|

Нийслэл дэх харанхуй орцтой байр хоёроор нэмэгдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VI хорооны XII, XIX, байрны СӨХ ажлаа хийхгүй байгаа талаар оршин суугчид манай сонинд мэдэгдсэн юм.
Энэ тухай сурвалжлахаар холбогдох газруудад нь очлоо. Чингэлтэй дүүргийн XII, XIX байрны СӨХ оршин суугчдаас cap бүр 4000 төгрөг авдаг юм байна. Гэвч тэр мөнгөндөө таарсан ажлаа хийдэггүй бололтой. Дээрх СӨХ-үүдийн хийдэг ганц ажил нь орцны жижүүрийн томилгоо гэнэ. Мөн зун урсгал засвар гэж байрны дээвэр, орц будах болон байрны эргэн тойронд зүлэгжүүлэлт хийдэг байна.
Гэхдээ хамгийн чанар муутай барилгын материалаар засвар хийдэг болохоор cap ч хүрэлгүй өнөө будаг нь хууларч арилдаг хэмээн оршин суугчид хэлж байв.
Харин намар болохоор байрны орц, хашлага зэргийг будах нэрийдлээр их засвар хийсэн гээд СӨХ-ийнхэн ярих юм билээ. Дээр нь тухайн байранд янз бүрийн эвдрэл гарвал иргэд өөрсдөө мөнгөө нийлүүлж засвар хийлгэдэг байна.
Ялангуяа “Ногоон нуур” СӨХ-ийнхэн хариуцсан ажлаа хийдэггүйг тэндхийн оршин суугчид хэлж байсан юм. Энэ тухай холбогдох албан тушаалтнуудад дуулгасан ч иргэд СӨХ-ийн мөнгөө төлдөггүй гэсэн хариулт өгөөд л хэсэгтээ амыг нь таглачихдаг болсноор багагүй хугацаа өнгөрчээ.
Яг одоо Чингэлтэй дүүргийн VI хорооны XII, XIX, байрны орц, давхар бүр нь гэрэлгүй, харанхуй байсаар хоёр cap гаруй болжээ. Энэ байдал нь хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр аж. Юутай ч нийслэл дэх харанхуй орцтой байрны тоо дахин хоёроор нэмэгдэв бололтой.
Гэтэл тухайн СӨХ нь их зүйл хийж байгаа мэтээр худлаа тайлан гаргасаар өдий хүрсэн нь оршин суугчдыг бухимдахад хүргэжээ. Тэр бүү хэл, зарим оршин суугчид СӨХ-ийн дарга нь хэн болох, ямар хүн байдгийг ч мэдэхгүй байна лээ.
Тиймээс СӨХ-ийн даргын ажлыг тэтгэвэрт гарсан өндөр настнаар биш, ажил хөдөлмөр хийх бүтээлч залуусаар хариуцуулах хэрэгтэйг иргэд хэлж байв. Дээрх байрыг хариуцдаг гэх СӨХ-ийн дарга нь ажилдаа бараг ирдэггүй гэнэ. Биднийг очих өдөр ч тэрбээр ажил дээрээ байсангүй.

Н.Алтанцэцэг

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл