|

Б.Бат-Эрдэнэ: Оюутолгойг сул авсан Рио Тинтогийнхон Хармагтай ордуудад санаархаж эхэллээ

17409

ОУВС-гийн төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, Монгол Улсын  Засгийн газар ОУВС-гийн төлөөлөгчдийн уулзалт өнөөдөр эхлээд байгаа. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС-тай хийх уулзалтууд эхэллээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахьсан зэрэг олон эерэг үр дүн гарсан. Бас харилцан ярилцаж, ойлголцож шийдэх асуудлууд ч бас байгаа” хэмээн цахим хуудсаараа мэдээлсэн. ОУВС-ынхантай хийж байгаа энэхүү уулзалтын талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

-ОУВС-ын төлөөлөгчидтэй манай Засгийн газар ээлжит уулзалт ярилцлагаа эхлүүлээд байна. Энэ удаагийн ярилцлагаар ОУВС-аас Монгол Улсад тулган хүлээлгээд байгаа дарамт шахалтыг бууруулж, иргэдийнхээ нуруун дээр үүрүүлсэн татварын ачааллыг багасгах бодит боломж байгаа болов уу. Та энэ талаар ямар бодолтой явна?

-Би өмнө нь энэ талаар байр сууриа багагүй илэрхийлж байсан. Дээр нь УИХ-ын чуулганы үеэр ч тодорхой байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн. Монгол Улсын эдийн засаг олигтой сэргэхгүй байгаа өнөөдрийн тухайд хэд хэдэн төрлийн татваруудаа эргэж хараач ээ, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газар үүнийгээ маш сайн судалж үзээч ээ, тэр ОУВС байдаг юмуу өөр ямар газрууд байна тэдэнтэйгээ сайтар ярилцаад яаралтай УИХ-аар оруулаач ээ, татвар нэмсэн шийдвэрээ яаралтай эргэж хараач ээ гэдэг шаардлагыг олон удаа тавсан. Өнөөдөр бензин шатахуунд Онцгой албан татвар тогтоосноор нефть импортлогчид шууд л үнээ нэмж ард иргэдийг хэрхэн бухимдуулав. Тэдний үнээ нэмсэнээс үүдэж бий болсон бухимдал, шатахууны хомсдол өнөөдөр ч арилаагүй л байна. Бензин шатахууны үнэ гэдэг чинь бүх төрлийн өргөн хэрэглээний барааны суурь үнэ болохоор дэлхийн улс орнууд энэ асуудалд маш болгоомжтой ханддагийг би байнга л сануулсаар ирсэн. Одоо ч тэр байр суурин дээрээ зогсож л байгаа. Өнөөдөр нэг л юм болохоо байвал ОУВС руу заачихаад суугаад байдаг боллоо. Уг нь бие даасан, тусгаар тогтносон улсын Засгийн газар юм бол асуудлаа дотроо яриад хэнээс ч хараат бусаар шийдэх ёстой шүү дээ. Юунаас, хэнээс айгаад байдаг юм бүү мэд. Эцэст нь баахан шаардуулж, шахуулж байж нэг юм шийдвэрээ гаргадаг болчихлоо.

-Та өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар А-92, А-80 бензиний Онцой албан татварыг чөлөөлснийг хэлж байна уу?

-За тэгж ойлгож болох л юм. Үүнийгээ эртхэн хийхгүй заавал ийм байдалд оруулж, зохиомол хомсдол үүссэний дараа, ард иргэдийнхээ тэвчээрийг барж байж, нефть импортлогч компаниудын бойкотод автаж, Монголын нийгмийг тэр аяар нь хөдөлгөөнд оруулах шахаж байж шийдэх шаардлага огт байгаагүй л гэж бодож байна. Би гурван долоо хоногийн өмнө УИХ-ын чуулган нээгдэхэд энэ асуудлыг тавьж байсан. Тэгэхэд гурван долоо хоногийн дараа буюу 21 хоногийн дараа л энэ асуудлыг зах зухаас нь шийдэж байгаа нь Засгийн газар удаан, болхи ажиллаж байгаагийн л нотолгоо юм. Өнөөдөр тэр ОУВС-ийн хүмүүстэй эдгээр асуудлуудаа бүх талаас нь нэлээн нухацтай, зоригтой ярих ёстой гэж бодож байна. Би болон бусад гишүүд үнэндээ удаа дараа залхатлаа ярьж байгаа шүү дээ. “Айлаас эрэхээр авдрынхаа ёроолыг ухаач ээ” гэдэг шиг бид Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй том орд газруудад байгуулсан дээрэм, луйврын гэрээгээ эргэн харж, засч залруулах цаг нь аль хэдийнэ болчихоод байна аа. Өнөөдөр Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг зөвхөн Оюутолгой дээр 2 тэрбум ам долларын зөрчил, дутагдал илрүүлсэн шүү дээ. Түүгээр зогсохгүй тэр ажлын хэсэгт орж ажилласан багийнхан тэр 2 тэрбум ам долларас гадна 3.5  тэрбум ам долларын луйврын шинжтэй зөрчил, дутагдал илрүүлсэн гэдгээ маш тодорхой яриад байхад энэ бүхнийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нууцаар нисч Дубайд Рио Тинтогийнхонтой байгуулсан гэрээгээр хаачихсан гэдгээр цайруулж завхруулаад дуусгаж хэрхэвч болохгүй. Энэ Засгийн газар Ч.Сайханбилэгийн хийсэн тэр нүглийг яаралтай засч өөрчлөх ёстой.

-Уг нь саяхан Рио Тинтогийн төлөөлөгчийн газар Улаанбаатарт байгуулагдаж, түүнийх нь нээлтэд Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Жан Себасьтян Жак гэгч ирж оролцохдоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан. Тэрхүү уулзалт яриа аль хэр үр дүнтэй болсон гэж та дүгнэж байгаа вэ?  

-Тэгсэн. Гэхдээ тэр уулзалтаар олигтой үр дүнтэй шийдвэр гараагүй гэж миний хувьд дүгнэж байгаа. Хамтарсан ажлын хэсэг байгуулна л гэж байна лээ. Тэр нь тэгээд яг Монголчуудын эрх ашигт нийцтэй юу хийх юм, ямар ямар асуудлаар яг юуг шийдэх юм. Тэр нэг төлөөлөгчийн газар нь нээгдлээ гээд л дээр дооргүй баярлаж хөөрөөд яриад байна. Энэ бол баярлаад байх зүйл огтхон ч биш. “Амташсан хэрээ 13 дахина” гэдгийн үлгэрээр өнөөдөр Оюутолгойг сул авчихсан этгээдүүд араас нь Хармагтай тэргүүтэй өчнөөн орд газруудыг дээрэмдэх сонирхол л цаана нь явж байна шүү дээ. Рио Тинтогийн төлөөлөгчийн газар нээгдэж байгаагийн гол зорилго нь Монгол нутаг даяар ашигт малтмалын хайгуулын ажлаа улам эрчимжүүлэх, өөр бусад баялгийг тонон дээрэмдэх л эцсийн зорилготой юм. Та бид бүгдээрээ мэдэж байгаа. Р.Фрийдланд гэгч этгээд болон Рио Тинтогийнхон Оюутолгой тойрсон өчнөөн олон лицензүүдийг мэдэлдээ авчихсан шүү дээ. “Антре Гоулд”, “Соус энд Гоби” гээд өчнөөн салбар, охин компаниуд нээчихсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр нь бүхэл бүтэн аймгийн хэмжээний газар нутгийг эзэлж аваад дураараа дургиж байна. Одоо үргэлжлүүлээд энэ Монгол Улсын 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутгийн талыг нь авах гээд байгаа юмуу, бүхлээр нь ч авах гээд байгаа юмуу гэдэг бодлого л явагдаж байна гэж харж байгаа.

-МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө татвар нэмэхгүй гэсэн амлалт өгч байсан ч өнөөдөр долоон төрлийн татвар нэмчихээд л сууж байгаа. Амлалтаасаа буцсан энэ үйлдлийг та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа л даа. Яг 2016 оны сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засаг санхүүгийн байдал ямархуу болчихсон байсныг та бид бүгдээрээ л мэдэж байгаа. Уутныхаа ёроолыг эргүүлж гөвөөд чухамдаа юу ч байхгүй болчихсон байсан шүү дээ. Тэгээд бид бүгдээрээ УИХ дээр ярьж байгаад яах аргагүй ОУВС-ийн Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Тэнд хийсэн гэрээ хэлцлүүдээрээ л хэд хэдэн төрлийн татварыг нэмэх шийдвэр гаргасан. Гэлээ гэхдээ одоо тэдгээр татваруудыг эргэж харах шаардлага босч ирж байна. Миний хувьд УИХ-ын чуулган дээр ч хэлж л байсан. Одоо нөхцөл байдал бидний бодож байснаас өөрөөр эргэлээ шүү гэж. Одоо жишээ нь 1.5 сая төгрөгийн цалинтай хүн гэдэг бол улирлын чанартай, уул уурхайд л ажилладаг хүмүүс байгаа. Зарим нь нэг сар ажиллаад, нэг сар амардаг хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр асуудлыг зайлшгүй эргэж харах шаардлагатай болж байгаа юм. Энд л гэж хэлэхэд 2016 оны сонгуулийн өмнө улс орны эдийн засаг, санхүүгийн байдлын талаар бидэнд ирүүлж байсан мэдээллүүдийг хожим нь нягтлаад үзэхэд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал бол үнэхээр эцсийнхээ дуслыг шавхчихсан, үнэндээ дээд зэргийн дефолтын байдалд орчихсон байсан юм шүү дээ. Тийм учраас МАН эцсийнхээ аргыг шавхаж аргагүйн эрхэнд ОУВС-д хандсан юм. Нэг бол Монгол Улс хоёр гараа өргөөд дампуурлаа зарлах, үгүй бол ОУВС-д л хандах хоёрхон сонголт үлдсэн. Тэгээд л ОУВС-д хандсан хэрэг шүү дээ. Гэхдээ одоо дандаа ОУВС-ынхны үгээр явах биш өөрсдөө бодлогоо тодорхойлоод зүг чигээ гаргаад улс орынхоо нийгэм эдийн засгийн амьдралд тулгамдаж байгаа асуудлуудаа яаралтай шийдээд явах цаг нь болчихоод байна. Тийм боломж нь ч өнөөдрийн Засгийн газрын өмнө нээгдчихээд байгаа л гэж харж байна. Харин Засгийн газар асуудлуудаа УИХ-руу яаралтай оруулаад шийдээд л явах ёстой.

-УИХ-ын гишүүдийн зүгээс өнөөдөр эхэлсэн ОУВС-ынхантай хийж байгаа уулзалт ярилцлагад тодорхой саналаа хүргүүлээд, шахаж шаардах боломжтой юу?   

-Тэр бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийх ажил учраас бид хамаагүй хутгалдаж болохгүй л дээ.

 

Эх сурвалж: erennews.mn

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa