|

Өндөр жилд мэндлэгсдэд төрсөн өдрийн мэнд хүргэе

Дөрвөн жилд нэг удаа хоёрдугаар cap 29 хоногтой байдаг. Тэр жилийг монголчууд маань өндөр жил хэмээн нэрийддэг билээ.
Харин энэ өдөр мэндэлсэн хүмүүсийн дийлэнх нь өөрсдийгөө “азгүйчүүд” гэцгээдэг юм билээ. Учир нь тэд жил бүр бусдын адил төрсөн өдрөө тэмдэглээд байдаггүй болохоор тэр биз. Тэгвэл өндөр жилд мэндлэгсдийн төрсөн өдөр энэ онд буюу өнөөдөр тохиож байна.
Энэ утгаараа тэдний нэг хэсэг нь 2012 оныг аз тохиох жил хэмээн нэрлээд амжсан байна. Одоогоор манай улсад дөрвөн жил тутамд төрсөн өдөр нь тохиодог 1982 хүн байдаг гэсэн статистик тоо байна аа. Энэ тоог Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бүртгэл мэдээллийн хэлтсээс гаргадаг аж.
Мөн тэдний дийлэнх нь ижил нэртэй байдаг юм билээ. Тухайлбал, өндөр жилд мэндлэгсдийн дийлэнхийг Бат-Эрдэнэ хэмээн нэрийдсэн бол Оюунчимэг нэр удаалсан байна. Манай улсад өндөр жилд төрсөн Бат-Эрдэнэ 14, Оюунчимэг 13, Мөнхзул, Болормаа нар тус бүр 12 байдаг аж.
Мөн Отгонбаяр 11, Мөнхжаргал, Батбаяр, Энхцэцэг, Алтанцэцэг, Мөнхбаяр, Эрдэнэчимэг нар тус бүр 10 байдаг юм билээ. Харин Гантулга, Наранцэцэг, Ганзориг, Мөнхбат, Эрдэнэбаяр, Нямсүрэн, Батсайхан нар ес, ес байдаг бол Мягмарсүрэн, Батжаргал, Жаргалсайхан, Бямбасүрэн, Лхагвасүрэн, Оюун нар тус бүр найм байдаг ажээ.
Амьдаа нарын тухайд ийм байдаг бол нэр нь цөөн давхардсан олон амьдаа нар байдаг гэнэ билээ. Тэр ч битгий хэл энэ жил 22 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаа нэгэн эмээ байдаг юм билээ. Түүнийг Бетти Флемминг гэдэг бөгөөд тэрбээр 1924 оны хоёрдугаар сарын 29-нд төрсөн аж.
Тэрбээр 29 хоногтой жил бүр нүсэр үдэшлэг зохион байгуулж, төрсөн өдрөө дотны хүмүүстэйгээ тэмдэглэдэг гэнэ. Түүнчлэн дэлхий дээр хоёрдугаар сарын 29-нд төрсөн хүн дөрвөн сая гаруй байдаг бөгөөд тэднээс алдартай нь реппэр Жа Руль гэнэ билээ.
Ингээд өндөр жилд төрсөн бүх хүмүүст болон өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байгаа монголчууддаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.

Э.Туул

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл