|

Д.Рэгдэл:Хятадууд удирдагчдаа хэзээ ч муу хэлдэггүй

18043

 Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийн ярилцлагыг хүргэж байна.

-АМЬДРАЛД ХЭРЭГ БОЛОХУЙЦ МЭДЛЭГТЭЙ БОЛОХЫГ Л НИЙГМИЙН СОЁН ГЭГЭЭРЭЛ ГЭНЭ-

-Шинжлэх ухааны байгууллага ямар үүрэг, чиглэлтэй байгууллага вэ. Үүргээ биелүүлж чадаж байна уу?

-Шинжлэх ухааны академи гурван үндсэн үүрэгтэй. Нэгдүгээрт төр засагт зөвлөгөө өгөх үүрэгтэй. Энэ үүргээ манайх гайгүй биелүүлж байгаа. Яам, УИХ, Засгийн газарт жилд 30-50 орчим зөвлөмж хүргүүлдэг. Шинжлэх ухааны байгууллага нэлээд сайн судалгаанд суурилсан зөвлөмж өгдөг. Харамсалтай нь эдгээр зөвлөмжид хариу байдаггүй, эргэх холбоогүй тэгэсхийгээд зогсчихдог. Хоёрдугаар гол үүрэг бол мэдлэг бүтээхэд дэмжлэг үзүүлэх. Үүнийг дэлхийн академиуд янз бүрээр хийдэг.Манайх харьяандаа эрдэм шинжилгээний хүрээлэнтэй учраас гайгүй ажиллаж байгаа.

Гурав дахь үндсэн үүрэг бол нийгмийг соён гэгээрүүлэх. 1990-ээд оноос хойш нийгмийн  савалгаан дунд энэ үүргээ нэлээд орхигдуулсан. Сүүлийн жилүүдэд бас ч гэж анхаарч, дунд сургуулийн түвшинд, олон нийтийн лекц ярилцлагын хэмжээнд  тодорхой ажлууд  хийж байна.

-Таныхаар ямар нийгмийг соён гэгээрсэн нийгэм гэх вэ. Соён гэгээрэл талаасаа өнөөдрийн Монголын нийгэм аль түвшинд байх шиг байна?  

-Нийгмийг соён гэгээрүүлнэ гэдэг тухайн нийгмийн гишүүд амьдралд хэрэг болохуйц мэдлэгтэй болохыг л хэлээд байгаа юм.  Манайд  хүний амьдралд хэрэгтэй мэдлэг мэдээллийг хүргэх ажил сүүлийн хэдэн жил их муу байсан. Хүмүүст хэрэгтэй мэдээлэл хүргэх ёстой орон зайг шашны мухар сүсэг ч юмуу өөр тал эзлээд авчихсан.

Монголын нийгэм  харанхуй тал руугаа л  явж байгаа  нэг жишээг бид 2012 онд харсан. Дэлхий сөнөхөд  өөрийгөө яаж хамгаалж авч үлдэх вэ гэсэн утгатай яриаг нэг хүн “Улаанбаатар палас”-т уншсаныг санаж байгаа байх.   Танхим  битүү хүн цугларсан.

 “Дэлхий сөнөхгүй” гэсэн лекцийг  Багшийн хөгжлийн ордонд яамнаас зохион байгуулахад 20-иодхон хүн ирсэн гэж байгаа. Уг нь “дэлхий сөнөхгүй ээ” гэдгийг эрдэмтэд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж өгөх гээд байгаа юм шүү дээ. Гэтэл тэр буруу мэдээллийг шингээж аваад Улаанбаатарын бүх лааг хүмүүс худалдаад авчихсан байх жишээний.

 Шинжлэх ухааны үндэслэлтэй соён гэгээрүүлэх ажил огт хийгдэхгүй байгаа учраас нийгэм ийм харанхуй болчихсон.  Чингис хаан тэнгэрээс бууж ирэх нь гэсэн ярианд итгээд стадионд  хүмүүс дорхноо цугларчихаж байх жишээтэй.  Манай нийгэм ерөнхийдөө сүүлийн үед ийм л болчихоод байна. Үүнд манай улстөрчдийн нөлөө асар их.

ХЯТАДУУД УЛС ОРНОО УДИРДАЖ ЯВСАН ХҮМҮҮСЭЭ ХЭЗЭЭ Ч МУУ ХЭЛДЭГГҮЙ

-Улстөрчдийн хэрүүл тэмцэл ил цагаандаа гарсныг хэлж байна уу?

– Бие биетэйгээ үзэл бодол нийлэхгүй байж болно. Гэтэл үлгэр жишээ болж байх ёстой эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс бүр  хүний ёсноос гадуур бие биетэйгээ харьцаж байна гэдэг нийгэмд маш муу нөлөөтэй. “Энэ хоёр ингэж байхад бид хоёр яасан ч яахав” гэж сургуулийн хүүхдүүд бодно шүү дээ. Нийгмийг манлайлж яваа улсууд шүү дээ, уг нь.

Гэтэл Хятадын бодлого гэж айхтар бодлого байна. Хятадууд  улс орноо удирдаж явсан хүмүүсээ хэзээ ч муу хэлдэггүй, удирдлагын бүх төвшинд нэг амаар дуугарна.

Мао Зэдуны “Соёлын хувьсгал” бол үнэхээр том гамшиг байсан шүү дээ.Гэтэл дараа нь гарч ирсэн Дэн Сяопин тэр үйл явдлыг тэгтлээ буруутган, муучлаагүй. Энэ бол зүгээр нийгмийн хөгжлийн явцад гарч ирсэн жижигхэн алдаа гэж тэмдэглэсэн.

Хятадын хөгжлийн архитектурыг Дэн Сяопин  дөрвөн үе шаттай бодлогоор  хийсэн.Хоёр дахь шатны бодлого нь “Цэцэг болгон дэлгэрэг, эрдэмтэн болгон өрсөлдөг” гэсэн уриатай бодлого байсан. Түүнээс хоёр жилийн дараа гэхэд л бүх шатны дарга нар нь “Хятад улс шинжлэх ухаан, технологидоо суурилж хөгжинөө” гээд нэг амаар дуугардаг болчихсон байсан.

Шинжлэх ухаанд түшиглэн хөгжих Дэн Сяопины бодлого Ху Жинтаогийн үед  хэрэгжсэн.  Самуурлыг арилгаж, авлигатай тэмцэх дараагийн бодлого нь одоо хэрэгжиж байгаа. Авлигатай тэмцэхээр ард түмний дунд байгаа самуурал аяндаа арилна шүү дээ.

Эдгээр оновчтой бодлогын үр дүнд 2030 он гэхэд Хятадын нэг хүнд ногдох ам.доллар 4000 ам.долларт хүрч,нийт эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт орно гээд аль 70,80-аад онд бичээд тавьчихсан. Манайд яаж байна, дөрвөн жилд засаг хэд солигдож, өмнөх засгийн бодлогоо дараагийн засаг нь шууд үгүйсгээд л, муучлаад л. Ард түмэн энэ дунд хэцүүдэж, яаж амьдрах учраа олохгүйд хүрч байна.

МОНГОЛД ЛИБЕРАЛ АРДЧИЛАЛ ОГТ ТААРАХГҮЙ НЬ БАТЛАГДЛАА

 -Монголчууд ер нь ямар хүмүүс вэ. Нийгмээрээ сэтгэхүйн хувьд зэрлэгшсэн нь юунаас болов оо?

-Бид олон мянган жилийн өмнөөс л нүүдэлчин цусны улсууд. Нүүдэлчид нийлж байж л амьдрахгүй бол байгаль, цаг уур, бусад бэрхшээлийг ганцаараа даваад гарч чадахгүй гэдгээ мэддэг. Тийм учраас “Миний хэрэглэж байгаа юмыг чи хэрэглэж болно” гэсэн зарчмаар амьдарч ирсэн.

Саяхан болтол говийн айл хаалгаа цоожилдоггүй, цай хоол бүх юмаа ил тавьчихаад л явчихдаг. Айлчин ирээд хоол цай хийж идээд, амарч тухалчихаад яваад өгдөг байсан. Нийлж амьдрах ёстой гэсэн нүүдэлчдийн сэтгэхүй маш хүчтэй хөгжсөн байсан.

Гэтэл хотжилт явагдаад нийлж амьдрах нүүдэлчдийн  сэтгэхүй үндсэндээ алга болсон. Өнөөдөр Улаанбаатарт гудамжаар дүүрэн хүмүүс явж байгаа боловч чи бол тэнд үндсэндээ ганцаараа л байгаа юм. Чамайг хэн ч тоохгүй, хэн ч харьцахгүй.

 Гудамжинд  уначихад хэн ч өргөөд босгохгүй.  Ер нь эзгүй цөлд яваатай л адилхан. Уг нь хувиа бодсон сэтгэхүй монгол хүнд таарахгүй юм байгаа юм.

Гэвч нийгэм нь хүнээ өөртэйгээ адилхан болгоод байгаа учраас хүссэн ч, эс хүссэн ч  хувиа бодсон сэтгэхүйтэй болж байна.

Монгол хүний биеийн байдал ч их өөрчлөгдөж байна. Монгол хүн бол бахим, хөл нь дугуй талдаа, хүч чадалтай хүмүүс. Гэтэл өнөөдөр хот суурин газар  ус шиг, ус шиг залуучууд олширсон. Араас нь харахаар эрэгтэй, эмэгтэй нь ч ялгарахаа больсон байх жишээтэй.  Биеэ чийрэгжүүлэхгүй болохоор яс үс нь ч амархан гэмтдэг болчихдог. Энэ бол монгол хүн физик чанарын хувьд хэврэгшиж байгаа хэрэг.

Дээр нь хэт хувиа бодсон сэтгэхүй газар авч байгаа нь алсдаа монгол хүний оршин тогтнохуйд хортой  гэж би үздэг. Ер нь нийгэм даяараа нэг том шуурганд орчихоод байна шүү дээ. Барууны либерал ардчилал нэртэй үзэл л манайд таарна гэж сурталчилсан.

 Гэтэл үнэн хэрэгтээ Монголын хөрсөн дээр либерал ардчилал огт таарахгүй нь хангалттай батлагдлаа. Америкийн либерал ардчилал Монгол таарахгүй гэхээр Америкчууд уурлахгүй шүү дээ.

Гэтэл Америкийн талыг баримталдаг хүмүүс тэгэж хэлэхээсээ айж байгаа.

Бид Азийн улс, өөрийн гэсэн өвөрмөц онцлог, түүх уламжлалтай.

Монголчууд  “Хүн хүндээ нөхөр” гэсэн ардын сургаалиар хүмүүжсэн улс. Энэ зарчмаар амьдарч ирсэн улсуудад  хэт дураараа, амин хувиа хичээсэн суурьтай либерал ардчиллыг тулгасан нь  Монголын оршин тогтнолын хувьд маш том алдаа.

Азийн хөгжсөн улсууд хөгжлийнхөө эхний 20, 30 жилд либерал ардчиллыг огт ярьдаггүй байсан. Сингапурын Ерөнхийлөгч Ли Куан Ю хамгийн түрүүнд хэвлэлийн ардчиллыг хаасан байдаг.

Америкийн Сингапурт гардаг байсан хэвлэлүүдийг зөрчил гаргангуут л хаагаад байсан.Ингэж хэвлэлээр дамжиж Америкийн үзэл санаа орж ирэхээс хамгаалж чадсан. Ингэлээ гээд тэр улс хохирсонгүй. Сингапур арлын жижиг улс учраас хотын  дотор сахилга, дэг журмыг барих, соёлтой амьдарч сургахын тулд ер нь нэлээд хатуу гараар барьсан байдаг. Өнөөдөр Сингапур улс нэг хүнд ногдох ДНБ-ээр дэлхийд тэргүүлэх хэмжээнд очтолоо хөгжсөн.

 Тэнд ямар ч ашигт малтмал байхгүй, цэвэр усгүй, газрын хөрс гэж бараг байхгүй. Бүх юмаа гаднаас авч байгаа атлаа тэгэж хөгжиж чадсан.Солонгосыг хар, улсаа хатуу гараар л хөгжүүлсэн. Гэтэл Монгол энэ задгай чигээрээ явбал ер нь хумьж авч чадах уу гэж  болгоомжлол төрж байгаа.

Ер нь Монголд хүчтэй удирдагч л хэрэгтэй. Хүчтэй удирдагчтай байя гээд коммунист болохгүй шүү дээ.

Монгол орны хувь заяаг боддог хүн бүр хүчтэй удирдагчтай болохыг л хүсэж байгаа.

Өнөөдөр Монгол орныг удирдаж байгаа цөөхөн хүн өөртөө асуулт тавиасай гэж би боддог. Жишээ нь, би асуудал шийдэхдээ хамгийн түрүүнд хэний  эрх ашгийг эхэлж бодож байна вэ гэсэн асуултыг өөртөө тавьж байгаасай. Эрх мэдэлтэй хүн  бүр л улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавиад байвал том шийдвэрүүд нь зөв л гарна.

Тендэр шалгаруулахдаа хүртэл салбарынхаа эрх ашгийг бодож чадаж байна уу гэдгээ өөрөөсөө асууж бай гэж хэлмээр санагддаг. Совест гэдгийг монголоор сэтгэл гэж орчуулах байх аа. Тэр сэтгэлээ жаахан сэргээгээд, эрх ашгийн эрэмбэ нь буруу байвал ганцаараа суухдаа жаахан бодож, буруу юм хийсэн бол ядаж ичиж улайна шүү дээ. Ингэж хүн бүр өөрийгөө хичээж байж л нийгэм жаахан гайгүй болох болов уу. Би дарга нараас үүнийг л хүсэж байгаа.

ШАР СҮҮНИЙ УУРГИЙГ ТАМИРЧДААС ГАДНА СЭХЭЭН АМЬДРУУЛАХ ТАСАГТ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН

-Та 1996 онд ямар бүтээлээр Төрийн соёрхол хүртэж байв. Шинжлэх ухааны салбарын бараг анхны Төрийн соёрхолт эрдэмтэн гэсэн байх аа?

-1996 онд шинжлэх ухааны салбарт бараг анх удаа Төрийн соёрхол өгсөн дөө. Бүтээлийн нэр  “Уурагт түүхий эдийн шинж чанар, тэдгээрийг үйлдвэрлэлийн технологид ашиглах арга зам” гэсэн онолын судалгааны хэсэгтэй, түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлсэн технологиудтай ажлаар бид тавуулаа Төрийн шагнал хүртсэн. Бидний судалгааны ажил нэлээд гайгүй ажил болсон байсан.

 Төрийн шагнал хүртсэн багийнхан бид бүгд гадаад, дотоодод хамтарсан судалгаа хийж, янз бүрийн уураг, фермэнт, тэдгээрийн бүтцийн талаар ер нь бол дэлхийн дундаж түвшинд судалгааны ажил хийсэн.

Бид  Монголын уураг ихтэй түүхий эдийг хэрхэн боловсруулах талаар зургаан технологи боловсруулж, бүтээгдэхүүн гарган, хэрэглээнд шилжүүлж, зарим бүтээгдэхүүн маань экспортод хүртэл гарч байсан. Монгол  уурагтай түүхий эдээр маш баялаг. Жишээ нь, шингэн сүүний уураг буюу казень байна. Казенийг аарц, бяслагны шар сүүнээс гаргаж авдаг. Хөдөөнийхөн аарц, бяслагныхаа  шар сүүг зүгээр л шахаад асгачихдаг шүү дээ.

Шар сүүнээс уураг гаргаад хатаачихлаар хүн идэхийн аргагүй ааруул маягийн юм болдог. Түүнийг бид боловсруулж, усанд уусдаг уураг болгосон.

Халуун усанд хийгээд хутгахад л сайхан кофе шиг уусчихна. Казенат натри гэдэг нэртэй энэ бүтээгдэхүүнийг социализмын төгсгөлийн он жилүүдэд Хятад руу экспортолж байсан. Финланд руу  ч бас бага зэрэг гаргадаг байв. Казинат натри гэдэг бол уургийн молекуль гэсэн үг.  Молекиулуудыг  фермэнтийн аргаар  хэд хэд жижиглэн, микро организмын тэжээлт орчинд ашиглах талаар нэлээд ахиц гаргасан.

Улмаар бид амфет гэсэн бэлдмэл гаргасан. Шар сүүний уургийг задлаад бэлтгэсэн бүтээгдэхүүн шүү дээ. Амфетийг бодибилденгээр хичээллэдэг улсууд, тамирчид их  хэрэглэдэг байсан. Тамирчид жаахан амфет уучихаад ороход ядардаггүй, хүчний хүнд бэлтгэлийн дараа амархан сэргэдэг. Одоо бид амфетыг үйлдвэрлэх санаатай л яваад байна. Тамирчдаас гадна нэгдүгээр эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт амфетийг хэрэглэдэг байсан.

-Амфетийн үйлдвэрлэлээ яагаад зогсоочихсон юм бэ?

-Үйлдвэрлэлийн багаж, тоног төхөөрөмж маань явсаар байгаад л элэгдээд дууссан. Шинийг авах мөнгө төгрөг байхгүй шүү дээ.

ЭРДЭМТЭД ӨӨРСДӨӨ ГАРААНЫ КОМПАНИА БАЙГУУЛЖ БАЙГАА УЧРААС АМЖИЛТ ОЛОХГҮЙ БАЙГАА

-Монголчууд шинжлэх ухааны их уламжлалтай ард түмэн. Малчин хүний байгаль, цаг уурыг шинжих ёсон хүртэл шинжлэх ухаанч байсан гэлцдэг. Орчин үед уламжлалыг хадгалах боломжтой юу?

-Уламжлалаас нэлээд юм алга болсон. Гэхдээ манай Газар зүй, геоэкологийн хүрээлэн дээр цөлжилтийг сааруулах уламжлалт технологуудын мэдээллийн санг бүрдүүлээд авчихсан байгаа. Түүнийг ашиглах бүрэн боломжтой.

Монгол хүн ажигч гярхай, юмыг тогтоохдоо гарамгай ард түмэн учраас өөрсдөө сурах юмуу, өвөг дээдсээсээ сураад авчихдаг байсан. Энэ чадвар өнөөдрийн монгол хүнд уламжлагдан хадгалагдаж ирсэн. Өнөө цагт жишээлбэл, манай хүрээлэнгүүдийн эрдэмтэд гадаадын өндөр хөгжилтэй орны лабораториудад урт, богино хугацаагаар ажилладаг. Тэгэхдээ асар богино хугацаанд техник, технологийг нь эзэмшээд, учраа олоод ажиллачихдаг гайхалтай, өвөрмөц улсууд.

Монголын эрдэмтдэд  судалгааны таатай орчин бүрдүүлээд,гайгүй шиг цалин өгөөд ажиллуулбал бид онолын суурь судалгааны түвшинд Азидаа богино хугацаанд дээгүүр байранд орчихно.

Санхүүжилт хүнд, багаж тоног төхөөрөмж хомсдолтой үед бид 2015 оны судалгаагаар Азийн 49 орноос 19 дүгээр байранд орсон шүү дээ. Нөхцөл сайжирвал Монголын эрдэмтэд толгой цохих цаг ойрхон байна.

Харин бий болгосон мэдлэгээ амьдрал, практикт нэвтрүүлэхийн тухайд бид үйлдвэрлэлийн технологийн хөгжлийг л харахаас арга байхгүй. Үйлдвэрлэлийн технологи хөгжиж байж судалгааны ажлын үр дүн үйлдвэрлэлд бодитоор нэвтэрнэ. Үүнээс өмнө бол гарааны компанийн түвшинд яваад байх боломжтой. Нийгмийг хамарсан томоохон тэсрэлт болгохын тулд үйлдвэрлэлийн бааз заавал хөгжсөн байх шаардлагатай юм.

-Шинжлэх ухааны үр дүнг амьдралд хэрэгжүүлсэн ойрын үеийн  ямар нэг жишээ байна уу?

-Шинжлэх ухааны үр дүнг амьдрал, практикт нэвтрүүлэх асуудал бол мөнхийн асуудал. Шинжлэх ухаан,судалгааны байгууллага байж байгаа тохиолдолд их, бага хэмжээгээр мэдлэг үйлдвэрлэж байдаг.

 Мэдлэгийг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгох асуудалд дэлхийн бүх орон анхаардаг. Харамсалтай нь манай оронд маш хангалтгүй байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, энэ судалгааны үр дүнг үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлэхээ төлөвлөж байж судалгаагаа эхлүүлдэггүй. Социализмын үеэс л бид ингэж явж ирсэн. Хоёрдугаарт, тодорхой үр дүн лабораторийн түвшинд технологи болоод гараад ирэхээр  түүнийг хүлээж авдаг үйлдвэрлэлийн баазын суурь байхгүй. Социализмын үед үйлдвэрлэл бий болж эхэлж байсан ч тэр бүхэн алга болох нь болоод, хоцрогдсон.

Гэхдээ эрдэм шинжилгээний  байгууллагуудын дэргэд гарааны компани байгуулах журмыг Засгийн газар хоёр жилийн өмнө баталсан. Журам батлагдсанаас хойш энэ чиглэлээр 30 гаруй компани байгуулагдсан.

Хоёр жилийн өмнө байгуулагдсан компани уг нь аль хэдийнэ хэвийн үйлдвэрлэл явуулдаг болсон байх ёстой л доо. Гэвч ингэж чадахгүй байна.

-Яагаад?

-Үүний гол учир нь мэдлэг үйлдвэрлэсэн эрдэмтэн маань өөрөө гарааны компаниа удирдаад байгаа юм. Тухайн компанийг аваад явах менежмэнтийн чадавхи эрдэмтэн хүнд хэцүү шүү дээ. Ээ дээ, их л муу.

Дараагийн нэг шалтгаан бол өмч хөрөнгийн асуудал. Гарааны компанийг Засгийн газар дэмжээд хөрөнгө мөнгө өглөө гэхэд дараа нь тэр хөрөнгө хэний өмчлөлд байх вэ гэдэг ойлгомжгүй байгаа юм. Саяхан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос хоёр баг ажилласан. Нэг багийг нь Н.Учрал гишүүн ахалж, Инновацийн тухай хуулийг сайжруулахаар инновацийн  үйл ажиллагааны хэрэгжилтийг авч үзсэн.

Эрдэмтдийн бий болгосон мэдлэг, технологи бүтээгдэхүүн болохыг л инноваци гээд байгаа юм. Инновацийн эрх зүйн орчин ч тааруухан, бидэнд мэдлэг, туршлага ч дутуу байна. Яг үнэнийг хэлэхэд сүүлийн үед ийм мэдлэгийг инноваци болгочихсон гэж хэлэх юмаар маруухан. Бид академийн хэмжээнд бий болсон мэдлэг , технологи буюу оюуны өмчөө тоолж байна. Инноваци болгочихоор,оюуны өмчөөр бүртгээд авчихаар ямар мэдлэг, технологи байна гэдгээ энэ явцад тодорхойлж авах юм.

-Таны ярьсан 30 гаруй гарааны компаниас амжилттай ажиллаж байгаа компани ганц нэг байна уу?

-Ер нь бол масс  үйлдвэрийн хэмжээнд амжилттай ажиллаж байгаа компани хэлэхэд хэцүү. Гэхдээ гараа нь гайгүй боловч цаашаа өсч чадахгүй байгаа компаниуд байна. Жишээ нь, Завханы Хар нууранд “загасны” гэгддэг Дулмаа доктор гарааны компани байгуулсан.

Огт загасгүй Хар нуурт загас үржүүлээд ямар ч байсан агнуурын нөөцтэй болсон. Тусгай хамгаалалтын тухайн бүсээс загас агнах эрх зүйн орчин нь бий болчихвол Улаанбаатарын нэлээд хэсгийг загасаар хангах боломжтой болсон.

Химийн хүрээлэнд Японтой хамтраад ЭМ технологи дээр түшиглэн байгуулсан гарааны компани хөрсний бохирдлыг бууруулах, цэвэрлэх байгууламж, гэр хорооллын нүхэн жорлонгийн үнэрийг дарах, өтгөн сайхан ногоон байгууламж ургуулах  чиглэлээр ажиллаж байна.

Энэ компанитай орон нутгийн байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байгаа юм. Уламжлалт анагаахын мэдлэгт суурилсан компани ч байна. Энэ мэтчилэн 30 компанийн 20, 30 хувь нь цаашаа явахад яг л бэлэн болчихоод байна.

МОНГОЛ ЭРДЭМТЭД ХААНА Ч ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ

-Хамгийн сүүлийн үед манай эрдэмтдийн нээсэн нээлт, олсон ололт юу байна вэ?

-Нээлт гэдэг  харьцангуй ойлголт  л доо. Манайх 1990-ээд оны дундуур Оюуны өмчийн тухай хуулиа гаргахдаа тэнд “нээлт”, “шинэ бүтээл”, “ашигтай загвар” гэдэг ойлголтуудыг    суулгаж өгсөн. Дараа нь 2000 хэдэн онд билээ дээ, “нээлт” гэдэг ойлголтыг Оюуны өмчийн хуулиас авч хаясан.

Яагаад гэвэл дэлхий дахинд нээлт гэдэг ойлголт манайхаас арай өөр. Эрдэмтэн хүн ямар нэг мэдлэг бий болголоо гэхэд тэр нь явсаар байгаад нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхийг л нээлт гэж байгаа юм. Аль нэг төр, хувийн байгууллага “нээлт мөн” гэсэн гэрчилгээ бичиж өгөхгүй, нийгэм хүлээн зөвшөөрөх нь байна шүү дээ. Энэ жишигтэй нийцүүлж, манайх нээлтийг оюуны өмчөөс хассан. Тухайлбал,байгалийн суурь шинжлэх ухаанаар эрдэмтэн шинэ бүтээл хийгээд тэр нь их сургуулийн сурах бичигт ороод ирвэл гарцаагүй нээлт болно. Бид өөр нэг шалгуураар “нээлт”-ийг хүлээн зөвшөөрч болно.

Дэлхийн хэмжээний  шинжлэх ухааны сэтгүүлд Монголын  эрдэмтний бүтээл хэвлэгдчихвэл Монголын төвшинд тэр бол нээлт мөн.

Жишээлбэл, Америкийн алдартай “Nature” сэтгүүлд монгол зохиогчтой эрдэм шинжилгээний өгүүлэл гарна гэдэг бол Монгол эрдэмтэн олимпийн аваргын хэмжээнд очиж байна гэсэн үг.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эдгээр сэтгүүлүүдэд монгол эрдэмтдийн бүтээлүүд ховор боловч гарч байгаа. Энэ бол манай эрдэмтэд суурь судалгааны талдаа гайгүй байгаагийн үзүүлэлт. Манай эрдэмтэд дэлхийн дунджаас олон арав дахин бага үнээр эрдэм шинжилгээний өгүүлэл гаргадаг. Хэдий тийм ч монгол эрдэмтэд онолын суурь судалгааны чиглэлээр дэлхийд хаана ч өрсөлдөхүйц чадвартай. Энэ бол үнэхээр бахархууштай юм.

-“Шинжлэх ухаан, технологийн сан” танай ШУА-ийн дэргэдэх сан уу?

-Яг манай дэргэдэх сан биш.Гэхдээ огт хамаагүй гэж хэлж болохгүй. Энэ санг анх манай академи санал тавьснаар байгуулсан. Дэлхийн бүх оронд шинжлэх ухаанаа санхүүжүүлдэг үндэсний хэмжээний сангууд байгаа юм. Америк, Орос, Солонгос, Хятад гээд бүх оронд байна. Сангууд үндсэндээ суурь судалгааг санхүүжүүлдэг.

Манайд “Шинжлэх ухаан, технологийн сан”-гийн үйл ажиллагаа Засгийн газрын тусгай сангуудын хуулиар зохицуулагддаг. Энэ талаасаа бол академид хамаагүй ч юм шиг. Сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь салбарын сайдад байдаг. Бүтэц, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар мэддэг. Академид нэг л юмаараа хамаатай. Энэ нь манай судлаачид төсөл бичээд шалгарч чадах юм бол сангаас төслийн санхүүжилтээ олж авдаг. Цаашид дэлхийн жишгээр хөгжүүлж чадвал шинжлэх ухаанд тун хэрэгтэй. Гэхдээ манай шинжлэх ухааны салбар  санхүүжилтийн нэг л эх үүсвэртэй байгаа нь учир дутагдалтай.

Ганцхан сангаас санхүүжиж байгаа нь шинжлэх ухааны хөгжлийг эмзэг байдалд оруулж байна гэж ЮНЕСКО-гийн өндөр түвшний шинжээчид хэд хэдэн удаа хэлсэн.

Бид санхүүжилтийн эх үүсвэрээ олон болгохоор удаа дараа санал тавьсны хүчинд БСШУС-ын сайд Ж.Батсуурь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг суурь санхүүжилттэй болгох зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа. Энэ бол санхүүжилтийн хоёр дахь эх үүсвэр.

Түрүүний миний хэлсэнчлэн шинжлэх ухааны хэрэглээ ихтэй яамд салбарынхаа асуудлыг судалдаг санхүүжилтийн эх үүсвэртэй болох замаар гурав дахь эх үүсвэрийг бий болгох шаардлагатай. Ингэж шинжлэх ухааны эмзэг байдлыг арилгах зам тавигдах нааштай хандлага гарч байгаад бид  их баяртай байгаа.

ЗАСГИЙН ГАЗАР ШИНЖЛЭХ УХААНД АНХААРЧ ЭХЭЛЖ БАЙНА

-Төрийн бодлого, шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргах асуудал байнга яригддаг ч хэлбэршин тогтсон нь үгүй. Танайх төрийн байгууллагуудад зөвлөмж гаргах үүрэгтэй шиг  төр тэр зөвлөмжийг анхаарч авч үзэх үүрэгтэй юу?

-Төр яг тийм үүрэгтэй гэж хэлэх хэцүү. Тухайлбал,Академи УИХ-ын Боловсрол, соёл,шинжлэх ухааны байнгын хороотой хамтраад өргөтгөсөн хурал хэлэлцүүлэг үе үе хийдэг.

Тэнд яригдсан асуудлууд ихэвчлэн ажил хэрэг болдог. Өөр нэг хийсвэр жишээ. Тухайлбал, Улаанбаатарчуудын усан хангамжийн гол эх үүсвэр Туул голын усны асуудлаар эрдэмтэн судлаачдын дүгнэлт, судалгааг гаргаад асуудал тавихлаар төдийлөн анхаарч үзэхгүй байгаа юм. Хоёр талтай л асуудал.

-Засгийн газраас судалгаа, шинжилгээний захиалга ирдэг үү?

-Одоо бол Засгийн газраас захиалга ирэх янзтай болж байгаа шүү. Үнэндээ бол 2012-2016 онд шинжлэх ухааны тулгамдсан асуудлуудаар Засгийн газартайгаа ч ойлголцож чадаагүй. Салбарын яамтайгаа ч сайн учраа олохгүй явсаар дөрвөн жил өнгөрсөн.

Харин 2016 онд гарч ирсэн Засгийн газар шинжлэх ухааныг ойлгож, хамтарч ажиллах асуудалд ахиц гарахаар байгаа. Би хэд хэдэн удаагийн хуралдаанд ороход Ерөнхий сайд ШУА-тай хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг асуудлыг салбарын яаманд удаа дараа хэлж байгаа.

Өвөл Улаанбаатарын утааны асуудлаар шийдэл гаргах үүргийг Ерөнхий сайд эрдэмтэн,судлаачдад өгсөн. Бид энэ оны нэгдүгээр улиралд багтаан тайлангаа тавьсан. Энэ бол ШУА-д хандсан Засгийн газрын анхны бодитой тодорхой жишээ. Бид зарим салбар, яамтай хамтарч ажиллаж эхлээд байна. Тухайлбал, бид БОАЖЯ-тай хамтын ажиллагааны санамж бичигт саяхан гарын үсэг зурсан.Гарцаагүй  шинжлэх ухааны үндэслэлтэй үйл ажиллагаа явуулах ёстой яамд гэж байгаа юм. Хүрээлэн буй орчны бүх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэх ёстой учраас Байгаль орчны яамтай хамтрах нь зайлшгүй.  Дээр нь Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам байна гэх мэтчилэн янз бүр.

-БОАЖ-ын сайд Оюунхорол шинжлэх ухааныг нэлээд эрхэмлэж,эрдэмтэдтэй ч удаа дараа уулзаж ажлаа явуулж байгаа. Танайтай яамдаас анх удаа БОАЖЯ санамж бичиг байгуулав уу?

– Өмнө нь  Оюунхорол сайд салбар салбарынхаа эрдэмтэдтэй  гурван удаа уулзалт хийсэн байна лээ. Энэ үйл ажиллагаа эрдэмтдэд их урам өгсөн байсан. Нөгөө  талаар эрдэмтдийн санаа бодлыг сонсоод салбарынхаа үйл ажиллагаа, бодлого шийдвэрт тусгаж ажиллана гэдэг их үр дүнтэй ажил.

Оюунхорол сайд манай ШУА-ийн Тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаад найман жил болж байна. Өөрөө шинжлэх ухаанд их л элэгтэй хүн дээ.

 ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮСЛЭЭ ГЭЭД КОММУНИСТ БОЛЧИХГҮЙ

-Одоо Ерөнхийлөгчийн сонгууль эхэлж байна. Ард иргэд  өмнөхөөсөө сайжраасай гэсэн хүлээлтээр сонголтоо хийдэг байх.Энэ сонгуулийн талаар Танд юу бодогдож байх юм бэ?

-Манайх Үндсэн хуулиндаа Ерөнхийлөгчийн эрх, үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Манайхан Ерөнхийлөгчийнхөө статуст хоёр байр сууринаа хандаад байна л даа. Нэг нь манайх парламентын засаглалтай учраас Ерөнхийлөгч бэлгэ тэмдгийн чанартай байх ёстой гэж.

Нөгөө хэсэг нь Үндсэн хуулинд Ерөнхийлөгчийг нэгэнт Төрийн тэргүүн гээд заачихсан юм чинь төрийг тэргүүлэх үүрэг, функц нь хадгалагдаж байх ёстой гэж үзэж байна. Би нийгмийн талын судлаач биш учраас хувь хүний бодлоо л хэлье. Монгол Улс сонгодог парламентын засаглалаараа явах нь зөв. Гэвч гадна үзүүлэлт талаас нь аваад үзэхээр парламент төлөвшиж чадаагүй,тэнд ямар ч хүн орж болж байна. Ийм нөхцөлд  хүчтэй Ерөнхийлөгч байвал парламентынхаа төлөвшилд ч, улсынхаа аюулгүй байдалд ч хэрэгтэй.

Хуучин бол лут лут толгойтой, эрдэмтэй улсууд парламентад ордог байсан. Одоо тэр зам хаагдчихаад, мөнгөтэй, арга зальтай л бол ороод суучихдаг болсон. Үүнтэй адил Ерөнхийлөгчөөр мөнгөтэй хүн сонгогдчихвий гэж би болгоомжилж байгаа.

Энэ нь мөнгөтэй хүн муу гэсэн үг биш. Манайх капиталист нийгэм байгуулаад 20 гаруйхан жил болж байгаа. Энэ 20 гаруй жилд капиталын эхний хөрөнгө л дөнгөж хуримтлагдаж байна.

Аль ч нийгэмд, ямар ч улсад капиталын эхний хуримтлал ихэвчлэн луйврын аргаар, буруу замаар хуримтлагддаг жамтай. Яваандаа нийгэм хөгжихөөр энэ хуримтлал ухагдаж гарч ирээд нийгмийн сайн сайханд зарцуулагддаг. Манайд өнөөдөр мөнгөтэй болчихсон хүмүүсээс  нээх мундаг бизнес хийсэндээ баяжчихсан нь цөөхөн.

Нөгөө талаар монгол хүмүүсийн нэг суурь чанар байгаа юм. Аливаа ямар ч албан тушаалд нуруутай хүнийг л ажиллуулах хэрэгтэй.

Энэ “нуруутай” гэдэг бол монгол хүнд л тохирох ухагдахуун гэж би боддог. Ийш тийш савладаггүй, зорилго руугаа алгуурхан яваад байдаг хүн бол нуруутай хүн.

Монгол Улсад их нуруутай Ерөнхийлөгч хэрэгтэй. Яагаад гэвэл дөрвөн жилийн циклээр улс орны хөгжлийг савлуулаад байгаа нөхцөлд Ерөнхийлөгч нь дагаад савладаг, нэг юмыг хоёр янзаар ярьдаг, хийхээсээ хэлэх нь илүү ажил хийдэг хүн байвал улс орны эдийн засагт их хохиролтой. Энэ асуудал зөвхөн бидэнд төдийгүй бидний хүүхдийн хувь заяанд хэрэгтэй.

Ялангуяа өнөөдөр дэлхийн улс орнуудын хооронд хүйтэн дайныхаас илүү зөрчилтэй цаг үе ирчихсэн. Хүйтэн дайны үед бүх зүйл тодорхой байсан. Өнөөдөр бол хэн нь хэнийгээ вэ гэсэн хүч түрэмгийлсэн, сөргөлдөөний нөхцөл маш хүчтэй болсон. Монголчууд тайван учраас  тоохгүй байгаа болохоос биш хэн нь ч юугаар ч бие биеэ хуваагаад идчиж мэдэхээр улстөрийн нөхцөлд дэлхий нийт оршиж байна.

Ийм нөхцөлд гуйвж ганхдаггүй төрийн ажлын туршлагатай хүн л хэрэгтэй л дээ.Дээр нь улс орны эдийн засаг хүнд байхад гадаад харилцаанд нэг нүүртэй Ерөнхийлөгч маш их тус дэмтэй байдаг. Ерөнхийлөгч гадна талдаа төр тогтвортой байхын баталгаа болж харагдаж байгаа. Хэн Ерөнхийлөгч болохоос гаднаас ирэх хөрөнгө оруулалтын хандлага ч шууд өөрчлөгдөнө.

-Та шинжлэх ухааны салбарын болон  нийгмийн тухай  санаа зовж явдаг асуудлуудаар чин сэтгэлийн яриа дэлгэлээ. Таныг ШУА-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд дээр ярьсан зарим зүйл сайн тал руугаа засагдана гэдэгт итгэлтэй байна уу.Та сайн сайхан өөрчлөлтийн төлөө  нөлөө үзүүлж чадах уу?

-Би шинжлэх ухааны салбараас  өөр газар ажиллаж  үзээгүй хүн. Энэ салбарын бүх шатны ажлыг 40 гаруй жил хийсэн. Сүүлийн арван хэдэн жил удирдлагад ажиллаж байна. Миний сонгуульт ажил дөрвөн жил. Дөрвөн жилийн дараа шинжлэх ухааны академи өнөөгийнхөөс илүү бэхжиж,  хүрээлэнгүүд санхүүгийн болон бусад талаар  бие дааж, чадавхжсан байх ёстой гэсэн зорилт тавин ажиллаж байна. Анх мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлэхдээ энэ салбарын хүний нөөцийн бодлого дээр шинэ эргэлт хийх зорилт дэвшүүлсэн. Энэ талаар тодорхой ажлууд эхлүүлсэн. Саяхан БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч  манайд айлчилсан.

Хятадын  лабораторийн  тоног төхөөрөмжүүд Европын хэмжээнд очсон.  Манай эрдэмтэд Монголд хийсэн судалгаагаа Хятадын лабораториудад үргэлжлүүлэх боломжтой гэж бид тохирсон.  Энэ бол эрдэмтэн, судлаачдаа чадавхжуулах маш том боломж. Мөн ирэх намраас эхлээд академийнхаа дэргэд байнгын ажиллагаатай гадаад хэлний институт ажиллуулахаар төлөвлөсөн.  Ойрын үед шинжлэх ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.

ТОВЧ НАМТАР: 

Д.Рэгдэл нь 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.

Улмаар 2002 онд Монгол улсын ШУА-ын  гишүүнээр сонгогдсон байна. ШУА-ийн Хими болон физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан.

Д.Рэгдэл 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулсан.

ЯРИЛЦСАН Т.БҮДЭЭХҮҮ  www.gereg.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Teresa: Pretty section of content. I just stumbled upon your site and in accession capital to assert that I get in...
  • privatni: you download it from somewhere? A design like yours with a few
  • tuzla: Really appreciate you sharing this blog.Really thank you! Awesome.
  • Jestine: Quality content is the key to invite the visitors to go to see the site, that’s what this site is...
  • playboy casino wiki: You must have come across the terms like “relevant web site/page” and “good...