|

СУДАЛГАА: Монгол орны бэлчээрийн 14.4% нь байгалийн аясаар сэргэхээргүй болжээ

0 mal-toollogo

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Монгол Улсын эдийн засгийн нэг гол салбар болох мал аж ахуйд хүчтэй нөлөөлж байгааг судалгаанууд илтгэж байна. ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхийн мал аж ахуйн салбар дахь уур амьсгалын нөлөөллийн талаарх илтгэлд дурдсанаар манай улсад мал аж ахуй эрхлэх байгалийн нөөц боломж улам хумигдаж байгааг харж болно.

Мал аж ахуй нь Монгол Улсын ДНБ-ийн 10.6, экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж, нийт хүн амын гуравны нэгийг шууд, гуравны хоёрыг шууд бус байдлаар ажлын байраар хангадаг. Энэ салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл жилээс жилд өсөж, 2018 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар нэмэгдсэн гэсэн тооцоо байна.

МАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт 2018 онд 580 сая ам.долларт хүрч, өмнөх оны экспортоос 263.5 сая ам.доллараар буюу 1.8 дахин өсчээ. Гэвч уур амьсгалын бодит өөрчлөлт, байгалийн нөөцийн хүрэлцээ буюу бэлчээрийн доройтол, усны нөөцийн ашиглалт, хомсдлын асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай байгааг тэрбээр чухалчилсан юм. Түүний илтгэлээс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр мал аж ахуйд ямар өөрчлөлт гарч буй зарим үзүүлэлтүүдийг товчлон хүргэе.

  • 1961 онд 140 сая га байсан Монгол Улсын бэлчээрийн талбай 2017 онд 112.7 сая га болж багасчээ. 27.9 сая га-гаар буурсан гэсэн үг.
  • Нийт бэлчээрийн талбайн 1/5 нь уул уурхай, хот суурин зэрэг суурьшлын болон бусад салбарт шилжсэн.
  • Ингэснээр 100 га бэлчээр хадлангийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1961 онд 32 байсан бол бол 17 онд 99 болж 3.1 дахин нэмэгджээ.
  • Зөвхөн малын тэжээл болохоос гадна хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэгтэй бэлчээрийн 22.6% буюу 25.5 сая га талбай ямар нэгэн хэмжээгээр доройтсон.
  • ХААИС-ийн эрдэмтдийн тооцоолсноор манай улсын нийт бэлчээрийн 14.4% буюу 16.3 сая га талбай хүчтэй болон дунд зэрэг доройтжээ.
  • Энэ хэмжээний талбайн ургамлын зүйлийн дор хаяж 43, цаашлаад 90 хүртэл хувь нь бүрэн устсан байдаг бөгөөд малын хөлөөс 15 жил хашиж хамгаалаад ч байлагийн аясааар сэргэхээргүй болжээ.
  • Нөгөө талаар 53 сая га бэлчээрийн талбай усаар хангагдаагүй байна.
  • Бэлчээр хүчтэй доройтоход малын иддэг ургацын хэмжээ хээрийн бүсэд 2.4, цөлийн хээрт 1.3 дахин буурдаг. Харин уулын хээрт ургацын хэмжээ буурдаггүй ч малын иддэг ургамлын хэмжээ 72 дахин буурч, шарилж 12 дахин нэмэгддэг.
  • Сүүлийн 70 жилийн хугацаанд 12 удаагийн томоохон зуд тохиолдож байсан ба одоо байгаа бүх малын 60.3 хувьтай тэнцэхүйц буюу 40.1 сая мал хорогджээ.
  • 2009-2018 онд өвөлжилт, хаваржилт, зудаас хамгаалахад 41.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл