|

Хятадуудын булаацалдсан Салхитын мөнгөний ордоос 1.3 сая ам.доллар хүртэлх хэрэг явдал

Говь 3 сайханСалхитын мөнгөний ордтой холбоотойгоор хуурамч гарын үсэг зурсан зураагүй гэх асуудал явсаар  монголын хууль хяналтын байгууллагыг хоёр хуваасан авлигын томоохон гэмт хэрэг болж хувирсан түүхийг уншигч та бүхэнд үргэлжлүүлэн хүргэж байна. БНХАУ-ын дундаас доод түвшний бизнес эрхлэгчид манай улсын уул уурхайн салбарт орж ирээд тоглолт хийхэд л монголын  төр засаг хууль хяналтын байгууллага хоёр хуваагдаж байгаа нь харамсалтай юм. Манай улсын хууль сахиулах даган мөрдөх байгууллагын дархлаа ямар сул байгаа нь Салхитын мөнгөний орд тойрсон хэрүүл маргаан хууль бус үйлдлүүд, 1.3 сая ам долларын авлигын гэмт хэргээс нэвт харагдах ажээ. Уншигч та бүхэнд   Салхитын мөнгөний орд газартай холбоотой хэрэгт холбогдуулан Ш. Мөнгөншагай,  Г.Жаргалан,  ГИХГ-ын  дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн  цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир  (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг  ямар шалтгаанаар  цагдан хорих болсон талаар  хүргэх болно.  Төв аймгийн харьяат Ш.Мөнгөншагай  нь уул уурхайн салбарт гар бие оролцоод олон жил болж байгаа нэгэн гэнэ. Харин Г.Жаргалан нь Ш.Мөнгөншагайгийн  ойрын холбоотой нэгэн юм байна.

35 сая төгрөг ба шинжээчид хоригдсон шалтгаан

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах, улсын дээд шүүх Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, БНХАУ-ын иргэд Салхитын мөнгөний ордыг хууль бус аргаар авсан байна гэх шүүхийн шийдвэр гарсан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэгэн  шинжээч Ш.Мөнгөнбаатарын гарын үсэг биш гэдгийг анх шинжилгээ хийн тогтоосон байдаг. Харин “Си Си Эм Икс” компанийн  удирдлага болох БНХАУ-ын иргэн Жин Жиа Мин гэгч эр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст өргөдөл гаргаж өгсөн байдаг. Үүний дагуу Шүүхийн шинжилгээний хүрээлэн Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэх дээр дахин шинжээч томилуулсан нь н.Авидхүү гэнэ. ШШҮХ-гийн шинжээч н.Авидхүү  “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн байна” гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Үүнээс үүдэлтэйгээр шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн хоёр хуваагдаж, зөв буруу шинжээчийн дүгнэлт гаргасан гэх асуудал босч иржээ.  Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнд дээрх хэрэгтэй адилхан маргаан гарсан тохиолдолд  ажлын хэсэг гаргаж, гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжилгээ хийлгэдэг байна. Энэ журмын дагуу (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын  ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэхийг  эцэслэн тогтоохоор шинжилгээ хийж дүгнэлтээ гаргажээ. Шинжээч нар гарын үсгийг нь шинжилж үзээд “Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг биш байна. Үүнийг  хуурамчаар үйлдсэн байна”  гэх  утга бүхий дүгнэлтийг гаргажээ. Өөрөөр хэлбэл Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг мөн эсэхийг шинжээч нар гурван удаа шинжилгээнд оруулсны хоёр нь хуурамч гарын үсэг байна гэх дүгнэлтийг гаргажээ. Шинжээч нарын хэлж буйгаар Ш.Мөнгөншагай гэх хүний өмнө нь зурж байсан  банкны баталгааны гарын үсэг болон компанийн  тогтоол шийдвэр зэрэгт зурсан  гарын үсэг, хэрэг шалгагдах үед  дахин баталгаажуулах үүднээс авсан а гарын үсэг, “Жи пи эф” компанийг БНХАУ-ын иргэнд  эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах  гэрээг хийсэн гэгдээд байгаа гарын үсэг зэргийг харьцуулан судалж дүгнэлт гаргасан нь энэ аж. Тэгвэл  ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын  ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нар ажлаа хийснийхээ төлөө юунаас болж буруудаж,  хорих ангид хоригдох болсон бэ  гэдгээс дээрх хэргийг зангилаа тайлагдах юм. Магадгүй шинжээч нар ажлаа үнэнч шударга хийснийхээ төлөө  хууль хяналтын байгууллагын нэр нөлөө бүхий хүмүүсийн захиалгаар  шоронд хоригдож байж мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа аж. “Жи пи эф” компанийн 60 хувийг эзэмшиж байсан Ш.Мөнгөншагай ГИХГ-ын  дэд дарга асан Б.Цолмонтой эртний танилууд гэнэ. Өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан Б.Цолмон  ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр нар ойрын хамаатнууд аж. Б.Цолмон  ойрын хамаатан Д.Адилбаярт 35 сая төгрөг өгсөн гэх мэдээлэл байгаа юм.   Эндээс үүдэлтэйгээр  хэрэг явдал өрнөж, бусдад авлига өгсөн байж магадгүй гэх хэргийн эхлэл тавигджээ.

“Ахлах шинжээч Э.Солонго,  Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг хэлмэгдүүлж байна” гэв

Дээрх хэрэгтэй холбоотойгоор нэгэн эх сурвалж бидэнд цөөн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн учир бид нэрийг нь нууцалж ярилцлага авсан болно.

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн газрын  дарга Д.Адилбаяр,  ахлах шинжээч Э.Солонго,  Ж.Тамир, С.Сэлэнгэ нарыг цагдан хорьж шалгаж байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор таниас мэдээлэл авах гэсэн юм?

-Энэ хэрэг явдлаас болж манай ШШҮХ-гийн нэр хүнд асар их унаж байна. Нийгэм даяар дуулиан шуугиан тарьж, авлигын үнэхээр том гэмт хэрэгтнүүдийг барьчихсан юм шиг л ойлголтыг олон нийтэд санаатайгаар бий болгоод байгаа нь харамсалтай байна. Нэг гарын үсэг хуурамч юм уу үнэн юм уу гэдгийг  тогтоох асуудалтай холбоотой үүсэж байгаа асуудал гэм зэмгүй, үнэн ч шударгаар ажлаа хийгээд явж байсан хүмүүсийг хэлмэгдүүлж байна гэдгийг онцолж хэлмээр байна.  Дундговь аймагт байдаг уул уурхайн орд газартай холбоотой болон хууль хяналтын байгууллага шалгаж байгаа хэргийн  нарийн асуудлыг мэдэхгүй байна. Мэдсэн байлаа ч энэ талаар ярих нь хуулиар хориотой. Гэхдээ болж байгаа үйл явдлыг үнэн зөвөөр нь олон нийтэд хүргэх шаардлага гарч ирээд байна. Хятадууд болон хууль хяналтынхны нэр бүхий албан тушаалтнуудын тэмцлээс болж   ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарын гурван хүн хохироод байна.  Хүний амьдрал, хувь заяатай холбоотой асуудал яригдаж байгаа болохоор энэ талаар мэдээлэл өгөх шаардлага бий болчихлоо. Мөнгөний орд газартай холбоотой шинжээч нар зөрүү бие биенийхээ дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Үүнээс үүдэлтэйгээр хуулийн хүрээнд гурван шинжээч томилж дахин шинжилгээ хийлгэсэн.  Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад өгсөн юм байна лээ. Тэд ажлаа хийснийхээ төлөө нэг ч төгрөг бусдаас аваагүй. Хэн нэгэн ийм дүгнэлт гаргаж өг гэсэн хууль бус үүрэг даалгавар  өгөөгүй. Өнгөрсөн сард гурван шинжээчийг гэнэт  баривчилж, саатуулсан байдаг. Одоо Төв аймаг, Зүүнхараагийн хорих ангид саатуулчихсан шалгаж байна. Шинжээч нарыг хорих ангид дарамталсан асуудал ч гарсан байгаа. Хамт хоригдож байгаа хүмүүс “Та нар худлаа дүгнэлт гаргаж хүний хувь заяагаар тоглодог хүмүүс юм байна. Мөнгөтэй хүнд үйлчилдэг юм уу” гэж дарамтлах болсон гэсэн.

-Шинжээч нар  мөнгө авч худлаа дүгнэлт гаргасан. Тэр нь баримтаар тогтоогдсон гээд  байгаа шүү дээ?

– Ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нарт үнэхээр мөнгө төгрөг хэн нэгнээс авсан асуудал огт байхгүй юм байна лээ.  Энэ нь ч мөрдөн шалгах ажиллагааны үеэр тодорхой болсон гэсэн. Хамгийн гол нь  газрын дарга Д.Адилбаяр  хэн нэгнээс  мөнгө авсан гэх асуудалтай  холбоод л цагдан хорьж  шалгаад байгаа гэдгийг хэлмээр байна  гэв.

 Г.Цолмон  ойрын хамаатан Д.Адилбаярт  35 сая  төгрөг ямар зорилгоор өгсөн бэ     

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор өөр нэг албаны эх сурвалжаас авсан мэдээллээр хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид  Ш.Мөнгөншагай өөрийн танил ГИХГ-ын  дэд дарга асан Б.Цолмонгоор дамжуулан (ШШҮХ)-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаярт 35 сая төгрөг өгсөн. Д.Адилбаяр нь эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж ахлах шинжээч Э.Солонго, шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ нараар хуурамч дүгнэлт гаргуулсан байж болзошгүй хэмээн таамаглаж, хэргийг энэ дагуу мөрдөн шалгаж байгаа аж.

Г.Цолмон нь өөрийн хамаатан дэд хурандаа Д.Адилбаярт 35 сая төгрөг өгсөн гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон гэнэ. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Г.Цолмон  дээрх мөнгийг өгсөн гэдэг нь гүйцэтгэх ажиллагааны үеэр ил болсон гэх мэдээлэл байгаа юм. Д.Адилбаярт мөнгө өгсөн асуудалтай холбоотойгоор Г.Цолмон  “Д.Адилбаяр миний ойрын хамаатан. Сүүлийн үед хүнд өвчин тусч эрүүл мэнд тааруу байсан. Үүнтэй холбоотойгоор эмчилгээний зардалд зориулан 35 сая төгрөг өгсөн. Эмчилгээний зардалд зориулж өгсөн мөнгө авлигалын хэрэгт огт хамаарал байхгүй” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэх мэдээллийг эх сурвалж бидэнд өгч байв.  Мөн Д.Адилбаяр Г.Цолмонгоос авсан мөнгөө хэн нэгэнд өгөлгүй  хадгалж байсан бололтой.

 

Үргэлжлэл бий

Г.Батзориг

 

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Kimflerb: cephalexin pill
  • golden goose sneakers: Thank you a lot for giving everyone such a superb chance to read articles and blog posts from...
  • ferragamo belt: My husband and i ended up being now relieved that Jordan managed to round up his studies by way of...
  • off white hoodie: My spouse and i felt now satisfied that Edward could complete his preliminary research through the...
  • birkin bag: I happen to be writing to let you be aware of of the helpful encounter my friend’s child undergone...