|

Ерөнхийлөгч цагдаагийн удирдлагад хатуу сануулга өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг дуудаж уулзлаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар зэрэг шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үеэр гарсан эмх замбараагүй байдал, түүнчлэн шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үйлдэл гаргасан талаар” гэсэн танилцуулга надад ирүүлсэн байна. Энд бичсэн болгоныг би дурдах шаардлагагүй байх гэж бодож байна. Гол нь шүүх хуралдааныг зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүссэн. Тэр өдөр үүрэг гүйцэтгэх ёстой цагдаагийн албан хаагч нараас гадна энгийн хувцастай хурандаа нар, дүрэмт хувцастай албан хаагч нар олноороо байсан. Тэр хүмүүс ажлаа тасалсан, эсэргүүцэл илэрхийлсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай яригдсан байгаа. Шүүгч хуулийн дагуу шийдвэр гаргахад тэнд байсан шүүгдэгчид “Би тэр хорих руу чинь явахгүй ээ” гэж шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн байна. Мөн гаднаас тодорхой иргэдийг дуудаж шүүх танхимд эмх замбараагүй байдал үүсгэжээ.
Шүүхийн зүгээс цагдаагийн байгууллагын зохих удирдлагад хандаж, нэн даруй хэрэгжүүлэх ёстой шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсэхэд түүнийг хэрэгжүүлээгүй гэж танилцуулгад бичжээ. Мөн цагдаагийн байгууллагын удирдлага нөхцөл байдлыг зохицуулах тодорхой арга хэмжээ авахыг бид хүлээсэн. Шүүх танхимын эд хөрөнгийг эвдсэн. Тэр бүү хэл “Архи үнэртүүлсэн” нөхдүүд шүүгчийн эрх чөлөөнд халдсан, цохисон гэж танилцуулгад тодорхой бичсэн байна. Энэ үеэр цагдаагийн байгууллагын зүгээс нөхцөл байдлыг зохицуулах арга хэмжээ аваагүй учраас арга ядахдаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хот дүүргийн шүүхийн ажилтнууд эмх замбараагүй байдал даамжирахаас сэргийлж “ажиллахаас” өөр аргагүй байдалд хүрсэн байна. Тэнд байсан цагдаа нараас ганцхан цагдаа шүүгчийг гарч явахад хамгаалах гэж оролдсон. Тэгэхэд бусад нь тэр цагдааг хэл амаар дайрч доромжилсон, хуулийн дагуу үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан үйлдлүүд гаргасан байгаа. Тэр ч байтугай тодорхой шүүгчийн гэр рүү, гар утас руу утасдаж заналхийлэх байдал үргэлжилж байгаа тухай энд бичсэн байна. “Шүүгчийн хувцсыг чинь тайлуулна. Чи охин хүүхэдтэй шүү” гэж заналхийлжээ. Генерал аа, энэ юу гэсэн вэ!
Ийм үйлдлүүд гараад, шүүхийн зүгээс хүсэлт гаргаад, сануулж хэлээд байхад цагдаагийн удирдлагууд тодорхой арга хэмжээ авахгүй, хуулийг хэрэгжүүлэх үүргээ тууштай хэрэгжүүлэхгүй байгааг юу гэж ойлгох вэ, Д.Сандаг-Очир генерал аа!
Мөн өөр нэг танилцуулгад бичихдээ “Эмнэлэгт хэвтсэн шүүгдэгч нартай уулзах гээд шүүхийн байгууллагын тодорхой ажилтан эмнэлгийн даргатай цуг дүүргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ороход нөгөө генерал, хурандаа нар, шүүгдэгчид энгийн гадуур хувцастайгаа цагдаагийн 3-4 даргатай яриа өрнүүлээд сууж байсан баримт байна. Энд бүр тодорхой нэр устайгаа байгаа. Эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг гэдэг чинь амь дүйсэн иргэдийн эмчилгээ хийлгэдэг газар шүү дээ. Гэтэл тэр тасгийг эзэгнэчихсэн гадуур хувцастайгаа, өнөөдөр үүргээ хэрэгжүүлж байгаа цагдаагийн тодорхой албаны хүмүүсийг дуудаж уулзаад, яриа өрнүүлээд сууж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Ийм байж болох уу, генерал аа! Ингэж хуулийг, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж болдог юм уу!
Та Цагдаагийн Ерөнхий газрын даргын хувьд, Монгол Төрийн генералын хувьд ийм танилцуулгыг Төрийн тэргүүн нь аваад сууж байхад ямар сэтгэгдэл төрөхийг гадарлаж байгаа байх. Танаас ирүүлсэн танилцуулгыг би бас авсан. Тэнд бол тухайн өдөр болсон зүйлийн тухай Та “Өндөг шиг өөгүй юм” бичсэн байгаа.
Би энэ илтгэх хуудсыг Ерөнхий сайдад өгнө. Засгийн газрын хувьд, Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэх ажлыг хийдэг гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд энэ нөхцөл байдалд анхаарч тодорхой арга хэмжээ авахыг хүсэх болно. Би танд одоо энэ танилцуулгыг бас өгье. Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнийн танилцуулгаас гадна тэнд үйл ажиллагаа явуулж байсан Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн, шүүхийн байгууллагаас ирүүлсэн бусад танилцуулгууд байгаа. Дээрх танилцуулгуудад “Цаашид шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал алдагдахад хүрч байна. Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал эргэлзээтэй боллоо. Шүүн таслах ажиллагаа явуулах, шүүгчийн тангарагаа биелүүлэхэд ноцтой саад учрах нөхцөл байдал гарч байгааг таньд уламжилж байна” гэж надад хандсан байна.
Би энд нэг зүйлийг онцолж хэлье. Хууль зөрчиж байгаа энэ үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын олон мянган албан хаагчтай холбож огт яриагүй байгаа шүү. Энд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа цагдаагийн нийт албан хаагчдыг, үүргээ биелүүлэхгүй байгаа цөөн хэдэн дарга нараас болж буруутгах гэсэн ямар ч бодлого, ямар ч оролдлого байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Ер нь үүрэгт ажлаа хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх ашгийг хохироодог, өөрсдийнхөө эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг хариуцлагагүй зарим генерал, хурандаа нарын асуудал байгаа. Өмнө нь цагдаагийн байгууллагыг удирдаж байсан, одоо ч удирдлагад нь ажиллаж байгаа зарим “Бүтэлгүй” албан хаагчаас болж цагдаагийн байгууллагын нэр хүнд сэвтэх вий. Дахин онцлоход, энэ бол цөөн дарга нарын асуудал болохоос нийт албан хаагч, бие бүрэлдэхүүний асуудал биш шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Хуулийг завхруулдаг, хууль бусаар хөрөнгөжсөн этгээдүүд байгаа. Өөрсдийн хууль бус үйл ажиллагаандаа цагдаагийн байгууллагыг татан оролцуулахыг оролддог хүмүүс байгаа. Энэ байдлыг одоо засах цаг болжээ. Олон нийт ч бодлого тодорхойлогчдод хандаж ийм байдалд дүгнэлт хийхийг удаа дараа шаардаж байна. Би энэ тухай өмнө ч УИХ-ын чуулган дээр хэлж байсан. Цагдаагийн байгууллагад эрчимтэй өөрчлөлт хийх цаг болжээ, хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа цагдаагийн зарим удирдлагатай хариуцлага тооцох цаг болжээ гэж байсан. Цагдаагийн байгууллагад түүний шат шатанд хуулиа сахиж үүргээ биелүүлдэг, чадвартай , өндөр ёс зүйтэй залуу хүмүүс байгаа гэж итгэж байгаа. Тэднийг дэмжиж, гаргаж ирж ажиллуулах цаг нь болоогүй юм уу.
Та мэднэ, Монгол Улсад хуулийн дагуу зөв бурууг тогтоодог ганцхан байгууллага байдаг. Тэр нь шүүх. Шүүх асуудлыг шийдвэрлэхээс өмнө ийм шийдвэр гарах гэж байна хэмээн янз бүрээр тайлбарладаг. Шүүх шийдвэрлээгүй байхад хэн ч ингэж ярих эрхгүй шүү дээ. Бас шүүхийн шийдвэрийг хэн ч биелүүлэхгүй байх эсвэл эсэргүүцэх эрхгүй. Буруу шийд гарсан бол түүнийг хэрхэн өөрчлөх тухай хуулинд маш тодорхой заачихсан байгаа. Уг асуудлыг дээд шатны шүүх нь авч үздэг. Анхаарах асуудал гарсан бол шүүх л түүнийг авч хэлэлцдэг.
Шударга ёс тогтоо гэсэн ард түмний шаардлагыг шүүх хэрэгжүүлж чадахгүй бол бид яаж түүнийг тогтоох ёстой вэ гэж танаас асуумаар байна. Шүүхийг ажиллуулахгүй, шударга шийдвэр гаргах боломж олгохгүй болохоор шударга ёсыг тогтоо гэж олон түмэн надаас, төр засгаас, танаас шаардаж байгааг яаж хэрэгжүүлэх вэ? Ийм нөхцөлийг бүрдүүлэх ёстой байгууллага нь түүнийг олгохгүй байгаа тохиолдолд яаж шударга ёсыг тогтоох вэ? Яаж Монголд хуулийг хэрэгжүүлэх вэ? Хуулийн дээр гарсан ийм байдлыг, цагдаагийн удирдлагын зүгээс цааш даамжруулж болохгүй. Энэ бол Монголчуудын сонгож авсан замд нийцэхгүй. Монголын нэр төрд нийцэхгүй. Хуулийг хэрэгжүүлэх, шударга нийгмийг цогцлоон бүтээх гэж оролдож байгаа монголын ард түмний хүсэл сонирхолд нийцэхгүй. Тиймээс энэ байдлаас дүгнэхэд Цагдаагийн байгууллагад тууштай өөрчлөлт хийх шаардлагатай болсон нь харагдаж байна.
Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төрийн өндөр цолыг олгодог. Танд генерал гэдэг эрхэм цолыг төрийн нэрийн өмнөөс, төрийн шийдвэрээр олгосон байгаа. Энэ генерал цолыг олгодог, бас хураадаг хууль, журам бий. Тэгэхээр үүнийг үндэслэн таны генерал цолыг хураах шийдвэр гарч болох байсан. Өнөөдөр би танд сануулъя гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хувьд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрч байна шүү гэдгийг танд сануулъя. Төр, ард түмний өмнө хүлээсэн үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж чадахгүй бол, энэ нийгэмд шударга ёсыг тогтоох үйл хэргийг завхруулах ажилд оролцвол ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Төрийн генерал цолны түвшинд шударга ажиллаж, хуулийг хэрэгжүүлж, байгууллага албан хаагчидаа удирдаж чадахгүй бол төр генерал цолоо хураах болно шүү.
Засгийн газар Цагдаагийн байгууллагын өөрчлөлт шинэчлэлтэй холбогдсон ажлыг хийх байх аа. Та генерал гэдэг энэ өндөр дээд цолыг эдэлж буй хүний хувьд энэ бичигтэй танилцаад энд заасан бүх зөрчилтэй холбогдуулан ямар арга хэмжээ авснаа дурдан хариу танилцуулга бичиж өгнө үү. Энэ үүргийг Та хэнтэй ч хуваалцахгүй. Шүүхийн байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулах, нийгэмд шударга ёсыг тогтоох нөхцөлийг хангах талаар ямар арга хэмжээ авсан тухайгаа Та надад бас бичиж илтгээрэй.
Нэмж хэлэхэд, улс төрчид, улс төрийн байгууллагын хүмүүс ямар мэдэгдэл хийхийг би хянах шаардлагагүй. Мэдээж тэр хүмүүс хэлж ярьж байгаа зүйл дээрээ анхаарах ёстой. Ер нь цагдаагийн байгууллагыг ийм замбараагүй байдалтай байлгах сонирхолтой хүмүүс бий. Нийгэмд шударга ёс тогтсон, хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байхаас айж эмээдэг болгоомжилдог хэсэг, хүчин бий. Үүнийг та өөрөө мэдэж байгаа. Эдгээрийн дотор таны Тамгын газрын дарга суучихсан, дээрээс нь Цагдаагийн байгууллагын үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүс зогсчихсон мэдэгдэл хийгээд байгаа нь зохисгүй.
Таны эрх, үүрэг олон хуульд бичигдсэн байгаа. Та энд санаачилгатай ажиллахгүй бол болохгүй. Түрүүний миний хэлсэн хуулийг завхруулж байгаа байдалтай Та санаачилгатай идэвхитэй тэмцэх ёстой. Миний ярьсныг болон уг танилцуулгад дурдсан зүйлийг ЦЕГ-ын даргын зөвлөл дээрээ танилцуулж, хэн юу гэж хэлсэн, ямар арга хэмжээ авах болсноо протоколтойгоо, хийсэн ажлынхаа үр дүнтэй нь надад бичиж ирүүлээрэй. Энэ байдалд манай бодлого тодорхойлогчид ч тал талаасаа анхаарч, Монгол Улсад хуулийг хэлбэрэлт үгүй, ялгамж үгүй хэрэгжүүлэх, шударга ёсыг жинхэнэ ёсоор тогтооход онцгой анхаарч, тодорхой алхам хийж шийдвэр гаргах хэрэгтэй байгаа юм. Хуулийн дээр, хуулиас гадуур цагдаагийн байгууллагын тодорхой удирдах хүмүүс байж болохгүй шүү гэдгийг дахин Танд анхааруулъя. Ер нь миний ярьж байгаа зүйл, болсон үйлдлүүд манай нийгэмд сургамж болоосой. Монгол төрийн архив, хар хайрцагны бодлогод энэ бүхэн үлдээсэй гэж бодож байна. Тиймээс би танаас бичгээр бүх зүйлд хариу авахыг хүсч байгаа юм” гэлээ.
ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир гарсан асуудлын талаар дүгнэлт судалгаа хийж, эргэж танилцуулахаа илтгэлээ.

www.president.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • moncler jackets: I would like to express some thanks to this writer for bailing me out of this scenario. As a result...
  • Dexter: Hi there just wanted to give you a quick heads up and let you know a few of the images aren’t loading...
  • supreme new york: I must get across my respect for your kind-heartedness in support of individuals that should have...
  • Tractor Workshop Manuals: I precisely wished to thank you very much yet again. I do not know what I could possibly...
  • John Deere Diagnostic and Test Manuals: An impressive share, I simply given this onto a colleague who had been doing...