|

Эсрэг гурван дүр

UIH-gishuud-2

Хэн УИХ-ын гишүүн болох вэ? УИХ-ын гишүүнээр хэнийг сонгох вэ? Эдгээр асуулт гэнэн мэт боловч өөрсдийгөө төлөөлөх УИХ-ын гишүүнийг зөв сонгож чаддаг, эсэх нь эргэлзээтэй байсаар өдий хүрэв. Илүү тодруулбал, УИХ-ын гишүүн болох гэдэг нь тухайн хүний хүсэл төдийгүй намынх нь сонголт. Харин нэр дэвшигчийг сонгоно гэдэг иргэдийн эрх буюу тэдний гарт буй боломж гэж хэлж болно. Тэгвэл ирэх дөрвөн жилийн хугацаанд төрийн жолоог хэнд атгуулахаа сонгох мөч хаяанд ирээд байна.

ХУУЛЬД ТУСГАСАН “ХООСОН” ДҮР

Ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангарагласан хүнийг гишүүн хэмээн хууьчлан тодорхойлсон байдаг. Авлига, албан тушаалын хэрэг үйлдээгүй, шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдлээгүй, 25 нас хүрсэн, УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн ингэж тангараг өргөх эрхтэйг УИХ-ын сонгуулийн тухай болон Үндсэн хуульд тусгажээ.

Өөрөөр хэлбэл, энэхүү шалгуурыг хангасан хэн ч сонгогдох эрхтэй гэсэн үг. Харин сонгогдсоны дараа УИХ-ын чуулганы хуралдааны дэг, хууль, гишүүний ёс зүйг чанд сахиж, танхимд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх, хөрөнгө, орлогын мэдүүлгээ тогтоосон журмын дагуу үнэн зөв гаргах зэрэг эрх, үүрэг тэднийг хүлээж буй. Хуульд зааснаар бол УИХ-ын гишүүн гэдэг нь ард түмний элч, дуу хоолой болсон “энхийн цагаан тагтаа” байх ёстой аж.

МӨНГӨНД БҮДЭРСЭН ӨНӨӨГИЙН ДҮР

Тэгвэл намууд хэнийг УИХ-д нэр дэвшүүлдэг нь хачирхалтай. Тухайн намын их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэн, нууцаар санал хурааж, олонхын саналаар нэр дэвшигчээ сонгоно гэж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.4-т заажээ. Ингэхдээ банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр төлбөргүй байх зэрэг шаардлагыг харгалзан үзэх ёстой аж. Гэвч бодит байдалд намдаа ямар нэг хэмжээгээр хандив өгсөн хүмүүст тэд илүү боломж олгодог нь нууц.

АН-ын ҮБХ хуралдаж, намаас нь сонгуульд нэр дэвших бол 100 сая төгрөгийн дэнчин авахаа зарласан. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд намын гишүүдээсээ татвар авч болохыг тусгасан төдийгүй дэнчингийн мөнгө “татах” нь АН-ын дотоод дүрэмд ч харшлахгүй гэнэ. Тус намын дарга С.Эрдэнэ үүнийг тайлбарлахдаа “Бид хэн нэгний халаасанд гүйж ордог, эсвэл татвар төлөгчдийн мөнгөөр туйлдаг хүмүүс биш. Үйл ажиллагаа, цаашилбал сонгуульд оролцоход шаардагдах санхүүжилтийнхээ хэмжээг хэрхэн, ямар зарчмаар тогтоохоо бид өөрсдөө мэдэх эрхтэй” гэсэн байна лээ.

Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын ээлжит сонгуульд намаас нэр дэвшигчдээсээ хандив, дэнчин авахгүй байх бодлого баримтална гэж байр сууриа илэрхийлснийг гишүүд нь дэмжээд буй. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үүнийг “Ингэснээр хандив хэр их өгснөөр нь ажил, албан тушаалд томилдог байдлаас бүрэн татгалзаж, мэргэжлийн боловсон хүчнийг төрд ажиллуулах боломж бүрдэнэ” хэмээн тайлбарлажээ.

Ирэх сонгуульд нэр дэвшигчдээ сонгох зарчмаа намын дарга нар ийн илэрхийлж байгаа ч хөшигний цаана хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй. Мөнгө хэмээх хүчин зүйлийн тусгал нь одоогийн УИХ-ын бүрэлдэхүүнд нөлөөлөөгүй гэх үү. Тэдний зарим нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан байж болзошгүй гэх үндэслэлээр нийслэлийн Прокурорын газар, АТГ-т шалгуулж буй дуулиан намжаагүй хэвээр байна. Зээл авсан 49 гишүүн бий гэж хэвлэлүүдэд бичсэн удаатай. Түүгээр ч зогсохгүй хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлээд явуулчихсан байгаа. УИХ-ын гишүүний нэр хүнд унахын хэрээр иргэдийн итгэл ч буурсан байж мэднэ.

Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг “Авлигад хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намуудыг олон нийт нэрлэжээ. Энэ нь иргэдийн итгэл буурсныг харуулж байна” хэмээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Сант марал” сангийнхантай хамтарч хийсэн судалгаандаа дүгнэсэн. Энэ бүхнээс харахад, нэр дэвшигчдийг сонгохдоо намууд мөнгөнд бүдэрч, гишүүн болсныхоо дараа тэд “шархаа нөхөх” гэж улайрдаг дүр бууж байна.

ЗАЛУУСЫН МӨРӨӨДДӨГ ДҮР

Сонгуульд саналаа идэвхтэй өгдөг иргэдийн дийлэнх хувийг ахимаг насныхан эзэлдэг гэдэг. Тэд уламжлалт хандлагаараа санал өгдөг бол 18-25 насны залуус бусдын нөлөөнд авталгүйгээр өөрсдийг нь төлөөлөх хүнийг сонгох магадлалтай гэж судлаачид тайлбарладаг. Гэвч энэ насны залуус сонгуульд хамгийн идэвхгүй оролцдогийг Үндэсний статистикийн хорооныхон судалгаагаар тодорхойлсон байна. 2016 оны сонгуулиар гэхэд 18-25 насны 400 гаруй мянган залуусын 50 хүрэхгүй хувь нь л саналаа өгсөн аж.

Гэвч хамгийн хойрго залуу үеийнхэн ямар улстөрчийг сонгох хүсэлтэй байдаг нь сонин. “Засаглалд залуусын хяналт” ТББ-ынхны өрнүүлсэн “Миний хүсдэг улстөрч” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон 25-аас доош насныхан ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлдэг, жендерийн мэдрэмжтэй, бодит боловсролтой (хэр олон сургууль төгссөн гэхээс илүүтэй ямар туршлага, ур чадвартайг нь харж болохуйц) хүнийг сонгоход бэлэн гэдгээ онцолжээ. Түүнчлэн судлаач буюу ярьж байгаа зүйлээ мэддэг, хэрэгжүүлэх бүх үйл ажиллагаа, шийдвэр нь хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөхийг тооцоолдог, үнэт зүйлдээ үнэнч, шударга, зоригтой, биелэгдэхүйц, тодорхой мөрийн хөтөлбөртэй нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн аж. Мөн хийж хэрэгжүүлсэн ажил нь ил тод, нийгмээ сонсдог, чуулганы нэгдсэн хуралдаандаа идэвхтэй оролцдог, хуулиа мэдэж, мөрддөг, дээдэлдэг, хариуцлагатай байх зэрэг шаардлагыг УИХ-ын гишүүд хангасан байх ёстой гэж залуус үзжээ. Тэгвэл залуус хүчирхэг, ур чадвартай, товчхон хэлбэл, өв тэгш улстөрчдийг сонгож, өөрсдийгөө төлөөлүүлэхийг мөрөөддөг байх нь.

Нэг нэгнээ үгүйсгэж ч байж мэдэх дээрх гурван дүрийг нэгэн биед багтаах боломжтой юу. Эсвэл хуульд заасан эрх үнэгүйдэж, мэдлэг, чадвар нь мөнгөний өмнө хүчгүйдэж, өв тэгш улстөрчдийг залуус хоосон мөрөөдсөөр л суух юм уу?

Г.Баясгалан

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...