|

ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

19813

МБАНХ-ны Гүйцэтгэх захирал Н.Ганхуяг

ТАНЫ ГЭР БҮЛИЙН ТАВГАН ДЭЭР БАЙГАА МАХНЫ ТУХАЙ ТА ХЭР МЭДЭХ ВЭ

Бага байхад минь манайх хөдөөгийн бяцхан сууринд амьдардаг эгэл бор амьдралтай айл байсан ч аав ээж ах эгч дүү нартайгаа элэг бүтэн байсан үеэ эргэн дурсахад аз жаргалтай хүүхэд насандаа эргээд очих шиг болдог оо.

Манайх нэг хөх хайнагийн үнээтэй байж билээ. Хөх үнээгээ бид “хөхөө” гэж дуудна. Сааль сүүний цаг дөхөхөд ээж минь жижиг түмпэнд талхны үйрмэг, юухан хийхэн хийгээд “хөхөө, хөхөө” гэж дуудахад хаа барааны газраас Хөхөө нэрт үхэр маань хүнгэнэтэл мөөрсөөр ирдэгсэн. Хөхөөгийн буянаар манайх цайны сүү, тараг, өрөм, ааруулаар огт тасардаггүйгээр үл барам ээж минь зундаа шуудай ааруул, хоёр жижиг гүзээ зөөхий илүүчлэн хураадагсан. Ээжийн минь сэтгэлийг хамгаас илүү зовоодог зүйл бол жил бүрийн хаврын улиралд болдог СЭВ-ийн үзлэг байлаа. 1966 оноос ЗХУ, Герман, Болгар зэрэг орнуудын тусламжтайгаар ям, бруцеллёз, сүрьеэ өвчинтэй тэмцэх СЭВ (Совет экономической взаимопомощи буюу Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл)-ийн шинжилгээний экспедиц манай улсад идэвхитэй ажиллаж, мал сүргийг дээрх гурван төрлийн өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд ач тусаа үзүүлсэн байдаг. Манай нутгаас СЭВ-ийн үзлэгт тэнцээгүй саалийн үнээгээ хураалгасан айлын авгайчууд уйлалдаад л гүйцгээнэ. Азаар манай хөх үнээ СЭВ-ийн үзлэгийг ажралгүй давж олон жил бидний бор ходоодыг баярлуулсан сан.

Өнөө үед хот суурин газар амьдарч байгаа хүмүүс монгол малын ашиг шим болох сүү, цагаан идээ, махыг хэрэглэх сүжиг буурч байгаа нь анзаарагдах боллоо. Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хоёр хувь болох 25 тэрбум төгрөгийн үнэ бүхий мах, хүнсний дайвар бүтээгдэхүүн, өндөгийг (2016 он) гадны улс орнуудаас импортлон хэрэглэж байна. Зөвхөн энэ жишээнээс үзэхэд л нэг малчин өрх нэг жилд 160 мянган төгрөгийн орлого олох боломжоо алдаж байна гэсэн үг.

Хүний бие махбодийн өсөлт, хөгжилт, нөхөн төлжилт, биеийн эсэргүүцлийг сайжруулахад онцгой үүрэгтэй хүнсний бүтээгдэхүүн бол яах аргагүй монгол малын мах юм. Бид өдөр бүрийн уураг болон илчлэг сайтай өөх тос, амин дэм, эрдэс бодисын хэрэгцээгээ голлон махаар хангаж ирсэн уламжлалтай. Бидний өвөг дээдэс, малчин ардууд буянт мал сүргээ хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж, зөвхөн зун, намрын улирал өнгөрч, малын сааль сүү татарсан үед хотон дахь малаасаа ялгаж заазалж иддэг, цагаан сараас хойш намар болтол тарга тэвээргээ авч гүйцтэл нь мал гаргахыг цээрлэдэг байжээ.Маханд В-ийн төрлийн аминдэм, тухайлбал, В1, РР агуулагдаж карнозин, креатин, пурины суурь зэрэг хандлагч бодис байдаг нь шөлийг өвөрмөц амттай, хурц болгодог байна. Махны хандлагч бодис нь хоол боловсруулах эрхтний шүүс ялгаруулалтыг идэвхижүүлэн, хоолны шингэцийг сайжруулж өгдөг. Манай бэлчээрийн малын мах хүнд элемент багатайн дээр цацраг идэвхит изотопын бодисоор бохирдоогүй тул экологийн цэвэр маханд тооцогдох ёстой талаар судлаачид тогтоосон.

МОНГОЛ ОРНЫ МАЛЫН МАХ НЬ БЭЛЧЭЭРИЙН ӨВС УРГАМАЛТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ТУХАЙ

Хонины сүүлэнд агууллагддаг Д, С, А, К аминдэмүүд, хэд хэдэн төрлийн ханаагүй тос нь сульдаа, элдэв хордлого, харшил, харааны хөгжилд эерэгээр нөлөөлж, цус багадалтаас сэргийлдэг. Ийм учраас монголчууд амаржсан эхэд шинэ хонины шөл уулган, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угааж, уураг сүүл хөхүүлдэг улaмжлалтай байсан байна. Энэ нь хонь 80 гаруй төрлийн ургамлаар хооллодгоос 30 орчим зүйл нь эмийн ургамал байдагтай холбоотой болох нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ.

Ямааны махны уураг хялбар шингэдэг, хүний бие махбодиос шингэнийг хөөх өвөрмөц бүтэцтэй, үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ, тосонд уусдаг аминдэмүүд илүү байдаг, адууны мах халуун чанартай зарим эрхтэн нь эмийн чанартай, тэмээний маханд нүүрс ус, чихэрлэгийн зүйл ихтэй байдаг зэрэг нь эдгээр малын бэлчээрт ургадаг өвс ургамалтай шууд холбоотой байдагт оршиж байгаа ажээ.

Бидний хийсэн судалгаагаар нийт бэлчээрийн 65 хувь нь унаган төлөв байдлаа алдаж өөрчлөгдөн доройтсон байгаа нь тогтоогдсон. Тэгвэл бэлчээрийн доройтлоос улбаатайгаар зөвхөн ноос, ноолуур, махан ашиг шимийн гарц гэсэн гуравхан үзүүлэлтээр тооцоход орлогын алдагдал жил бүр нэг малчин өрхөд 2,6 сая төгрөг, улсын хэмжээнд 368 тэрбум төгрөг болж байна.

Иймээс эрүүл соргог бэлчээрт идээшилсэн малын махны үнэлэмж, доройтож цөлжсөн бэлчээрийнхээс ялгаатай байхаас эхлээд бэлчээрийн даацыг тэнцвэртэй барьж ургамалд нөхөн ургах бололцоог олгох зэрэг олон чухал асуудал бидний өмнө тулгараад байна.

МАХНЫ ЭРҮҮЛ МЭНДЭЭС БОЛЖ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД МУУГААР НӨЛӨӨЛЖ БОЛОХ ТУХАЙ

Эрүүл соргог, олон төрөл зүйлийн ургамалтай бэлчээрт идээшилдэг малын мах чанартай хүнс тэжээл болдог бол доройтсон, лууль, шарилжинд идэгдсэн бэлчээрт идээшилсэн малын мах хүний бие махбодийг гэмтээж олон төрлийн өвчин үүсгэх суурь нөхцлийг бүрдүүлдэг байна. Тиймээс тухайн мал өвсний соргогийг идэж, усны тунгалагыг уусан, эсвэл доройтон талхлагдаж лууль шарилжинд баригдсан бэлчээрт идээшилж байсан эсэхийг заавал мэдэх шаардлагатай болно.

Манай Хөхөө Булнайн нурууны соргог сайхан бэлчээрт идээшилдэг байсан тулдаа манай гэр бүлийнхэн эрүүл сүү, цагаан идээгээр хооллож бид өдий зэрэгтэй яваа гэж боддог. Тэр үед бид өвсөнд орооцолдоод өвсний шүүдэрт гутал нороод хээрээр явахад түвэгтэй байж билээ. Одоо нутагтаа очоод харахад нэг л эл хуль, уулс нь хүртэл халцарч улайсан харагдах юм.

Бэлчээр, усны хомсдолоос болж өвс тэжээл хайж нэг газраа тогтуун идээшилж чадахгүй, өөдөө уруугаа гүйж харайх, мотоциклоор элдэж хөөснөөс болоод малын мах хатууран хаймар шиг болж булчин шөрмөсний агууламж ихэссэн нь өнөө цагийн хэрэглэгчдийн таашаалд нийцэхгүй болж байна.Сүүлийн жилүүдэд мал маллагааны уламжлалт арга ажиллагаа өөрчлөгдөн машин техникээр хариулах, ачиж тээвэрлэх зэрэгт малыг хэт зовоож тарчлаах болсон байна. Зовж тарчилсан малын мах хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон нь ч бий.

Мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд “ченж”-ийн системээр гарал үүслийн гэрчилгээтэй нийлүүлэгдэж байгаа хэдий ч энэ нь хүнсний аюулгүй байдлын бүрэн баталгаа болж чадахгүй, нийгмийн эрүүл мэндэд өндөр эрсдэл үүсгэж байгаа жишээ олон байна.Улмаар махны хэрэглээний дөнгөж 5-13% нь үйлдвэрийн аргаар бэлтгэгдэж, үүний дийлэнх хувь (92%) нь экспортод гарч, үлдсэн 87-95% нь уламжлалт гар аргаар бэлтгэгдэн ченжийн сувгаар эцсийн хэрэглэгчдэд очиж байна.

Ийнхүү уламжлалт аргаар бэлтгэсэн мах эцсийн хэрэглэгчдэд очдогтой холбоотой хадгалалт, тээвэрлэлт, бөөний худалдаа, жижиглэн худалдааны бүхий л үе шатанд чанарын өөрчлөлт ордог байна.

Нөхцөл байдал ийм байгаа учир мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг ариун цэвэр, эрүүл ахуй, гарал үүслийн гэрчилгээг (шинэ хуулинд “мал эмнэлгийн гэрчилгээ” гэж нэрлэсэн) илүү боловсронгуй болгож, малын бүртгэлд суурилсан гарал үүслийг мөшгих тогтолцоог хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тулгараад байгаа. Малын бүртгэлжүүлэлт нь гарал үүслийг мөшгих тогтолцоог (олон улсад traceability system гэдэг) хэрэгжүүлж хүнсний аюулгүй байдал, гарал үүслийг баталгаажуулах гол хүчин зүйл болдог байна.

Бид саяхан Щвейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт-Малын эрүүл мэнд” төслийн дэмжлэгээр мал болон малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл-шилжилт хөдөлгөөн, эрүүл байдлыг хянах тогтолцоог хөгжүүлэх туршилтын жижиг төслийг Архангай аймгийн Тариат, Өндөр-Улаан сумдад амжилттай хэрэгжүүллээ.

Туршилтын ажлын хүрээнд дээрх сумдын малчдаас “Мах Маркет” ХХК-ны махны үйлдвэрт нийт 600 төлгөн хонины шууд нийлүүлэлт хийж, үйлдвэрийн аргаар боловсруулсан гарал үүсэл нь тодорхой, эрүүл мэндийн баталгаа бүхий, эрүүл бэлчээрээс гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гар дээр тавьсан юм.

Мал, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийн мөшгих тогтолцоог хөгжүүлсэн загвар

Энэ нь тухайн малчны мэдээллээс эхлээд малын бэлчээрийн эрүүл соргог байдал, эрүүл мэндийн үйлчилгээ, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, хадгалалт, хэрэглэгчдэд хүргэх зэрэг махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс та бидний ширээн дээрх тавганд очих шат дамжлага алхам бүрийг хянах ажиллагаа юм.

Малчны хотноос эхлээд хэрэглэгчийн гар дээр тавих хүртэл алхам бүрт хийгдсэн хяналтын ажлын мэдээллийг бүтээгдэхүүнийг дагалдах мал эмнэлгийн гэрчилгээнд тусгаж өгсөн юм.Тухайлбал:

1. Малчны ямар мэдээлэл шаардлагатай вэ?

Овог нэр, регистрийн дугаар
Хаяг (аймаг сум, хэсэг бүлгийн нэр)
Холбоо барих утас
Тухайн малыг маллаж байсан малчны талаарх мэдээлэл нь гарал үүслийг тогтооход анхдагч мэдээлэл болж өгдгөөрөө чухал ач холбогдолтой.

2. Бэлчээрийн эрүүл байдлыг хэрхэн хянах вэ?

Мал эмнэлгийн гэрчилгээнд тухайн малын бэлчээрлэдэг нутгийн талаарх хэрэглэгчдэд сонирхолтой дараах мэдээллүүдийг оруулж өгсөн.

Бэлчээрийн экологийн бүсийн нэр “Ойт хээр, Өндөр уулын бүслүүр г.м”
Бэлчээрийн сэргэх чадавхийн түвшин буюу байгалийн унаган төлөв байдалдаа байгаа болон өөрчлөгдсөн талаарх мэдээлэл
Бэлчээрийн ургамлын голлох зүйл болох үетэн, улалж, шарилж, агь, сөөг, сөөгөнцөр, таана, нэг наст, хагд болон халцгай газрын бүрхэцийн эзлэх хувь зэрэг
мэдээллүүдийг сумын газрын даамал гаргаж өгөх юм.

Бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, одоогийн ашиглалтын нөлөөг тодорхойлж үнэлэх, цаашид доройтох эрсдэл байгаа эсэх, хэрвээ доройтсон бол хэрхэн сэргээн сайжруулах, хамгаалж үлдэх боломжуудыг малчдад түгээх хүрээнд Ус цаг уур орчны шинжилгээний газарт бэлчээрийн төлөв байдлын мэдээлэл үйлчилгээ болон Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газарт бэлчээрийн сэргэх чадавхид суурилсан төлөвлөлт, ашиглалтын арга ажиллагааг хөгжүүлж байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд орон нутагт фото зургийн аргаар бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийг хянах хялбар арга зүйг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд дундын бэлчээрээ хамтран ашигладаг нутаг нэгтэй малчдын хамтын зохион байгуулалт болох хэсэг, бүлгийн улирлын бэлчээр бүрт мониторингийн цэгийг байршуулан ургамлын аж ахуйн бүлгийн түвшин дэх бүрхэцийн мэдээллийг тогтоож байна. Ингэснээр бэлчээрийн төлөв байдлын одоогийн түвшин төдийгүй бэлчээр ашиглалтын одоогийн горим, ачааллыг цааш хэвээр нь үргэлжлүүлэх, эсвэл даруй өөрчлөх шаардлагатай эсэхийг тодорхойлдог түвшин