байгаад нь олзуурхан бонус карт ашиглаад дээрээс нь сугалаа сугалан бас болоогүй ваучер ашиглах хожоо бодон хөргөгчтэй нь хамт нэг дороос авчих санаатай дэмий л марк төрлийг нь хэлэн борлуулагч залуугаас нь бусад салбаруудаар нь миний хайсан бараа бий эсэхийг асуутал бохь зажилсан дэгжин хархүү “Улсын их дэлгүүрийн салбарт байгаа байх ах аа, та тийшээ оч” гэж үнэтэй зөвлөгөө өглөө. Би гэдэг хүн ч яахав үнэгүй юманд нугасгүй гэгчээр сугалах сугалааныхаа тоог гаргасан шигээ хотын төвийг зорилоо. УИД-ийн цахилгаан барааны тасагт очтол хороолол дахь салбараас хөл хөдөлгөөн багатай байсанд олзуурхан хайсан зүйлээ олох гээд чадахгүй болохоор борлуулагчийг нь дуудтал тэр нь ч бас байдаггүй. Нэгэнт цаг зав гарган зорин ирсэн хүн борлуулагчтай нь уулзах гэж 30 орчим минут хүлээсний эцэст нүүр тулан авах гэж буй зүйлээ сураглавал “Манай энд байхгүй ш дээ ах аа, та манай бусад салбараас асуу” гэлээ.
Хороолол, хотын төв хоёрын хооронд тэнэсэн дурны хонгио яахав жаал залхуурах санаатай чи утасдаад өөр салбараасаа асуугаад өг гэтэл “Та өөрөө утасд надаа нэгж байхгүй, эсхүл манай менежерээс асуу. Энхбаяр гэж хүн одоо ахалж байнa” гэлээ. Нөгөө Энхбаяр ахлагчийг нь олж очтол кассны дэргэд хэдэн хүүхэнтэй инээж хөхрөөд манийг хүн гэж тоож байгаа ч юм алга. Арай ядан уучлаарай энэ тэр гэж байгаад амнаас нь хэдэн үг унагаавал “Би ярьж чадахгүй, асуумаар байгаа  бол өөрөө асуу. Үгүй бол Андууд дээр байгаа манай салбарт очоод үз” гэлээ. За нэгэнт л хэрэглэхээс гайгүйхэн юм үзэж харж байгаад авсан нь дээр гэж бодохын сацуу  “хэрэглэгч нь хаан бил үү, үйлчлэгч нь хаан бил үү” гэсэншүү уймраа бодолдоо автан Андууд төвд байрлах “Номин”-ийн салбарыг зорилоо. Андуудын салбараар ортол “Номин” гэсэн бичиг бүхий хувцас өмсөж тас тас хөхрөлдөж буу халсан шигээ эр, эм нийлсэн хэдэн хүн үүдэнд хөндөлсөж байна аа.
Би ч яахав гандан буурахгүй зөрчих үү хө ухааны юм ярингаа жижүүрийн ганц асуултаа давтан танайд тийм маркийн хөргөгч, зурагт байна уу гэтэл “Хөргөгч нь алга, зурагт нь байна” гээд булан ирмэг нь хагарсан зурагт руу дохьмор аядаад борлуулагч залуу нь гүйгээд явчихав. За ер нь бүтэхгүй юм байна гэж бодонгоо худалдаа наймаа хийвэл сайн гэж уншсан өглөөний зурхайгаа бодон 3, 4-р хорооллын эцэст байрлах BSB рүү явлаа. “Номин” компанийн  үйлчилгээний ажилтнуудынх нь бүдүүлэг, хэрэглэгчээ үл ойшоосон харилцаанд бухимдсан надад BSB дэлгүүрийн борлуулагч залуу харин ч нэг “хэрэглэгч та хаан” гэсэн үгийг ойлгуулж өгөв. “За ах аа танд юу хэрэгтэй байна, та сонголтоо хийж бай. Би  өөр нэг хүнд нэг зүйл тайлбарлачихаад танд тусалъя, өөр хайж байгаа зүйл байна уу” гээд л шуурхай байгаа нь баярлууштай. Хөргөгч сонголоо, одоо ах нь зурагт авмаар байна үнийг нь энэ хямдарснаас дахин хямдруулж болох уу гэтэл би хөргөгч л хариуцдаг гэхдээ менежерээс асууж өгье гээд шууд л “өөрийн”-хөө гар утсаар асууж өгч байна аа. “Номин”-оос тэс өөр харилцаатайд нь баярлаад л ах нь залгах уу гэтэл “Өө би залгаад ярьчихлаа, Та хэрэггүй” гээд л  “өөр үйлчилгээ” үзүүллээ. Худалдан авсан бараандаа та 3 ширхэг сугалаа сугалаарай, сугалаа бүхэн урамшуулалтай. Мөн Та хөнгөлөлтийн карт аваарай гээд л шуурхай гэж жигтэйхэн. Сугалаа сугалж байхдаа за би ч азгүй л дээ ухааны юм бодон сугалтал 5 доллар болон “Интер” номын дэлгүүрээс 10 мянган төгрөгт ном авах эрх сугалав аа чи минь.
Ингээд л өдөржин дэмий явснаа бодсон бухимдал арилан хэдэн цаасны татууг бодон хажууханд нь байрлах “Номин”-оос зурагт авахаар орлоо. Зурагт ямартай ч “BSB”-ээс хямд юм, бас бонус картанд нэмэгдэнэ, дээр нь ваучераар нь цахилгаан бараа авангаа азаа үзнэ дээ гээд л хүссэн зурагтаа авангаа 11 ширхэг сугалаа урамшуулалд нь сугаллаа. Гэтэл юу вэ?! Сугалсан сугалааны маань 10 ширхэг нь “Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэсэн сайхан ерөөлтэй үлдсэн нэгт нь “Phillips” гэсэн бичиг бүхий гар нүүрний саван багтах “кошлок” таардаг байгаа.
Гэсэн хэдий ч за бэлгийн морины шүдийг үздэггүй ухааны юм бодон ширхэг бүр нь 20 мянган  төгрөгтэй тэнцэх 4 ширхэг буюу 80 мянган төгрөгтэй тэнцэх ваучераа барин додигор амьтан сар шинийг бодон буузны жигнүүр авах гэтэл “Өө та наадхаараа зөвхөн электрон бараа л авна шүү” гэлээ. Урам хугарсан би гэдэг хүн хэрэгтэй цахилгаан бараагаа дараа нь авна гэж бодон тэр өдрийн аяллаа дуусгалаа.
Гэртээ очоод нөгөө “Номин”-ийн ваучераа сайн гэгч нь үзтэл 2011 оны 2-р сарын 13-ны дотор худалдан авалт хийхгүй бол хүчингүй болохыг анхааруулжээ. Сануулгыг ойлгосон би  80 мянган төгрөгийг салхинд хийсгэхгүйн тулд танил талаасаа хэдэн цаас нэмж зээлээд 1-р сарын 19-ний өдөр УИД-ийн “Номин”-г зорилоо. Тэндээс өөрт хэрэгтэй үнэ хямдарснаар нь будаа агшаагч сонгоод бүх “ваучер”-аа зөрүү хэдэн төгрөгтэйгээ барин авах гэтэл хэрэг бишдээд явчихав аа.
Учир нь нөгөө сүрхий ваучерыг нь би  бүгдийг нь нэг бараан дээр ашиглахгүй ширхэг тус бүрээр нь буюу 4 ширхэг цахилгаан бараа авч байж л дуустал ашиглах юм байна. Надад ердөө ганцхан ширхэг будаа агшаагч хэрэгтэй байдаг… бусад ваучерыг нь салхинд хийсгэмээргүй байдаг….Аргаа бараад би гэдэг хүн менежертэй чинь ярьж болох уу гэтэл борлуулагч залуу нь 990956хх гэсэн дугаар өгөөд  “Ах аа энэ дугаар руу ярь. Цагаан сарын урамшууллыг санаачилсан манай менежер байгаа юм” гэлээ. Менежертэй нь ярьтал урдаас “Та ваучераа ашиглах гэж байгаа бол 4 ширхэг цахилгаан бараа ав” гэж байх юм. Амьдралаас тасарчихсан ийм  хариултад би үнэндээ л хэлэх үг олдсонгүй.
Тэр 80 мянган төгрөгтэй тэнцэх ваучерыг мөнгөөр солихгүй, нэг цахилгаан бараан дээр бүгдийг ашиглаж болохгүй, дараа нь хүссэн үедээ ашиглаж болохгүй /2011 оны 02-р сарын 13 хүртэл хүчинтэй/ гэсэн хөөрхөн чанга болзолтой аж.
Ийнхүү “Номин” компанийн  маркетингийн албаныхны иргэдийг төөрөгдүүлдэг “залилан”-гийн шинжтэй сурталчилгаа нь хэрэглэгч миний уур бухимдлыг багагүй хүргэж буй нь энэ. Над шиг уймарч, молиго үмхдэг иргэд хэчнээн олон байгааг нутгийн ах, цагтаа УИХ-ын эрхэм гишүүн явсан  А.Шагдарсүрэн гуайн хүү, Ш.Баярсайхан захирал мэддэг болов уу? Эсхүл хэрэглэгчдийг луйварддаг нарийн арга сэддэг Маркетингийн алба нь захирлаа ч бас ваучерддаг юм болов уу?
Эцэст нь хэлэхэд, надад тохиолдсон дээрх явдал үнэн бөгөөд хэн нэгний захиалгаар бичээгүй болохоо мэдэгдье. Харин ядарсан иргэдийг давхар давхар бүү хохироогоосой гэсэндээ өөрт учирсан явдлаар жишээлэн ийнхүү сэрэмжлүүлэг болголоо.

Олхонууд Бабу

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Lamont: Thanks for one’s marvelous posting! I quite enjoyed reading it, you can be a great author.I will ensure...
  • Raleigh: Nice post. I was checking constantly this blog and I’m impressed! Very useful information specially...
  • Bandar Ceme Online: vivid snapknowledge. http://photograwiki.com/index. php?title=User:Cemeonline
  • Noemi: We’re a gaggle of volunteers and starting a brand new scheme in our community. Your website offered us...
  • Fanny: Asking questions are truly nice thing if you are not understanding anything totally, however this article...