|

Улстөрчид оффшороос “ зай барих уу”

5060

Төрийн өндөр албан тушаалтан гэхээсээ улстөрчдөд  хамааралтай оффшор бүсэд данстай байх эсэх асуудалд гишүүд тун хашир бас эмзэг хандаж байна. Энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хийх байсан ч ажлын хэсгийнхэнд чиглэл өгснөөр хойшлуулав. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компаний хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдсэн болохоор улстөрчдийн хаширлах нь арга ч үгүй биз.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай энэ хуулийн төслөөр Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, оффшор бүсэд хуулийн этгээд байгуулах зэрэг асуудлыг хориглох талаар шинээр тусгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан уг заалтыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага мөн зааж өгөх юм билээ.

 

Ажлын хэсгийнхэн энэ хуулийн төслийг боловсруулахдаа  10 гаруй улсын туршлага, жишигтэй танилцан судалжээ. Европын ихэнх улсад гадаадад данс эзэмшихтэй холбоотой асуудлыг ил тод байдлын тухай хуулиараа зохицуулдаг байна. Тэдгээрт хамаарах албан тушаалтнуудын жагсаалт гаргаж, төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, данс хөрөнгөтэй холбоотой мэдээллийг ил тод бүртгэж, мэдээлдэг гэнэ.  Энэ бүхнээс үндэслэн хөрөнгө орлогын мэдүүлэг  гаргадаг 38900 төрийн албан хаагчийн тоог хумих  асуудал ажлын хэсэг дээр яригджээ. Ингэснээр гадаадад данс эзэмшихийг хориглох албан тушаалтнуудын жагсаалтыг  хуулиар тодорхой зааж өгөх юм  байна.  Манай улсад одоогоор төрийн өндөр албан тушаалтнууд гадаад улсад данс нээх, хөрөнгө эзэмших асуудал нь хуулийн ямар нэг зохицуулалтгүй байдаг. Тиймээс энэ хууль батлагдсанаар тэдэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж бүрднэ гэж үзэж байгаа.  Өмнө нь ийм зөрчил гаргасан улстөрчид ёс зүйн хариуцлага хүлээгээд өнгөрдөг байсныг эдүгээ бүрэн хуульчлах юм.

 

Уг нь хуулиар АТГ-т хөрөнгө оруулагын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр албан тушаалтнуудыг оффшор данс эзэмшихийг хориглохоор заасан. Гэхдээ тухайн улстөрчийн гэр бүл, үр хүүхдүүд нь оффшор данс эзэмшиж болохгүй гэж давхар тусгаж өгөх хэрэгтэй гэсэн санал гишүүдийн зүгээс гарав.  Ер нь манайхан УИХ-ын гишүүн болохоороо хувийн компани, бизнесээ гэр бүлийнхээ хүний нэр дээр шилжүүлдэг.  Гэсэн хэдий ч зайнаас компаниа удирдаад явдаг бичигдээгүй хуультай. Нөгөө талаар энэ нь буруу тогтолцоо ч гэж болно.  Тиймээс гишүүдийн зүгээс гаргасан оффшор данс хэн нэг улстөрчийн гэр бүлийн хүний нэр дээр байхыг хориглох тухай саналыг  уг нь өлгөөд авмаар.  Учир нь  гэр бүлийнхээ компанийг эрхэм түшээд зайнаас удирдаж байгаатай агаар нэгэн асуудал. Гэхдээ энэ нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөнд халдсан  үйлдэл болох юм билээ.

 

Ер нь улс төрд орж байгаа эрхмүүд оффшор дансаа ил зарлаж, орлогоо хэрхэн бүрдүүлснээ тодорхой мэдээлчихвэл олны хардлагад өртөөд байхгүй л дээ.

 

Нөгөөтэйгүүр энэ хуулийн төслийг нарийвчлан тодорхой заагаагүй, дутуу дулимаг зүйл их байна гэх шүүмжлэл байна. Тиймээс ч Засгийн газар төслөө буцаан татах санал ч гишүүдийн зүгээс гаргаж байна.

 

Хэрвээ энэ хуулийг Засгийн газар буцаан татвал дахин хэзээ өргөн барих нь тодорхойгүй. Хувь гишүүн өргөн барьсан тохиолдолд УИХ-ын даргын ширээн дээр дарагдаад дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгох тохиолдол ч байдаг.

 

Манай  гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ихэнх нь оффшор бүсээс орж ирсэн байдаг. Харин манайхан оффшорт данс нээлгэсэн нь олон нийтэд нууцлагдмал мэтээр явж ирсэн. Хэдийгээр хувь хүний бизнесийн асуудал ч улс төрд хөл тавьсан эрхмүүдэд энэ нь халгаатай байгаа. Эдүгээ энэ бүхнийг хуульчлахаар өргөн барьсан төслийн хэлэлцүүлгийг хойшлуулаад байна. Үүнээс үүдээд гишүүд оффшорын хуулиас зай бариад байна гэх хардлага ч давхар дайгдав.

 

Ямартай ч эрхэм түшээдэд нэн хамааралтай энэ хуулийн төсөл хэрхэн үргэлжлэх, өөрсдөдөө зориулсан хуулиа батлах уу, буцааж цаг хожих нь уу гэдэг нь одоогоор эргэлзээ төрүүлсээр байна.

Н.Энхлэн

Эх сурвалжийн линк: http://www.shuud.mn/content/read/476440.htm

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • TylerVup: Игровые кресла Москва, тел.: 8 800 550 28 79 набор корпусной мебели
  • MarthaDruff: В Москве интерес к данному типу материалов становится все более отчетливым. В моду возвращается...
  • Denflerb: kamagra
  • Jasonflerb: buy kamagra
  • ManuelVat: Эвакуатор Краснодар цена, Вы можете вызвать по телефону: 8-918-432-32-32 краснодар эвакуаторы