|

Ц.Зоригтоос асууя, зохиомол хэргийг юунд үндэслэж шүүснээ хэлээч?

 

zorigt

С.Зоригийг хөнөөсөн хэргийг  зохиомлоор илрүүлсэн болохыг баталсан бүтэн зургаан өдрийн бичлэг ил боллоо.

Энэ  баримтад үндэслэн  Нийслэлийн  ерөнхий прокурор М.Энх-Амгаланг ажлаас нь халлаа.  Прокурорын орлогч Г.Эрдэнэбат ч ажлаа өглөө. Цаашдаа ч олон хүнийг халж, солино гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлж байна.

Эдний  дунд  Энх-Амгалан хаан олбог суудлаа сэлгэж байгаа аятай нэг нөхөр “Өөрийн хүсэлтээр” гэж зарлуулан сэнтийгээсээ буугаад байна. Энэ хүн бол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт. Уг нь түүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар ажлаас нь чөлөөлж, гавьяа шагналыг нь хурааж, хариуцлага тооцох учиртай. Энд олон юм орохгүй. Зохиомол хэргийг  шүүх ямар нотлох баримтад тулгуурлаж шүүсэн бэ гээд асуучихад л  тодорхой.

Ц.Амгаланбаатар гэх хүн амины онц хүнд гэмт хэрэгтний амаар гэмгүй хоёр хүнд хэрэг үүсгэсэн. Гэмгүй хүмүүсийг гэмт хэрэгтнүүдээр дарамтлуулж, зодуулж байсан байгаа юм. Нэг нь ч хэрэг хүлээгээгүй байхад шүүх хурлыг хаалттай хийгээд яллачихсан.  Тэгвэл энэ хэрэг хамгийн сүүлд Улсын Дээд Шүүхийн босгыг давж, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт шүүх хурлыг даргалан эцсийн  шийдвэрийг  гаргасан байдаг.

Насаараа шүүхийн байгууллагад ажилласан, олон жилийн хур туршлагатай Ц.Зоригтод  хэрэг зохиомол гэдэг нь анхнаасаа  ойлгомжтой  байсан байж таарна. Анхан шатны шүүх рүү  хэрэг бүрдүүлэхээр буцаах бүрэн эрх нь нээлттэй байсан. Дээр нь Дээд шүүх гэгч салбарын толгой байгууллагаас  учир дутагдалтай  шийдвэр гарах  ёсгүй, тэдэнд   алдах эрх байхгүй. Гэтэл 20-25 жилийн ял ногдуулан чанга дэглэмтэй хорих анги руу ачуулчихсан.

Тиймээс С.Зоригийг хөнөөсөн гэх зохиомол хэргийг Улсын Дээд шүүхээр хэлэлцсэний дараа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Ц.Амгаланбаатартай харьцуулж адилхан ял онооно гэдэг байж таарахгүй. Хуйвалдаан гэж үзэхээс аргагүй байна. Ямар ч хэрэг хийгээгүй хүүгээ ял үүрүүлчихээд зүгээр сууж чадахгүй” гэж байв. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн Өнөөдрийн хурлаас арай өөр шийдвэр гарна гэж итгэж байлаа” гээд толгой сэгсэрч байсан.

Өнөөдөр бүх “но” нь  илрэнгүүт Ц.Зоригт Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас  сайн дураараа чөлөөлөгдчихөж байна. Энд бас далд тохиролцоо ч байж магадгүй юм.

Ц.Зоригт Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байх үед МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилс хэрэгт холбогдуулан хууль бус шүүх ажиллагаа явуулж шоронд хорьсон асуудал гарч байв. Мөн  Н.Алтанхуягийн зөвлөх байсан Л.Гансүхийг хэлмэгдүүлэн шүүж ялласан асуудал үүссэн байдаг. Түүнчлэн  бизнесийн салбар дахь томоохон компанийн захирлуудыг хоморголон баривчилж ялласан хэргүүдийн шүүх хурал зохион байгуулалттайгаар явж байгааг хохирогчид хэлж байлаа. Тэгвэл Ц.Зоригт зөвхөн С.Зоригийг хөнөөсөн гэх зохимол хэргийн асуудал үүсэнгүүт ажлаа өгчихөж байгаа юм.

Өнөөдөр нийгмийг айдаст, хүйдэст автуулаад байгаа Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарын эрүү шүүлт, дарамтад хэрхэн тарчилж байсан тухай зургаан өдрийн бичлэгээс олон зүйл ойлгомжтой  болж байна. Хоол, цайнд нь сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хийж өгч байсан нь тодорхой боллоо. Магадгүй цаашлаад  шоронд салаавч гарган хашгирч байсан Н.Энхбаярын бичлэг, байцаагчийн өөдөөс салаавч өгсөн Б.Булганы бичлэг, шоронд сахарын өвчин нь хүндэрч хөлийн хуруугаа хүртэл тайруулсан Л.Гансүхийн бичлэг гээд олон “кино” ил болох байх. Дээрх хэргүүдийг мөрдөн шалгасан байцаагчид, хэрэг бүрдүүлэгчид,  хяналт тавьсан прокурорууд, гурван шатанд шүүсэн шүүгчид бүгд албан тушаал ахиж, төрийн дээд цол шагналаар шагнуулсан байдаг. Тэр дотор Ц.Зоригт шүүгч бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос 2016 онд  Монгол Улсын гавьяат хуульч цолоо гардан авч, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр дөрвөн жил ажиллаад буух ёстой атал хуулийн маргаан үүсгэж, улиран томилогдож өдий хүрсэн нэгэн. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Зоригтой эвсэх, тохиролцох ямар нэг “но” байхгүй бол  толгойг нь илээд өнгөрөх бус хариуцлага тооцох л учиртай. Ардчилсан Ерөнхийлөгч   алагчлах  ёсгүй билээ.

Б.Отгонзаяа

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл