|

Төв Азийн орнууд усны төлөө дайтаж болзошгүй

4352
ЛОНДОН. /ВВС/. Төв Азид ус, цахилгааны хямралын урьдчилсан нөхцөл исэн бүрэлдсээр байна. Өмнө нь баялгаа хуваалцдаг байсан тус бүс нутгийн таван оронд Зөвлөлтийн тогтолцоо нуран унаснаар зарим нэг нь усны хомсдолд орж, нөгөө зарим нь цахилгаан эрчим хүчгүй болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор бага хэмжээний үймээн самуун гарч байгаа боловч энэ нь дөнгөж эхлэл юм гэж анхааруулж байна.
2009 оны 1 дүгээр сарын нэгэн хүйтэн шөнө Тажикистаны нийслэл Душанбе хотод тог тасарч, хотыг түнэр харанхуй бүрхэв. Энэ үед тус хотын нэгэн төрөх эмнэлгийн нөөц цахилгаан үүсгүүр ажиллагаагүй болж, хиймэл амьсгалын төхөөрөмжүүд унтрах үед эмч нар дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийн амийг аврахаар сандралдаж байлаа.
Энэ үеэр дөнгөж төрсөн нэгэн нярай амиа алдсан юм. Гэхдээ тэр охин бол эрчим хүчний хангамжийн сүлжээ нь доголдсон Тажикистан улсад амиа алдсан цорын ганц хүүхэд биш ээ.
Энэ гамшиг нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван орны эрчим хүч, усан хангамжийн сүлжээг цаашид ашиглах боломжгүй гэдгийг харуулсан юм.
Энэ систем нэг энгийн зарчимд л суурилсан ажээ.
Казахстан, Узбекистан, Туркменистан гэсэн гурван улс эрчим хүчний эх үүсвэрээр баялаг бол Тажикистан, Киргизстан хоёр усны асар их нөөцтэй юм. Эдгээр таван орон хавар, зундаа үр тариагаа услах усны хангамж болон өвөлдөө хэрэглэх цахилгаан эрчим хүчээ хамтран бий болгодог байлаа.
Сыр-Дарья, Аму-Дарья гэсэн хоёр мөрөн байхгүй бол нам дор газрын хөдөө аж ахуй эрхлэгч орнууд сүйрч, харин өндөрлөг газар оршдог орнууд тог цахилгаангүй болж өвлийн тэсгим хүйтэнд хөлдөх аюул нүүрлэнэ.
“Бидний дунд санал зөрөлдөөн байнга гарах хандлагатай байдаг. Гэвч маргааныг ОХУ таслан зогсоодог” гэж Казахстаны улс төрийн шинжээч Расуль Жумали ярьж байна.
1991 онд ЗХУ задарсны дараа улс тус бүр өөр өөрийн гэсэн тулгамдсан асуудалтай тулгарах болсон юм.
“Нам дор газарт оршдог орнуудын хувьд хүнсний аюулгүй байдал чухал бол өндөрлөг газарт оршдог орнуудын хувьд эрчим хүчний аюулгүй байдал чухал байсан. Учир нь, нэг хэсэг нь өвөлдөө хөлдөх, нөгөө хэсэг нь бүтэн жилийн турш идэх хоолгүй болох аюултай” гэж Москва хотын улс төрийн шинжээч Андрей Казанцев хэллээ.
Тиймээс эдгээр орнууд өөрт байгаа зүйлсээ хуваалцаж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн энэ маягаар олон жилийн турш хамтран ажилласан хэдий ч эрчим хүчээр баялаг нам дор газрын орнууд өндөрлөгт орших хөршүүд рүүгээ эрчим хүч нийлүүлэхийн оронд бусад орнуудад эрчим хүч, хий нийлүүлэх нь илүү ашигтай болохыг олж харсан байна.
Улмаар 2009 онд Узбекистан Афганистанд эрчим хүч худалдаж, Төв Азийн эрчим хүчний хангамжийн нэгдсэн тогтолцооноос гарчээ. Үүний балгаар дээр дурдсан нярай амиа алдсан юм.
Өөр нэгэн жишээ гэвэл, Тажикстан, Киргизстан хоёр өвлийн бэлтгэлээ хангаж, илүү их эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор асар их ус хэрэглэх болсноор Казахстан болон Узбекистаны хөдөө аж ахуйн салбарт усны хомсдол үүсчээ.
Иймээс өдөр ирэх тусам Төв Азийн орнуудын иргэд ус болон эрчим хүчний хомсдолд орж байна.
2009 онд Узбекистан улс Зөвлөлтийн төвийн эрчим хүчний системээс гарах үед Киргиз улс эрчим хүчний өндөр өртөгтэй шугам татсан бөгөөд 2010 оны эхэн үед эрчим хүчний үнэ хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор халаалтын зардал ч мөн адил огцом өсчээ.
Мөн Узбекистан хий болон эрчим хүчээ гадаадад худалдах болсноор тус улсад эрчим хүчний хомсдол үүсч, үүний улмаас тус улсын жижиг хот, тосгонууд өдөрт хэдхэн цагийн хугацаанд тог цахилгаантай байдаг болсон бол тус улсын ихэнх нутагт хий хэрэглэх нь холын мөрөөдөл мэт болсон байна.
Узбекистаны Засгийн газар хийг гадны орнуудад худалдаж байхад ард иргэд нь өвөлдөө хэрэглэх түлш, эрчим хүчгүй сууж байна гэж нэгэн сургуулийн багш ярилаа.
Засгийн газрын алдаатай бодлого, авлига, хүний эрхийг зөрчих асуудал газар авахын зэрэгцээ  үнийн хөөрөгдөл бий болж, ажил хайсан шилжилт хөдөлгөөн асар ихээр өргөжиж байна.
Ийм байдлыг үл тэсвэрлэсэн залуус хэт давруу үзэлт бүлэглэлд элсэх, Афганистан дахь мөргөлдөөн Узбекистан болон Тажикистаны хилд тулж ирэх зэрэг хар дарсан зүүд шиг амьдралыг төсөөлөхөд тун бэрх.
Тажикстан болон Киргиз улс дахь эрчим хүчний архагшсан асуудлыг зохицуулах шийдэл бол цахилгаан станцууд нэмж барих явдал бөгөөд тус хоёр улс ийм төлөвлөгөөг боловсруулсан байна.
Тажикистаны өмнөд нутгийн уулархаг бүсэд “Rogun” гэдэг усан цахилгаан станц байгуулах төсөл бий. Хэрвээ хөрөнгө оруулагчид олдвол энэ нь дэлхий дээрх хамгийн өндөр далан болох юм. Усан санг нь дүүргэхэд 16 жилийн хугацаа шаардлагатай бөгөөд үүнд Узбекистан, Туркменистан нутгаар дайран өнгөрөх Аму Дарья мөрөн гол үүрэг гүйцэтгэх юм.
Уг усан цахилгаан станц нь Тажикистаныг тус бүс нутаг дахь эрчим хүчний гол нийлүүлэгч болгон хувиргаж, эрчим хүчний өртгийг бууруулах давуу талыг олгоно.
Гэтэл өнгөрсөн есдүгээр сард өөд болсон Узбекистаны Ерөнхийлөгч  асан Ислам Каримов “Rogun” төсөл болон Киргизийн “Камбарата” далангийн төслийг эсэргүүцэж байжээ.
“Нам дор газрын орнуудад юу тохиолдоно гэж бодож байна? Голуудыг боомилох эдгээр байгууламжийг барьснаар маргааш бидэнд хэр их ус үлдэх вэ? Энэ нь магадгүй бүс нутагт үймээн самуун, тэр ч байтугай дайн дэгдээж болзошгүй” хэмээн талийгаач Каримов тун ууртайгаар мэдэгдэж байсан билээ.
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Benny: Hello very nice website!! Guy .. Excellent .. Amazing .. I will bookmark your web site and take the feeds...
  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....