|

Ч.Улаан сайдаа, махны үнийг хазаарлаач

Хаврын урт өдөр айсуй энэ мөчид махны үнэ бас л асуудал дагуулах бололтой. Энэ жил сар шинийн баяр оройхон болж байгаатай холбон тайлбарлах нь ч бий. Гэхдээ арай ч дээ. Энэ жил 70.9 сая мал тоолсон хэрнээ бас л махны гачланд орох дүр зураг харагдаад эхэлчихлээ.

Үүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаантай холбон үзэгсэд олон байна. Энэ нь өнөөдрөөс 4 сарын өмнө Ерөнхий сайд Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр “Махны үнэнд онцгой анхаараарай. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү” гэж хэлж байсантай холбоотой.

Тэр үед махны үнийг Ч.Улаан сайд, Ерөнхий сайд хоёр зохицуулчихдаг юм биш гэдгийг хэн хэн хүнгүй мэдэж байсан ч “Ажил хийж байгаа дүр” эсгэж буйг журмын нөхөд нь мэдэж байсан нь гарцаагүй. Гэхдээ эрхэм сайдтан махны үнэ их байна гэхээр “Үнийн судалгаа” л яриад эхэлдэг. Уг нь арай өөрөөр сэтгэж бас болно доо.

“Мах, сүүний анхдугаар аян”-ыг үндэсний хэмжээнд өрнүүлсэн, мах, сүүний хангамжийг сайжруулах хууль эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлсэн, энэ чиглэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог оновчтой болгож, боловсруулах салбарыг хөгжүүлэх, мах, сүүний дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр тодорхой арга хэмжээ авч байна” гэж ярих ч нидэр дээрээ мэдэгдсэн зүйл алга.   

Тэгвэл Улсын зохицуулж хийж чадахгүй байгаа ажлын нэгээхэн хэсгийг хөдөөний нэг хөх өвгөн олоод харчихсан “Хуучин Мах комбинат гэж байхад бид чинь малаа тууж ирээд тушаачхаад мөнгөө аваад нутаг орон руугаа буцдаг байлаа. Аймаг, сум, нэгдлийн дарга нар ”Айл бүрээс тэдэн толгой мал авна” гээд тоо заагаад өгчихдөг. Бид ч түүнийг нь ягштал биелүүлдэг байлаа. Одоо улс тийм ажил зохиовол махны үнэ хөөрөгдөхгүй шүү дээ. Харамсалтай нь энэ хэдэн улстөрчид өөрсдийгөө л бодохоос улсынхаа, хүн ардынхаа төлөө гэсэн сэтгэл нь дутаад байна. Түүнээс хийе гэвэл юу байхав дээ. Аймаг бүрээс хэд хэдэн хүмүүс их хуралд сууж байхад болохгүй зүйлгүй. Даанч хэтэрхий том том юм бодоод ард иргэдийн амьжиргаанд анхаарч байгаа юм алга даа” гэж байв.

Үнэн гэвэл энэ. Хөдөөгийн хөх өвөгчүүлийн үгийг ажил болговол болохгүй зүйлгүй. Ард иргэд ч төр засгийнхаа заавар зөвлөмжийг дуртайяа дагаж, дотор газрын иргэдэд мал, махаа зарахгүй нь мэдээж. Тэгэхлээр арай өөрөөр сэтгэж гэмээнэ махны үнийг хазаарлах боломж байна.

http://erennews.mn/article/30002

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл