|

Хувьчлалаа хүлээсэн Төрийн банкныхан хадгаламж эзэмшигчдээсээ хулгай хийж байсныг тогтоов

turiin bank

Төр хэмээх саалийн үнээг дээр, доргүй сааж, татвар төлөгчдийн мөнгөөр боссон өмчийг завшиж, үрэгдүүлэх явдал гарсаар л. Хэдийгээр хууль сахиулах байгууллагынхан эдгээр гэмт явдалтай тэмцсээр буй ч дорвитой үр дүнд хүрэхгүй л байна. Үүний тод жишээ нь Төрийн банк. Засгийн газар, Сангийн сайдын 2009 оны тогтоол, тушаалаар төрийн мэдэлд байгуулагдаж, өдгөө 10 жилийн ойтойгоо золгож байгаа “Төрийн банк” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ хөрөнгөөс хувьдаа завшиж, идэж уусан, хээл хахууль авсан тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болов. Төрийн өмчийг хариуцсан эзэн муу байдаг болохоор үүнийг нь ашиглан өөрсдийнхөө хэтэвчийг зузаалахыг санаархагчид аль өөдтэй, мөнгө төгрөг ахиу эргэлддэг байгууллагад удирдах алба хаших болсон. Тэд өндөр цалин хангамж эдлээд зогсохгүй, татвар төлөгчдийн хөрөнгөөс завшиж буй нь эмгэнэлтэй.

Төрийн өмчид байгаа, хувьчлагдах мөчөө хүлээсэн үнэ цэнтэй объект болох Төрийн банкийг УИХ-аас хувьчлах жагсаалтад багтаахдаа дуудлага худалдааны доод үнийг 300 тэрбум төгрөгөөр тогтоосон байдаг. Ингэхдээ 75 тэрбум нь төсөвт төвлөрөхөөр, 225 тэрбумыг Монголбанкны өрөнд өгөх шийдвэр гаргасан. Санхүүгийн үзүүлэлтээрээ Төрийн банк хоёр их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, Монгол Улсын банкны салбарын топ дөрвөн банкны нэг хэмээн өөрийгөө тодорхойлдог. УИХ-аас баталсан Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолд орсон ч түүнээсээ өмнө тоногдож болзошгүй нь. Энэ талаар дэлгэрүүлэн хүргэе.

98 000 АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН ГЭХ ЗАХИРЛУУДЫГ УДАХГҮЙ ШАЛГАЖ ДУУСНА

Монголдоо хамгийн өндөр цалинтайд тооцогдох албан тушаалтнуудын тоонд Төрийн банкны удирдлага багтдаг. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагын авдаг цалин 2017 онд нийтэд ил болж, түүн дотор Төрийн банкныхан толгой цохиж байсан билээ. Тухайн үед зарим хэвлэлд “Монгол Улсын хамгийн олон захиралтай байгууллага болох Төрийн банкны захирал, орлогч нар хэдэн төгрөгийн цалин авдаг талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн сард 15 сая, жилд 180 сая төгрөг, тэргүүн дэд захирал Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг авдаг гэнэ. Эдгээр албан тушаалтны сарын цалин нь Монгол Улсад мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа” хэмээж байв. Дээр нэр дурдсан хүмүүсийн хоёр нь болон Б.Цэндсүрэн, Д.Ганбаатар нар өдгөө хээл хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ынханд шалгуулж байгаа. Ийм өндөр цалинтай тэд юу дутлаа гэж эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, авлигын хэрэгт холбогдов гэдгийг уншигчид мартах шахаж байна. Өвөл, хаврын улс төрийн халуурал, синдромд дарагдан төрийн үнэ цэнтэй объект болох Төрийн банкны хөрөнгөөр туйлсан эрх мэдэлтнүүдийнх нь үйлдэл сураггүй болж ч мэднэ. Улмаар үнэгүйдүүлж хувьчилж ч болзошгүй.

Учир нь эрх барьж буй улс төрийн хүчний өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээд болох Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханыг тагнуул, цагдаа, АТГ-ынхан хамтран шалгаж, голлох ажиллагааг нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст үргэлжлүүлж буй билээ. Түүнийг яллагдагчаар татах саналыг НПГ-т хүргүүлж, улмаар цагдан хорих саналыг хууль сахиулагчид гаргасан байдаг. Тэрбээр 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг зургаан сарын хугацаатай олгосон. Эргэн төлөгдөх хугацаа нь 2017 оны арванхоёрдугаар сарын 22-нд дууссан ч дээрх компани одоо хүртэл зээлээ төлөөгүй. Уг зээлийг олгохдоо Д.Баярсайхан Банкны тухай болон өөр нэг бус хууль зөрчсөн нь тогтоогдсон юм. Өдгөө ТЕГ-т шалгаж байгаа энэ хэрэг хэрхэж буй нь тодорхойгүй, дарсаар байна.

Д.Баярсайханаас гадна тус банкны өмнөх гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, өнөөгийн удирдлагын багт багтсан тэргүүн дэд захирал Д.Ганбаатар нарыг яллагдагчаар татаад буй билээ. Тэднийг их хэмжээний мөнгө завшсан, хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж мөрдөн байцаалт нь бараг дуусах шатандаа орсныг эх сурвалжууд батлав. Тэднийг чухам ямар хэрэгт холбогдуулсныг Төрийн банкныхан ч ихэд нууцалж, мэдээлэхгүй байх талаар хэвлэл мэдээллийн зарим байгууллагынхантай гэрээ байгуулсан байдаг. Уг хоёр хүнийг болон доор өгүүлэх ажилтнуудыг баривчлах үед Төрийн банкныхан “2-3 жилийн өмнө захирлаар ажиллаж байсан хүмүүс хэрэгт холбогдсон. Одоогийн удирдлагын багт байгаа хүмүүстэй холбоогүй” хэмээн мэдээлж байв. Гэтэл Төрийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж буй Д.Ганбаатар, жилийн өмнө гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн нарыг 4.7 тэрбум төгрөгийн зээл олгохдоо эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, 98 000 ам.доллар авч, тавилга, бусад эд зүйл хувьдаа авсан хэрэгт буруутгасныг прокурорын байгууллагын эх сурвалжууд баталсан. Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 98 000 ам.доллар буюу 250-иад сая төгрөгөөр банкны удирдах албан тушаалтнууд тансагласан гэсэн үг.

Энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тун удахгүй шалгаж дуусна. Холбогдох байгууллагын шинжээчдийн дүгнэлт эцэслэн гарсан гэдгийг албаны хүмүүс мэдээллээ.

ИРГЭДИЙН ДАНСНЫ МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛЬ БУСААР АШИГЛАЖ БАЙВ

Хувьчлалаа хүлээн дуншиж байх хооронд тус банкны эрх бүхий албан тушаалтнууд нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн Төрийн банканд байршуулсан мөнгөнөөс их хэмжээгээр хуурамч бичиг баримт үйлдэн завшиж байсныг бид өмнө нь мэдээлж байв. Тус банкны Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл, ахлах теллер С.Алтанчимэг, VIP теллер Б.Мөнхсүрэн нар хуйвалдан, хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээлэлд нэвтрэн их хэмжээний мөнгөтэйг нь мэдэн хуурамч баримт бүрдүүлэн зээл авсан хэрэгт холбогдсон юм. Тэднийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид шалгаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрынхан хяналт тавьж буй. Баттай эх сурвалжуудаас авсан мэ

дээллээр дээрх гурван хүн 2018 оны тавдугаар сарын 29-нөөс хойш 44 иргэний нэр дээр хоёр тэрбум гаруй төгрөгийн, 70 зээлдэгчийн нэр дээрх 2.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй зээл гаргаж банкандаа их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож буй аж.

Төрийн банкны эрх бүхий албан тушаалтнууд ийнхүү харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ дансанд зөвшөөрөлгүй нэвтэрч, мэдээллийг нь ашиглан, дээр дурдсан гурван хүн өөрсдөө их хэмжээний мөнгө авч байсан нь үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахад хүргэсэн үйлдэл билээ. Бидэнд олдсон мэдээллээр Ч.Ариунгэрэл дээрх салбарын захирлаар 2014 оноос хойш ажилласан нэгэн аж. Энэ хугацаандаа банкаар тогтмол үйлчлүүлдэггүй, эсвэл өндөр настай, хадгаламждаа их хэмжээний мөнгөтэй иргэдийн мэдээллийг албан тушаалаа ашиглан судалж байж. Улмаар тэдний хадгаламж дахь мөнгийг барьцаалан зээл авч, хүүгийн төлөлт нэртэйгээр шилжүүлэн хувьдаа завшиж байсан нь тогтоогдсон гэнэ. Ч.Ариунгэрэл, С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн нар 2018 оны долдугаар сараас аравдугаар сарын 10 хүртэлх хугацаанд 25 хүний нэр дээрх хугацаатай хадгаламжийн мөнгийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хадгаламж барьцаалсан зээл нэрээр 1.9 тэрбум гаруй төгрөг авсан нь ч батлагдсан аж.

Мөн зарим харилцагч нартай тохиролцож, 41 хүний нэр дээр бүртгэлтэй данснаас 2.4 тэрбум төгрөгийн болон ам.долларын зээл авсан нь тодорхой болжээ. Түүнчлэн Төрийн банкны Тээврийн товчоон дахь салбарын захирал Ч.Ариунгэрэл 18 харилцагчийн нэр дээр 90 сая төгрөгийн эрхтэй кредит карт захиалан 73 сая гаруй, өөрийн хамаарал бүхий 20 харилцагчийн нэр дээр 92 сая төгрөгийн эрхтэй карт захиалан 79.7 сая төгрөгийг хувьдаа завшсан гэнэ. Ийнхүү хууль бусаар авсан зээлээ өөр зээлдэгчийн данснаас “зээлийн хүү” нэрээр шилжүүлж байсан юм байна. Ийм байдлаар хамгийн багадаа л 154, дээд тал нь 516 сая гаруй төгрөг шилжүүлсэн аж.

Энэ мэтээр Төрийн банкны дээрх салбарын эрх бүхий албан тушаалтнууд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дансны мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэн орж, мөнгөнийх нь хэмжээг мэдэн хадгаламжийг нь барьцаалан зээл авч байв. Өдгөө ч тэднийг шалгасаар байгаа бөгөөд дахиад өөр баримтуудыг цагдаагийнхан нарийвчлан нягталж буй юм билээ. Төрийн банк болон хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлыг барагдуулах үүднээс Ч.Ариунгэрэл, С.Алтанчимэг, Б.Мөнхсүрэн нарын нэр дээрх хөрөнгүүдийг битүүмжилсэн аж. Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дансанд хууль бусаар нэвтэрч дансан дахь мөнгөнийх нь хэмжээг мэдэж, ашиглан шамшигдуулсан явдал ганц Төрийн банкаар тогтохгүй, өөр бусад арилжааны банканд ч гарсан байдаг юм.

Хувьчлалаа хүлээж буй Төрийн банкны эрх бүхий албан тушаалтнуудын харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг хууль бусаар зарцуулдаг, эрх мэдэл албан тушаалаа урвуулж, хээл хахууль авсан гүйцэтгэх захирал асан Б.Цэндсүрэн, тэргүүн дэд захирал Д.Ганбаатар, гадаадын компанид давуу эрх олгон их хэмжээний зээл олгосон ерөнхий захирал Д.Баярсайхан нарын хэргийн явцын талаар бид эргэн байнга мэдээлж байх болно.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл