|

Нүүдлийн мал ахуйгаас суурин амьдралд шилжсэн 40 жил

Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн явцад алс хязгаарын хөдөө нутагт шинэ амьдрал бялхаж, саруул тохилог тоосгон байшин босон, талын өрцөд зам суналзан, өндөр өндөр сүлжээний төмөр суварга, өндөр хүчдэлт 24 цагийн цахилгаан малчин айлд нэвтрэн, тал нутагт хөгжил бадралын яруу туульсыг хайлна.

Дэлгэр зуны долоодугаар сарын сүүлээр бид хамгийн анхны мал аж ахуйн орны суурингийн бүтээн байгуулалтын туршилтын нутаг болох Шилийнгол аймгийн Авга хошууны Хонгоргол суурингийн Ганганшил багт сурвалжлахаар хүрэв.

1984 онд Өвөр Монголд мал аж ахуйн орны суурингийн бүтээн байгуулалтын ажил өрхөө сөхөж, Шилийнгол аймгийн Авга хошууны Богд-Уул сумын Өргөнтал баг, Хан-Уул сум нь бүтээн байгуулалтын туршилтын цэг болж, салхины эрчим хүчний цахилгаан гаргах машин, нарны энергийн халуун усны байр, эмчилгээний газар гаргаж, Шанши, Шаньси, Гансү, Ниншя, Хөхнуур, Хармөрөн болон Өвөр Монголын аймаг хотын бүтээн байгуулалтын 80 гаруй төлөөлөгч айлчлан сонирхож байсан юм. Энэ нь малчдын нүүдлээс суурьшил уруу шилжсэн шилжилтийн цаг үе, мөн ч хөдөө орон нутгийн орон сууц, үйлдвэрлэл амьдралын өөрчлөлтийн анхны хуудсыг сөхсөн билээ.

– 80-аад онд Хан-Уул суманд суурингийн бүтээн байгуулалт хийхэд манай багийн 8 хотод туршилтын газар болгон хийжээ. Тэр үеийн барьсан хашаа саравч одоо ч үлдэж байна гэж 20 гаруй жил багийн ажлыг хийсэн багийн дарга Мөнхбаяр биднийг багийн эхэн үеийн бүтээн байгуулалтын хуучин суурин болон малчдын шинээр бүтээн байгуулсан хот суурингаар дагуулан явж, малчдын монгол гэрээсээ сууринд шилжсэн, суурин бүтээн байгуулалтын хөгжил, багийн тухай танилцуулаад мөн тэрээр:

– Манай баг 158 өрх, 470 гаруй хүн амтай. Семинтар үхэр голлон тэжээж байгаа. Уг нь 30 мянган хоньтой байсан бол тоо толгойг нь цөөлж, 8000 гаруйг л маллаж байна. Өмнө нь малчид тархай бутархай суурьшин зам харилцаа амаргүй байсан. 1995 онд үндсэндээ суурин болж, хоёр гурван өрөөтэй шавар байшинд суух болов. 80, 90-өөд оны үед малчдын 60, 70 хувь нь монгол гэртээ сууж байсан. 2000-2010 он болоход 70 хувь нь байшинд суух болж, 2010-2018 онд монгол гэрт сууж байгаа нь 10 хувьтай л байна. 2000 онд хүн нэг бүрийн дундаж орлого 2000-3000 юань байсан бол одоо 18000-20000 юаньд хүрсэн.

– Дэд бүтцийн бүтээн байгуулалтын талд өмнө нь хөрзөн, шивээ, зөнгөөр малын хашаа саравчаа барьдаг байсан бол 1992-2000 онд хашаа саравчны 50 хувийн дэд бүтцийн бүтээн байгуулалт сайжран, 20 гаруй өрх дулаан хашаа саравч барьсан. 2000-2010 онд 70 хувь нь хашаа саравч сайтай болж, чулуу тоосгон бүтэцтэй малын хашаа саравч барьж, дулаан хашааны төсөл хэрэгжиж, малчид хувиасаа 30 хувийн хөрөнгө оруулалт хийж, бусдыг нь улсаас төслийн хөрөнгөөр нөхвөр болгон өгдөг байсан. 80-аад онд салхины хүчээр цахилгаан гаргаж, салхины цахилгаанаар ус татдаг суурин бүтээн байгуулалтын төсөл нь тосон гэрлээ асааж, худгаасаа ховоогоор ус татаж байсан малчдын өргөө гэрийг гэрэлтүүлж, хөдөлмөр хүчийг их хэмнэх болсон. Одоо малчид автомат худаг, алсаас удирдах худаг хэрэглэх болж, малчин өрхийн 70 хувь нь өндөр хүчдэлт 24 цагийн цахилгаантай болсон байна. Сүүлийн таван жилд баг бүр авто зам, цахилгаан нэвтэрч, шугамд холбогдсон устай боллоо. Малчдын орлого жилээс жилд нэмэгдэж, амьдрал чинээлэг болж, орон сууцны нөхцөл ч сайжирлаа хэмээн Мөнхбаяр дарга хөдөө нутгийн хөгжил цэцэглэлтийг дэлгэнэ.

Түүнийг дагаад бид улаан вааран оройтой хөх цагаан өнгөөр будсан төмөр хашаатай орон сууц, гэрийн баруун талдаа монгол гэр босгосон Баатар, Гэрэлтуяа нарынд хүрэв.

– Манайх өмнө нь Баян-Уул багийн Арванжан гэсэн нэртэй газар амьдарч байв. Зүүн талын шавар байшин 1979 онд улсын бүтээн байгуулалтаар барьж өгсөн үргэлжилсэн шавар байшингуудын зүүнээс нь тоолоод хоёрдугаар байшин нь манайх. 10, 20 тэгш дөрвөлжин метр, гэр дотор эдлэл хэрэгсэл гэж бараг үгүй, хоёр хорго л байсан. Тэр үед цахилгаангүй, нэг л худагтай, малчид өдөр тутмын хэрэглээний усаа тээж аваачдаг байсан.

2003 оноос энэ арын шавар байшинд сууж, 2016 онд гэгээн саруулхан тохилог сайхан шинэ орон сууцандаа нүүн орж, чухам сохор мөнгө ч гаргаагүй. Энэ байшин 51 тэгш дөрвөлжин метр, буйдан, халаалт, шугамд холбогдсон ус, цахилгаантай, сэтгэл тэнүүн амьдарч байна. 40 жилийн турш шинэчлэгдсэн зүйл чухам их. Ялангуяа 2000 оноос хойш зам харилцаа, цахилгаан нэвтэрлээ. Малчдын орлого нэмэгдэж, орон сууцны нөхцөл сайжирсан хэмээн Баатар сонирхууллаа.

Баатар, Гэрэлтуяа нар эрт сууринд шилжсэн малчин айлын нэг. Баатарын монгол гэр, шавар байшин нь уламжлалт монгол амьдрал хийгээд орчин үеийн амьдралын зураглалын ил тод харьцуулал болно.

Авга хошууны Цагааннуур суурингийн Хөгжилт баг нь 219108 мү ( нэг га=15 мү) нутагт 87 мал аж ахуйн өрхийн 320 хүн ам тархай бутархай аж төрж буй манхан нутаг болно. Манхан нутаг нь явж суух, холбоо барих, утас цахилгаан хэрэглэхэд саад ихтэй. Засгийн газрын тус дэмээр 2002 оноос эхлэн бараг л айл бүрд салхины эрчим хүчээр цахилгаан гаргах төхөөрөмжтэй болжээ. 2013 онд зам дагуух 20 айлд өндөр хүчдэлийн цахилгаан оруулж, 66 айлын нар салхины эрчим хүчний цахилгаан гаргах төхөөрөмжийг нь шинэчлэн өгч цахилгаан хэрэглэх нөхцөл боломжийг нь сайжруулж, малчид манхан нутгийнхаа маргаашийн хөгжилд илүү итгэл төгөлдөр болсон байна.

Авга хошууны Ихгол сумын Алтангадас багийн малчин Эрхэмбатынх 1700 гаруй хоньтой, зуугаад үхэр адуутай өнөр айл байлаа. Эднийх улирлаар мал маллан бэлчээр шилж явахдаа 16 жилийн турш хүн малын ус унд зөөх гээд нөр их хөдөлмөр ордог айл. Ойрдоо 5-6 газар, холдоо 60 гаруй газрын холоос ус тээж, жилийн ус тээсэн зардал 50-70 мянган юаньд хүрдэг. 2013 онд ус хүргэх үйлчилгээний анги байгуулагдсаны дараа ус тээх албанаас чөлөөлөгдөж, өвөлжөөний 30 тоннын усны агуулахдаа хадгалж, хэд хоноход хүрэлцээтэй болсон байлаа.

Авга хошуунаас гадна 2009 онд Зүүн Үзэмчин хошуу нүүдлийн үндэстний суурингийн төслийн байгуулалтад 22900 мянган юанийн хөрөнгө оруулж, 458 өрхийн 1919 хүнд ашиг хүртээж, нийт 353 өрхийн нүүдлийн малчин байшинд суусан байна. Нүүдлийн үндэстний тогтмол суурин төсөл нь Засгийн газраас нүүдлийн малчин түмэнд хүргэж байгаа төсөл төлөвлөгөө юм.

Малчин өрх бүрд цахилгаан нэвтрүүлэхийн тулд Шилийнгол аймаг гурван жилд 37 мянган малчин айлд цахилгаан нэвтрүүлэхээр хичээн ажиллаж, 2015 онд 240 сая юанийн хөрөнгө оруулж, 6000 малчин айлд нар салхины эрчим хүчний цахилгаан нэвтрүүлж, гэрийн цахилгаан хэрэгслийн хэрэгцээг хангах чадавхтай болгожээ. Мэдээ мэдээлэл гэрлийн хурдаар хөгжиж байгаа орчин үед хөдөө орон нутгийн хөгжил нь малчид мэдээ мэдээлэлтэй ойр болсонтой шууд холбоотой. Одоо сум багт сүлжээ холбоог нэвтрүүлж, зарим нөхцөл сайтай багт wifi нэвтрүүлэн, малчид  компьютер, гар утсаараа интернет сүлжээнд гарах болов.

Шинэ зуунд малчдын амьдралын чинээлэг болж, хүүхдүүдээ сургуульд суулгахын тулд хот орж орон сууц худалдан авахын зэрэгцээ малын ашиг шим болох сүү цагаан идээ, хонь үхрийн махаа зах зээлд гарган, монгол дээл хувцасны дэлгүүр ажиллуулж яваа малчид ч олширлоо.

2010 онд Баянжаргал эхнэрийн хамт ач хүүгээ цэцэрлэгт суулгахаар хошууны төв Балгаргол сууринд бага квадраттай орон сууц түрээслэн авч хот газрын амьдралаа эхлүүлэв. Гэтэл насаараа мал маллан мал аж ахуйн үйлдвэрлэлийн амьдралдаа идээшин дасаж, өдөржин борви бохисхийлгүй мунгинан хөдөлмөрлөж явсан тэдэнд өдөр хоногийг өнгөрөөх гэдэг хэцүү байв. Ингээд тэд хялгас томох, ширдэг тойруул ширэх, хазаар ногт, уурга ташуур хийх зэрэг ажлуудыг хийж, гар урлалын бүтээлээ дэлгэн үзүүлэх, тэмцээнд оролцон хөдөлмөрлөж ажиллахын баяр баясгаланг эдлэн өдөр хоногийг тавтай өнгөрүүлдэг болов.

– “Монгол гэрийн үйлдвэр гаргаж, олон түмэнд үйлчилж байгаа нь монгол гэрийн хөгжлөө нийгмийн хөгжилтэй ойртуулж, түүний хэрэгцээг нь хүн арддаа ойлгуулан, монгол гэрийнхээ зах зээл дэх хөгжлийг дэмжин, нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэл амьдралын эдлэл хэрэгслийн соёлоо уламжлан хамгаалж, уламжлан хөгжүүлэхээр гол зорилгоо болгосон. Мөн хот газрын өдөр тутмын амьдралын зардлыг ч бага бус шийдэж өгдөг” гэж Баянжаргал ярив.

Цаг үеийн хөгжил үйлдвэрлэл амьдралын шаардлагаас болон цөөн бус малчин хөдөөнөөс хот орж, бизнес эрхлэх буюу хоёрдугаар гуравдугаар аж үйлдвэрлэл эрхлэх болов. Тэдгээр хот орсон малчдын дунд өөрийн гэсэн онцлог чадвараараа аж амьдралаа босгож, орон сууц аван чинээлэг амьдарч байгаа малчид ч цөөн бус болжээ.

Мядагмаа Зүүн Үзэмчин хошууны Хатавч суурингийн Баянжалга багийн малчин. Энэ жил 40 настай. Тэрээр 8 жилийн өмнө хот орж үзэмчин дээлийн оёдлын газарт ажиллаж, одоо өөрөө 17 туслах үйлчинтэй “Мядагмаа” нэртэй оёдлын газраа ажиллуулан, жилд 100 мянган юанийн орлого өвөртөлж явна.       “

“Хошууны Засгийн газраас хот орсон малчдын бизнес эрхлэх талыг дэмжин оёдлын газар болон орон сууцыг хямд үнээр худалдан авах боломжийг хангаж байна” гэж Мядагмаа баяртай нь аргагүй ярив.

Энэ бол мал аж ахуйн орны хөрсөн дээр бүтэн дэлгэгдсэн амьдралын шинэ  зураг, нүүдлийн мал аж ахуйгаас суурин мал аж ахуйд шилжсэн 40 жилийн өөрчлөлт шинэчлэлийн бодит үзэсгэлэнт зураг аргагүй мөн.

Зохиогч: Билигт, Номин, Навч
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж: Солонго

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa