|

УЛИРАН ОДСОН ТЭР ЖИЛ (өгүүллэг)

11310Куандык ШАМАХАЙУЛЫ

(Ш.Хуандаг)

УЛИРАН ОДСОН ТЭР ЖИЛ

(өгүүллэг)

Хорвоогоос хальсан ангийн анд

О-гийн гэгээн дурсгалд

Багануур хотын төв эмнэлэгт нас сүүдэр тавь гарсан нэгэн эмэгтэй хэвтэрт орж, нэлээд удаан хугацаагаар эмчлүүлж байгаа ажээ. Түүний нэрийг  Оюу гэдэг бөгөөд хэвтэж буй тохилог тасаг нь тусгай гэгддэг, тэрүүхэндээ л өндөр албан тушаалтай хүмүүст зориулалттай юм. Тиймээс нэг өрөөнд ганцаараа хэвтэх учир тэрбээр үргэлж гүн бодолд дарагдан дуугаа хураах бөлгөө.

 Цаг хугацаа юутай хурдан гээч! Хойноос дээд сургууль төгсч ирээд анх энэ шинэхэн хотод ажил, амьдралаа эхэлж, суурьшсан. Эдүгээ хэдийнээ хорин долоон жилийг ардаа орхижээ.

            Оюугийн бүхий л ухамсарт амьдрал энэхүү хоттой нягт холбоотой юм. Энд нөхөрт гарч, хүү охин хоёроо өсгөсөн. Тэд ч амьдралд зөв замаа олж, айл гэр болон тусдаа гарцгаасан.  Анх барилгын яамны томилолтоор ирж, архитекторын хэлтэст инженер болсон. Эдүгээ хотын засаг даргын орлогч болтлоо өсч дэвшсэн  гэж байгаа. Эрдэм мэдлэг болон ажлынхаа туршлагын ачаар гүн хүндэтгэл хүлээсэн Оюу бол хэрэг дээрээ аз жаргалтай л хүний нэгэн гэлтэй. Нөхөр нь гэж хээгүй сайн эр бий. Жаргалыг хүссэн бүсгүй хүн бүр  мөрөөдөж болохуйц л эр хүн.

            Зэрвэсхэн харсан хүнд бол Оюугийн амьдрал ахуй атаархмаар сайхан. Гэлээ ч, үзэсгэлэн төгс энэ бүсгүйн өтгөн хар хөмсөг дорх тунгалаг хархан мэлмийд үл мэдэг уйтгар гунигийн ул мөр гүн шингэсэн мэт ажиглагдах нь нэн сонин. Ааш зангийн хувьд төлөв даруухан, олон таван үггүй болохоор нь хүмүүс түүнийг ихэвчлэн хичээнгүй хөдөлмөрч чанартай нь холбож л ялимгүй уйтгарласан юм шиг царайтай харагддаг болов уу гэж таамаглана.  Хувийн амьдралдаа ч, албан ажилдаа ч амжилт бүтээлтэй, аз хийморьтой яваа өв тэгш хүнд чинь гуниглахаар юу байж таарах вэ дээ. Түүнийг таньж мэддэг бүхэн ийм л бодолтой байх нь лавтай.

Зөвхөн түүний нэг нь яруу найрагч, нөгөө нь зураач хоёр найз хүүхэн л «чиний нүдэнд хэнд ч хэлээгүй гүнзгий нууц байх шиг харагдах юм» гэдэг. Тэр хоёр хичнээн удаа шалавч Оюу ерөөс ам нээсэн удаа байхгүй. «Тийм сүрхий мэргэн юм бол та хоёр өөрсдөө таагаад мэдчихгүй юу? Надад юуны нууц мууц байх билээ дээ» хэмээн дүйвүүлчихнэ. «Бид хоёр уран бүтээлч шүү. Хүний харцаар  дотоод сэтгэлд нь юу буйг мэдчихдэг увидастай» гэхэд Оюу «Би зүгээр л нэг инженер биш, архитекторч хүн. Энэ чинь уран бүтээлээс гадуур юм гэж үү? Үргэлж бодлогоширч явдаг болохоор тэгж харагддаг биз» гээд ам таглана.

            Гэлээ ч Оюу бусдаас тэгж мултарлаа ч өөрөөсөө юугаа нууж хаах билээ. Сэтгэлийн гүнд нууцалсан зүйлээ тэрбээр дотроо бодох дуртай. Үнэхээр миний дотоод сэтгэлийг хүмүүс хараад уншаад байдаг юм болов уу. Гучаад жил ханилсан эр нөхөр маань яагаад анзаардаггүй юм бол. Тэр энэ талаар юу ч асууж шалгаадаггүй шүү дээ.

Сүүлийн хоёр жилд өвчнөө анагаах эм хайж очоогүй газар бараг үгүй. Гадаад орнуудын нэртэй, төртэй олон эмнэлэгт очиж, бишгүй эмч нартай учирлаа. Илаар болохоор ямар нэгэн эм дом нэгээхэн бээр олдсонгүй. Тэгээд энэ бол ердийн нэг өвчин биш, дээд тэнгэрээс илгээсэн үхлийн сум гэдгийг яс махандаа шингэтэл  ойлгосон.

Анхандаа машид их айж түгшсэн. Хичнээн шөнийг нойргүй барав даа. Гэрэлт ертөнцтэй салах ёс гүйцэтгэнэ гэхэд арай эртдэх мэт санагдахад харамсав, ханиа, үр хүүхдээ, дотно хүмүүсээ, найз нөхдөө бодож, уйлж унжлаа. Тэглээ гээд юуг өөрчлөх билээ дээ. Одоо болохоор бүр шийдсэн юм шиг санагдана. Өдөр хоног урсан өнгөрөх тусам энэ хорвоогоос холдоод ч байх мэт. Өнөөгийн амьдрал нь ер бусын харийн нутаг шиг санагдан зөвхөн үхлийн ирэх мөчийг хүлээж буй мэт хачин мэдрэмж төрнө.

Хэвтэрт орсон хоёр сарын турш эдүгээ хүртэлх хагас зуун жилийн амьдралаа бодолдоо дэнслэх гэж оролдов. Гэвч бодол гэгч жолоогүй юм. Эргэж хургаж байгаад л тэрхүү 1979 оныг л «мөлжөөд» л байдаг. Зөвхөн тэр жилийн үйл явдлуудыг эргэн санавал л өвчнөө умартаж, түр ч гэсэн баяр баясгаланд умбах шиг болдог юм. Гучин жилийн дараа ч тэр мөчийг санагалзаж, ийм сонин мэдрэмж төрөхийн чинээ урьд хэн тааварлах билээ.

Одоо бодохноо, амьдралынх нь ихэнх хугацаа ажил төрөл, энээ тэрээ гэж толгой татах завгүй явсаар  мэт өнгөрөн одож дээ, чаавас.

Оюу бол нэгэн гэр бүлийн цорын ганц үр юм. Эцэг эх нь түүнээс өөр хөвгүүнтэй ч, охинтой ч болсонгүй.  Төмөр замын зангилаанд удирдах албанд зүтгэсэн аав нь гэрийн бараа харах нь ховор. Ээж нь ганц охиноо халамжилж, гэр зуурын ажлаар насаа элээсэн хүн. Оюу багаасаа элбэг хангалуун амьдаралд умбаж, эрхи танхи өссөн ч ухаалаг охин байлаа.

Аравдугаар ангид сурч байхад Оюугийн аав Чойр зангилаанд ажиллах болж, тэд төрж өссөн Дархан хотоосоо нүүн шилжив. Энэхүү шилжилт анхандаа Оюугийн хувьд хүнд байлаа. Арван жил хамт сурч, ижилдэн дассан найз нөхдөөсөө салж одно гэдэг амаргүй даваа билээ. Тэгээд бас огт танихгүй газар очих гэж байдаг.

«Салья гээд салсангүй, салаа замын эрхээр саллаа» гэгчээр хичээлийн хоёрдугаар улирлын  эхээр төрсөн хотоосоо гарч Чойрт ирэв ээ. «Шинэ ангийнхан ямар хүүхдүүд юм бол доо? Тэдэнтэй танилцаж, дастлаа ч хаа байсан юм…» гэхчилэн бодсоор сургуулийн хаалгыг татаж билээ.

Ангийн багштай хамт уужим ангид орж очиход бүх хүүхэд ширээнээс толгой өргөж зэрэг харав. Тэрхэн зуур нүүр нь уласхийх шиг болсон нь одоо ч санаанд тодхон. Багшийн зааж өгсөн ширээнд ирж суухад, долгиотсон өтгөн хар үстэй, цайвардуу цагаан царайтай, боловсон маягаар хувцасласан хөвгүүн нүдэнд туслаа. Хоёул агшин зуур харц мөргөлдүүлсэнд хөвгүүн инээмсэглэж:

-Танилцсандаа баяртай байна! гэв. Нүдэнд дулаахан хүүхэд шиг харагдсанд:

-Би ч бас баяртай байна гээд суулаа.

Нэг ширээний хүүхэд нэрээ хэлсэн боловч нэг тийм содон сонсогдов. Тогтоож чадсангүй. Дахин асуух гэснээ санаа зовоод чадсангүй. Дүлий гэж бодох ч юм бил үү. Завсарлагаанаар тэр ангийнхаа хөвгүүдтэй хамт гадагш гарч одлоо. Оюу ангийнхаа охидтой нэгбүрчлэн танилцаж амжив. Бүгдээрээ илэн далангүй яриатай, сайхан ааштай охид санж. Тэдэнтэй хэл амаа ололцож, найзлачихаж болмоор найдлага төрөв.

            Өглөө хичээлдээ очихоор гэрээсээ гарав. Сургууль хүртэл нэлээд хол юм. Энэ тосгонд Дархан хотынх шиг нийтийн тээврийн автобус байхгүй аж. Явган хүний замаар алхаж явтал араас нь хэн нэгэн гүйцэж ирээд зэрэгцэх шиг болов. Эргэж харвал өчигдөрхөн нэг ширээнд суусан хөвгүүн байлаа.

-Сайн уу, Оюу?

-Сайн…уучлаарай, нэрийг чинь тогтоосонгүй!

-Огт зүгээр. Анх танилцсан хүн бүхэн тэгдэг юм. Нэр Мейрамбек!

-Хүүш, ямар хэцүү нэр вэ? Маярумбик. Зөв үү?

-Үгүй, Мейрамбек. Хэлэхэд хүндэвтэр бол зүгээр л  Бек гэж болно.

-За, тэр чинь харин амар юм. Энэ чинь тэгэхлээр, ямар гээч сонин нэр вэ?

-Казахаар юм л даа. Би казах хүн.

-Өө, тийм үү? Чи тэдэнтэй адилгүй л юм байна шүү дээ. Казахууд чинь ногоон нүдтэй байдагсан. Тэгээд бас чи монголоор маш цэвэр ярих юм. Дарханд казахуудтай хөрш байсан. Тэд монгол хэлээр бүр шал ондоо аялгаар ярьдаг. Чи бол тэдэнтэй ер төсгүй юм байна.

-Би чинь хэнтэй ч адилгүй онцгой хүн байхгүй юу.

Хоёул хоолой нийлүүлэн  хөхөрөлдөв. Гэр орных нь нэг чиглэлд таарсан нь Оюу Мейрамбек хоёрыг улам ойртуулж, тэд ахархан хугацаанд дотно найзууд болчихож билээ.

Мейрамбекийнх Оюугийн гэрээс цааш юм байна. Тэрхүү хороололд арвын «а» ангид сурдаг Чимгээ гэдэг халх охин, бас Серхан гэгч казах хөвгүүн хөрш юмсанж. Тэдэнтэй ойр дотно танилцсандаа Оюу ихэд баяр хөөртэй байв. Хичээлийн дараа дөрвүүлээ зэрэгцэн хамт харина. Өглөө хамтдаа гарна. Яриа хөөрөө нэгтэй, бас хөгжилтэй сайхан. Анхны цас орсон өдөр дөрвүүлээ бага ангийн хүүхдүүд шиг хоорондоо цас шидэлцэн, нүүрээ угаалцан хөгжилдөн наадаж билээ.

Ийнхүү явсаар хоёрдугаар улирлын хэрхэн өнгөрснийг ч анзаарсангүй. Дүнгээ сонссон өдөр төгсөх ангийн бүх сурагчид шинэ гарах 1979 оны сүлд модны баярт зориулсан үдэшлэгт оролцов.

Үдэшлэгийг ширээнийх нь найз Мейрамбек хөтлөн явуулж байлаа. Бүжгийн завсар сургуулийн авьяастай сурагчид дуулж, хуурдана. Тэднийг зарлахдаа Мейрамбек дөрвөн мөрт шүлгээр танилцуулна. Нийтийн бүжгийн аяд зориулсан пянзнуудыг тавихын өмнө ч чуулгын тоглолт болон дуучдын талаар товч танилцуулж, цэцэн цэлмэг уран үгсээ урсган хөгжилдөхийг уриалан дуудна. Тэр бүхэнд хүүхдүүд алга ташиж, бултаараа татганан бүжинэ.

Нэг ширээний найзынх нь ийм авьяастайд Оюу бишрэхийн зэрэгцээ бас бахархаж байлаа. Найзуудтайгаа бүжигнан бүжиглэж байхдаа үе үе Мейрамбек рүү харц шидлэн байв. Тэр бүжгийн завсарт хөгжмийн багштай ямар нэгэн юм ярилцана. Дараа нь эвлэлийн үүрийн даргатай зөвлөлдөн байх нь харагдана. Энэхэн үдэш найз хөвгүүн нь ер бусын туяа цацруулсан хаан хүү шиг харагдсныг яана.

Ээлжит номерийн дагуу нэг сурагч дуулж дуусмагц үдэшлэг хөтлөгч вальсын «цагаан танц» гэдэг төрлийг зарласнаа «Энэ удаа эрх танхил охид бүсгүйчүүддээ боломж олгож байна. Та бүхэн өөрсдийнхөө хамгийн их хайрлан хүндэлдэг  хөвгүүдээ нийтийн бүжигт урьж болно» гэв.

Энэхүү боломжийг ашиглаж Мейрамбекийг урья хэмээн шийдсэн Оюу түүнийг чиглэн алхсан юм. Яг ойртож очтол Өвлийн өвгөний дэргэд байсан «Цасан охин» – наймын «б»-д сурдаг өндөр охин Мейрамбекийг амжаад урьчихсныг яана. Гай болоход тэнд зогсож байсан эвлэлийн үүрийн дарга өөрийгөө урихаар ирлээ гэж бодсон бололтой, гараа сунгаад Оюутай вальс бүжиж гардаг байгаа. Түүгээр ч барахгүй бас бүжиглэх зуураа «Чамд баярлалаа. Хотоос ирсэн ийм хөөрхөн охин мань мэтийн хөгшин төгцөгийг тоож урина чинээ санасангүй» гэнэ шүү, өнөөх дарга залуу чинь. Нэг ширээний найзыгаа урихаар очоод түүнийгээ өөр охинд алдчихсныг тэр яахин мэдэх билээ.

Хамгийн хачирхалтай нь өөрөөс нь арваад нас ах мөртлөө өнөө гайхал чинь сүүлд эргүүлэх ухааны юм болж, түүнээс арайхийн холдсон удаатай..

Эвлэлийн үүрийн даргатай танцлах завсраа Оюу Мейрамбек рүү нүд салгалгүй харж байлаа.  «Цасан охин» хоёр гараа сунгаж, түүний хүзүүг ороох шахам тэвэрчихсэн намуухан ганхах зуураа эцэс төгсгөлгүй ямар нэгэн яриад л бүжиглэж явна. Мейрамбек болохоор ердийнхөө намбалаг даруухан төрхөөрөө хааяа нэг толгой дохих аядна. Ер нь Мейрамбекийн дотор санааг таах маш хэцүү. Бүх найзуудтайгаа тэгш харилцана. Илүү дутуу харах юмгүй шиг харагддаг. Зан аашийн хувьд хээгүй юм шиг мөртлөө хэлсэн үгнээс нь, зүс царайнаас нь бодлыг нь тааж мэдэх ямар ч арга байхгүй. Тэр аяараа тайлагдашгүй оньсого гэлтэй. Оюуд тэр сайн бололтой байдаг. Гэхдээ хайртай юу, үгүй юу гэдгийг мэдэхэд бэрх. Хайртай байх гэхлээр заримдаа ангийн бүх охидтой адилхан харьцдаг ч юм шиг. Хайргүй байх гэхлээр зөвхөн өөрт нь бүр халуун дотно ханддаг ч юм шиг.

Заримдаа «Би ер нь дэмий л горилж яваа бус уу. Магадгүй түүний хайртай бүсгүй алс хол нутагт байгаа байх» гэсэн сэжиг төрнө. Тэгсэн мөртлөө түүнийг өөр охидоос харамлах сэтгэл төрнө.

Оюугийн хувьд энэхүү вальсын хөгжим бүр удаан, гурав дөрөвхөн минут биш, өдөр хоногоор суначихсан мэт санагдав. Хурдан дуусаасай гэх тусам л үргэлжлээд байгаа мэт. Түүний дээр Мейрамбекийг урихаар очоод энэ нэг даргархуу хөгшинтэй санаандгүй валсын хос болсондоо уур нь хүрч байлаа.

Ашгүй хөгжим ч өндөрлөв. Оюу тэр хавиас явалгүй  Мейрамбекийн ойролцоо зогслоо. Дуучин сурагчийг зарлачихаад Мейрамбек ч Оюугийн дэргэд ирлээ.

-Сэтгэл санаа ямар байна вэ, Оюу?

-Онцгүй байна. Чамайг «цагаан танцад» урихаар ирсэн чинь, «Цасан охиныг» дагаад зугтаах чинь билээ хэмээн тунирхав.

-За, яахав. Би өөрөө чамайг урья!

Хоёул хайр дурлалын сэдэвт уянгын дууны аясаар найган бүжинэ. Хөгжим бүү дуусаасай гэж хүсэмжилэв. Бүхий л насаараа түүнтэй ийнхүү тэврэлдэж явдаг ч болоосой хэмээн мөрөөдөв. Аажим аажмаар ойртож байгаагаа өөрөө ч анзаарсангүй. Халуун амьсгал нь нүүр рүү төөнөх шиг болоход хамаг бие нь хайлчих мэт болно. Мейрамбекийн нүүр рүү харвал ердийнхөөрөө аанай л төлөв байдлаараа инээмсэглэнэ. Нэлээд удаан үргэлжилмээр дуу шиг байсан хурдан төгсчих шиг санагдлаа.

Түүнээс хойш ч хоёул хослон хэд хэдэн удаа вальс бүжив. Оюу тэр мөчийн онцгой мэдрэмжээ яг одоо болж буй мэтээр санахуйд өөрийн эрхгүй мишээжээ.

-Ээж ээ, инээмсэглэв үү дээ? Бие тэнхээ сайжирсны шинж байх аа гэсэн хүүгийнх нь дууг сонсоод бодол нь замхарч нүдээ нээвэл бэр хүү хоёулаа тасагт нь өдий болтол сууж байгаа ажээ. Оюу тэднийг аль  хэдийн явчлаа гэж бодсон юм.

-Та хоёр харь даа. Миний бие сайн. Хүүхдүүддээ очицгоо!

-Нэг маань энд үлдэх нь зөв байх аа. Шөнө та ганцаараа…

-Зүгээрээ. Түрүүн аав чинь сахих гэхээр нь буцаачихсан. Энд сувилагч, жижүүрийн эмч байгаа. Намайг өнгөрчихнө гэж айцгааж байна уу?

-Үгүй дээ. Болил доо, ээж…

Хүү бэр хоёр нь гарсны дараа дахиад л гүн бодолд автлаа. Орь ганцаараа хэвтээд Мейрамбектэй хамт өнгөрөөсөн тэрхүү нарлаг сайхан өдрүүдээ санан дурсахаас өөр баяр жаргал энэ орчлонд үлдээгүй мэт санагдана.

Өдий олон жил өнгөрсөн хойно сүүлийн хэдэн хоногт яагаад түүнийг санан дурсах болсноо өөрөө ч гайхавч барахгүй байлаа. Яагаад эрүүл саруул үедээ түүнийг эрж хайсангүй вэ? Одоогоос яг хорин жилийн өмнө тэр түүхэн эх орноо зорьж Монголоос гарч одсон гэж сонссон. Алматы хот гэдэг чинь ертөнцийн хязгаар биш, энүүхэнд байгаа газар шүү дээ. Ангийнхаа найзыг хайж ирлээ гээд яваад очвол түүнийг хэн буруутгав гэж.

Хэрэв энэ хорвоогийн сайн сайхныг биеэр амсч, жаргалтай аж төрсөн хүнийг олоод ир гэвэл үг дуугүй л энэ Оюуг хөтлөөд аваачиж болох байх аа. Харин тэгтэл үхлийн ирмэгт тулчихаад байхдаа эргэн санахуй хамгийн жаргалтай мөч түүний  хувьд тэртээх он жилүүдийн цаана Чойр хэмээх тосгонд үлдэж хоцорсон арван найман нас нь л бололтой. Зүрхэнд ойр дурсамж, баяр цэнгэл бэлэглэх зүйл ч тэр жил юм шиг. Хэвтэрт орсон хүнд энэ ч бас тайтгарал агаад нууцлаг нэгэн оньсого мэт ертөнц бололтой.

Тийнхүү шинэ жилийн өмнөх үдэшлэгээс хоёул хамт гарсансан. Маргаашнаас арван хоног амралт эхлэх юм. Оюу өглөөний суудлаар замд гарна. Ээжтэйгээ хамт Дарханд очиж нагацынхаараа зочилж ирэхээр болжээ.

-Бек, чи энд амрах юм байгаа биз дээ?

-Би маргааш оройны суудлаар явна.

-Хаачих юм бэ?

-Гэртээ. Эцэг эх, дүү нартаа. Тэд ч намайг санасан байх аа.

-Танайх чинь энд биш юм уу?

-Үгүй чиш. Энэ чинь манай эгчийнх байхгүй юу. Манай гэр Хажуу улааны уурхайд байдаг. Манай тосгонд 10 жилийн сургууль байхгүй. Урьд нь найман жил ч байгаагүй. Долдугаар ангид Иххэт суманд дотуур байранд сууж сурч байлаа шүү дээ.

-Ө, тийм үү? Би чамайг өөр шигээ айлын ганц хүүхэд гэж бодсон юм. Хэдүүлээ вэ, та нар?

-Есүүлээ. Би хоёр дахь нь. Хүүгийн хувьд ууган юм.

-Ямар гоё вэ. Олон хүүхэдтэй айл сайхан шүү… гэснээ Оюу гүнзгий санаа алдав.

Шинэ оны өмнөх үдэш. Том том цасан ширхэг хаялавч салхигүй намуун. Нүүр ам хайрчихаар хүйтэн жавар ч үгүй. Мейрамбекийг тав хийтэл сугадаж аваад энэ тэрийг хуучлан яаралгүй алхлавч гэрийнхээ гадаа хэдийн ирчихэж. Гэвч Оюу гэртээ орох гэж огт яарсангүй. Үүд рүү дөхөж ирж зогсоод ярилцаж байлаа. Бек ч гэсэн яарах шинжгүй зогсоно.  Яриа хөөрөө нь нийлэмжтэй гэж юу хэв. Нэгээс нөгөөд дамжаад цааш сунжираад ёстой л буу халж байлаа.

Ээж нь үүднээсээ хоёр гурван удаа цухуйж Оюуд орохыг шаардав. «Одоохон орлоо» гэчихээд л зогсоод байв. Бүр үүр цайтал зогсовч болохоор л байлаа. Гэлээ ч ээж нь дөрөв дахь удаад нэлээд ширүүхэн дуугарсанд Бекээс санаа зовоод гэр рүүгээ алхлаа.

Дарханд ирснийхээ дараа Оюу амралт хурдан дуусаасай гэж хүсэмжилж байлаа. Урьд нь удаан амрахсан гэдэгсэн. Одоо болохоор түргэхэн шиг Чойрт хүрэхсэн гэж яарна. Өдөр ч, шөнө ч Мейрамбекийг санан гиюүрнэ. Түүнтэй уулзан учрахдаа өөр хоорондоо болсон яриа хөөрөөг нэгд нэгэнгүй эргэн санана. Түүний хэлсэн үг бүрээс өөрт нь чиглэсэн хайрын шинж чанар бүхий ямар нэгэн зүйл байгаа эсэхийг эрж хайна. Гэвч  найдвар төрүүлэхээр учир начир олдож өгөхгүй л байв. Тэр ч гэсэн миний адил намайг санаж байгаа болов уу, эсхүл бүр мартаж орхив уу. Амралтын дараа уулзалдахад намайг харангуутаа «Оюу минь, чамайгаа би бэтгэртлээ саналаа. Чамд маш их хайртай» гэж хэлээсэй билээ хэмээн мөрөөднө.

Түүний ярьсан хэлсэн болгоныг Оюу нэгбүрчлэн цээжээр давтаж чадна. Галт тэргээр ирж явахдаа Бекийн хэлсэн нэгэн инээдтэй яриа гэнэт санаанд нь орчихоод зогсолтгүй хөхөрч гарсныг яана. Ойр хавьд суусан зорчигчид гайхан харцгааж, ээж нь бүр тэвдэж орхив.

-Охин минь, юу болоо вэ?

-Зүгээрээ, ээж ээ! Нэг инээдтэй юм санаанд ороод…

Тийн явсаар Чойрт ирэв. Аавынх жолооч тэднийг тосч аваад гэрт нь хүргэв. Холын аянаас ирэвч огт ядраагүй сэргэг байлаа. Аав ээждээ оройн хоол бэлтгэж, гүйх шахам орж гарч байлаа.

Гэртээ ирснийхээ дараа охиных нь магнай тэнийж, бүр дуу аялан байсанд ээжийнх нь ч бас санаа амрав. Амралтын өдрүүдэд Дарханд байхдаа, бас галт тэргэнд явахдаа ч охин нь яг ийм цовоо сэргэлэн байсангүй. Үргэлж бодлогоширч, дуугаа хураачихаад явсан. Одоогийн байдал эхийн сэтгэлд нэн таатай байлаа.

Оюугийн хувьд  яг одоо Мейрамбектэй нэг дор байж, нэг агаараар амьсгалж суугаа нь, маргааш түүнтэй уулзаж учрахаас илүү баяр жаргал үгүй байлаа. Шөнө дөл болтол нойр хүрсэнгүй. Өглөөний уулзалтаа, бас нэг ширээнд суухаа бодохноо зүрх нь лугшиж, цээжинд баяр хөөр буцлана.

Өглөө нь болзоотой юм шиг л хоёул тааралдав. Оюу ум хумгүй гүйж хүрээд түүний цээжинд наалдав. Ийм болно гэж бодоогүй  Мейрамбек анхандаа мэгдсэн боловч охиныг тас тэврэн авав. «Чамайг санаж үхэх шахлаа, Бек! Би чамдаа хязгааргүй хайртай!».

Мейрамбекээс хүсэн хүлээсэн үгс өөрийнх нь амнаас хэрхэн гарчихсныг мэдсэн даруйдаа эвгүйцэж, бүр ичих шиг болов. Түүний нүүр рүү харвал, Бек тэр л ердийнхөө оньсогон мишээлээрээ юу ч болоогүй юм шиг тайван зогсоно. Гэхдээ бас чанга тэвэрч уруул дээрээс нь үнсээд авлаа шүү, эр хүн гэсэндээ.

Сургуулийн шуугиант амьдрал эхэлсэн. Амралтын турш уулзалдаагүй андууд мэнд мэдэлцэж, яриа хөөрөө болж, үймсээр хичээл ч тарав. Тэр орой ангиараа шинэ кино үзэхээр кино клубт очицгоосон.

Кино эхэлснээс дуусах хүртэл нэг нэгнийхээ халуун алгыг атгаж, зүрхний цохилтоо мэдэрч бие биенээ налан суув.  Хайр дурлалын сэдэвтэй уянгын кино ч бас их сонирхолтой бүтээл санж. Оюугийн хувьд Бекийн өөрт нь хайртай юм байна гэдгийг мэдсэн нь хамгаас илүү баярт явдал болов.

Түүний халуун цээжинд наалдан байж үнсүүлсэн өвлийн үдэшийн тэр мөчөө яг л өнөөдөр байсан юм шиг л тодхон санав. Бие биеэ анхны харцаараа таалж, хос зүрхнээ хайрын гал бадран ассныг тэр үдэш харилцан мэдэлцэж, ний нуугүй илчилсэн билээ.

Анги, сургууль даяар бүр багш нар нь хүртэл тэр хоёрын чин зүрхний хайраар учирсан амраг хосууд болсныг мэдсэн, бас бие биендээ таарч тохирсон сайхан хань болно гэдэгт итгэлтэй байв.

Хаврын улиралтай хамт сургууль төгсөх болон элсэлтийн шалгалтын бэлтгэл эхэлсэн үе. Бүх төрлийн хичээлд гаргуун Оюу математикт тааруу Бекэд маш их тус болж байлаа.

Нэгэн удаа аав ээж нь эзгүйд тэр хоёр шөнө болтол Оюугийнд сууж шалгалтад бэлтгэв. Тэрхэн зуур Оюу амттай хоол хийж,  хоёул хамт сууж хооллов. Бек түүний гүн мэдлэгтэй математикч төдийгүй бас сайн тогооч юм байна гэж магтав.

-Бүхий л амьдралынхаа турш чамд хоол хийж өгч, яг л ингээд хамт сууж байхсан даа гэж Оюу мөрөөддөгөө ярина.

-Тэгэлгүй яах вэ, яг одооноос эхэлбэл яасан юм бэ? гэж Бек алиална.

Шөнө дундаас өнгөрөхөд Бек явахаар зэхэв. Оюу түүнийг явуулсангүй.

-Би ганцаараа үлдэхгүй, айж байна. Чамайг хонох байх гээд би  өдөр Чимгээд хэлээгүйсэн билээ. Хоноод яв!

Чийдэн унтрааж, хоёулаа нэг орон дээр зэрэгцэн хэвтлээ. Бие биенээ хичнээн үнсэвч ханашгүй байлаа. Гэлээ ч уургын үзүүр хүрээгүй омголон морь шиг хангал мэдрэмжээ  хоёулаа барьж ядавч ухаанаар жолоодон тэвчиж байлаа. Бек хичээвэл Оюу өөрийн эрхгүй түүнд захирагдах нь лавтай. Нэг мэдэхнээ үүр цайж байсан. Энэхэн үед хоёул тас тэврэлдсэн хэвээр нам унтсан байлаа. Жинхэнэ унаган онгон хайр гэгч тэр учрал байсан буй за.

Аль аль нь хүүхдээрээ байж дээ, хөөрхий. Цэвэр ариун хайрын баталгаа байсан ч юм бил үү.  Үе тэнгийн охидоос Оюу сонсохдоо хөвгүүд нэг хавьтсан бол тэр чигээрээ зугтчихдаг гэдэгсэн. Бекийн хувьд бүхий боломж байлаа ч тэвчээр зааж, гүрийгээд өнгөрсөн нь нэг бодлын гайхмаар хэрэг байлаа. Түүний учир начрыг Оюу хожим нь  ойлгосон  билээ.

Мейрамбек хичнээн хайртай байвч Оюуг заяаны хань болгож чадахгүйгээ эрт мэдсэн бололтой юм. Учир нь, үндэс угсааныхаа ёс заншлыг хатуу баримталдаг түүний эцэг эх ууган хүүгийнхээ халх охинтой гэрлэхийг хатуу хориглосон юмсанж. Юуны өмнө эцгийнхээ хэлсэн бүхнийг хууль цааз мэт дагадаг Бекийн хувьд Оюугийн тунгалаг ариун лагшинг бузарлачихаад хожим нь гэрлэхээс татгалзах нь зүйд нийцэхгүй хэрэг гэдгийг хэлэх юун.

Оюугийн ээж охиныхоо учир явдлыг мэдснийхээ дараа ойж буулаа даа. Өөр үндэстэн бас шашин шүтлэг, ёс заншил нь ондоо хархүүтэй нөгцөхийг бараг л нүгэлд тооцож байлаа. Харин хаа очиж, аав нь охиноо дэмжив. «Бие биендээ үнэнч байвал барав, үүнд үндэс угсааны ялгаа ямар хамаатай юм, залуу улс өөрсдөө шийдэг» гэв. Ээж нь огт зөвшөөрсөнгүй. Бекийг дуудаж ирүүлээд хоёуланг нь зэрэгцээ суулгаж байгаад «Та хоёрын хувьд эрт байна шүү дээ, хүүхдүүд минь! Чамд казахын нэг охин, Оюуд халхын нэг хархүү олдохдоо олдоно. Нэг ангийн жирийн найз нөхөд болцгоогтун» гэж учирлаж ч, гуйж ч, загнаж ч хэлсэн удаатай. Оюу ээжийнхээ үгнээс тас зөрдөг байсан.

-Тэгж яривал энэ намар бид хоёр Москвад суралцах хуваарь авч хамт явна. Тэнд очиж, гэрлэчих юм чинь. Тэнд 5-6 жил сууж, хүүхэд шуухадтай болоод эргэж ирэхэд та бол яаж ч чадахгүй шүү дээ гэнэ.

Үнэхээр Оюу яг тийм бодолтой байсан.  Мейрамбек болохоор томчуудын өмнө тоймтой  юм хэлэхгүй, ер бусаар гөлөлзөөд байх талтай. «Юунд булагнаад байдаг юм бэ?» гэхээр «Хайрт минь, яарах юу байх вэ? Тэгэж байгаад болж бүтэнэ биз» л гэнэ. Үүнд уур нь хүрсэн Оюу бүтэн сарын турш түүнтэй дуугарахгүй болчихов. Мейрамбек ч бас зөрүүд амьтан юм. Арын ширээнд очиж суучихаад хичээл тарангуут хөвгүүдтэй хамт тэнээд явчихдаг боллоо.

Эцэст нь Оюу тэссэнгүй, эвлэрэхийн тулд өөрөө очиж уучлал гуйлаа. Бүх шалгалт дуусч сургуулиа төгсөв. Их, дээд сургуулиудад элсэлтийн шалгалт өгөхөөр төгсөгчдийн ихэнх нь аймгийн төвд ирцгээсэн. Аз болоход Оюу Мейрамбек хоёрын буусан айл нэг орцонд болж таарав. Сургууль төгсөгчид гурван хичээлээр элсэлтийн шалгалт өгнө. Амжилттай болвол гадаад дотоодын их, дээд сургуульд орох хуваарь авна.

Анхны шалгалтыг Оюу ч, Бек ч амжилттай өглөө. Шалгалтаас унасан хүүхдүүдийг шууд л цэргийн албанд татаж байв. Мейрамбек, Оюу нар дээд сургуульд хуваарь авах жагсаалтад орчихсон учраас цэрэгт татагдсан найзуудаа гаргаж өгнө. Сурагч ахуй насаа хамт өнгөрөөсөн найз нөхөд уйлан хайлан тал тийшээ салан одож байлаа.

Орой бүр Сайншандын цэцэрлэгт хамт зугаалж, яриа хөөрөө өрнүүлсээр элсэлтийн шалгалт ч өндөрлөж, Оюу инженерийн мэргэжлээр Москвад,        Мейрамбек УБДС-ийн кино найруулагчийн ангид Улаанбаатарт суралцах болов.  Баяр хөөр болсон хос хайртыг үнэн хэрэг дээрээ энэхүү хуваарь хоёр тийш салгаж билээ.

Хажуу улаан руу буцах болсон Бекийг Оюу төмөр замын вокзалд очиж, уйлан хайлан гаргаж өгсөн. Салж ядан үдсэн хайрт залуугаа Оюу тэр мөчөөс хойш нэг ч удаа олж харсангүй. Намар хичээл эхлэнгүүт сургуулийнх нь хаягаар удаа дараа захидал бичсэн. Түүнийг нь Бек авсан эсэхийг үл мэднэ. Москвад нэг жилийн хэлний бэлтгэл хийснийхээ дараа зун Оюу Монголд ирсэн. Эцэг эхтэйгээ учирч, долоо хоног амарсныхаа дараа шууд л Хажуу улааныг зорьсон. Бэтгэртлээ санагалзсан анхны хайрт залуугаа хайж ирэхэд хөөрч догдолсон сэтгэлийн их галд ус цацах мэт болсныг яана. Харамсалтай нь арваад хоногийн өмнөхөн Мейрамбекийнхэн гэр орноороо Эрдэнэт хот руу нүүчихжээ.

Мейрамбектэй хамт сурдаг Чимэгтэй уулзаж баахан хуучлав. Анхны хайрынхаа тухай хүүрнэж, түүнийхээ сургийг ч болов сонссонд сэтгэл нь бага ч атугай тайтгарах шиг болов…

Баяр цэнгэлээр дүүрэн оюутан ахуй цаг ч харвасан сум шиг нисэн өнгөрөв. Чойрт хамт сурсан охид, хөвгүүдтэй тааралдахдаа л Мейрамбекийн тухай сонсноос биш өөртэй нь ер тааралдсангүй. Өөрийнхөө уугуул нутгийн казах бүсгүйтэй гэрлэснийг нь анх сонсоод ганцаар суугаад цурхиран уйлавч түүндээ аз жаргал хүсэв. Хожим нь бүр хил давж Казахстан улсад явсан гэж дуулсан.

Түүний өөрийг нь хайж хэзээ ч ирэхгүйг мэдсэн тэр жил оюутан байхаасаа араас нь гүйсэн нутгийнхаа залуутай гэрлэсэн. Анхны арван жилд Бекийн найруулсан бүх киног алдалгүй үздэг байсан.  Киноноос түүний нүүр царайг эс үзэвч, «найруулагч» гэсэн бичгийн ард байдаг нэр усыг харах бүрдээ баярлан хөөрдөгсөн. Киноны дүрүүдээс өөртэйгээ ижил ямар нэгэн юм байна уу гэж хайдаг байсан. Сүүлийн хориод жилд бүр сураг тасарчээ. Ангийнхны яриагаар бол Казахстанд явснаасаа хойш Монголд нэг ч удаа хөл тавиагүй юм байна. Амар мэнд л болоосой доо гэдэгсэн.

Одоо ингээд үхлийн ирмэгт тулчихаад хувь тавилангаар хүүхэд насандаа учраад хязгааргүй хайрлан дурлавч ханилахын заяа дутсан түүнийг санан дурсаж хэвтдэг. Өчигдөрхөн тэрбээр Улаанбаатараас Чимгээ найзыгаа дуудсан. Дөнгөж сая тэр утасдаж Багануурт орж ирснээ мэдэгдсэн. Хагас цагийн дараа тасагт нь ирэх учиртай. Өнөөдөр өөрийгөө ер бусын цовоо сэргэлэн мэдэрсэн учир орноосоо бослоо.

Чимгээтэй хоёул тэврэлдэн золголцов. Найз нь ам хамхилгүй ярьж байна. Бек Алматы хотын киностудид найруулагчаар ажилладаг юм байна. Түүнийг Фэйсбүкээр хайж олоод чатад нь зурвас бичиж үлдээснээ хэлэв. Гэвч хариу авсангүй. Киноны ажлаар хөдөө гадаа явсан байж таарна. Хариу ирэнгүүт чиний утасны дугаарыг, скаипыг өгч холбоо бариулна гэлээ.

Оюу маш их догдолж, нүдэнд нь нулимс хурлаа. Суудлаасаа босох гэснээ өвдөг нь сөхөрч хөсөр уналаа. Чимгээ эмч дуудаж, Оюуг орон дээр нь хэвтүүлэв.

-Оюу, чи яачихав аа?

-Бек…миний… анхны бас сүүлчийн…одоо хүртэл… гэснээ Оюу эцсийн удаа гүнзгий шүүрс алдаад, уйтгар гунигаар дүүрэн хөөрхөн хар хос мэлмийгээ үүрд аньж, амьсгал хураалаа…

Астана хот,

Казахстан

2016.

Холбоотой мэдээлэл :

1 Сэтгэгдэл сэтгэгдэл “УЛИРАН ОДСОН ТЭР ЖИЛ (өгүүллэг)”

  1. Та кино болгоорой_таниар бахархдаг шүү

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa