|

Өндөрхангай сум бохирын машин авах шаардлагатай болжээ

133

Увс /МОНЦАМЭ/. Өндөрхангай сумын нутгаар 5-12 мм цасан бүрхүүлтэй байна. Сумын хэмжээнд отор нүүдэл хийсэн малчин өрх байхгүй. Сум хоорондын отроор Наранбулаг сумаас 6 ѳрхийн 17 хүн, 0-5 насны 6 хүүхэд, 7100 толгой бог малтайгаар Жаргалант, Цагааннуур багуудад өвөлжиж байна.

Сумын хэмжээнд 30 жирэмсэн эх байгаа бөгөөд эрүүл мэндийн явцын хяналтандаа хамрагдсан аж. Тус суманд өвөлжилт хэр болж байгаа талаар Засаг дарга Ц.Сундуйгаас тодрууллаа.

“2018 оны жил эцсийн мал тооллогоор манай сум 201874 толгой мал тоолуулсан нь өмнѳх жилийн малын тоотой харьцуулахад 0.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хѳдѳѳгийн дөрвөн багт 281 малчин өрх өвөлжиж байгаа. Сумын аюулгүйн нөөцөд 2500 боодол ѳвс, 50 тн задгай өвс, 650 шуудай тариа, 26.6 тн тэжээл нөөцөлсөн. Малчид өөрсдийн нөөц боломжоор 1000 ширхэг пресс, 180 тн тэжээл, 104 тн хужир шүү, 1307 метр куб түлшний мод, 990 тн аргал, хѳрзѳн бэлтгэсэн. Сумын нэгдсэн халаалт 2016 оны намар ашиглалтанд орсон бөгөөд халаалт ерөнхийдөө хэвийн байна. Гэхдээ албан байгууллагууд дулаан алдалт ихтэй байгаа. Уурын зуух нүүрсний 1 сарын нөөцтэй.

Сумын ЗДТГ-ын барилга 1981 онд ахуй үйлчилгээний зориулалтаар ашиглалтад орсон, насжилт өндөр, чанар их муудсан тул цаашид шинээр барих шаардлага тулгарч байгаа. Нэгдсэн дулаанд холбогдсоноор бүх байгууллага дотроо ариун цэврийн өрөөтэй болсон тул бохирын машин авах шаардлагатай байна. Сумын төвийн хувьд харьцангуй дулаан өвөлждѳг тул энэ сарын эхний байдлаар хоногт 3.5 тонн нүүрс түлж байна” хэмээн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй манайд мэдээллээ.

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл