|

Дэвшил “үнэртүүлсэн” хөрөнгийн зах

1-hurungu zah zeel

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 93 компани хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцуулахаар илгээжээ. Биржийнхэн тайланг нь албан ёсны цахим хуудсандаа байршуулна. Ингэснээр иргэд, хөрөнгө оруулагчид тухайн компанийн санхүүгийн мэдээллийг авах боломж бүрдэнэ гэсэн үг. Санхүүгийн мэдээлэл бол хөрөнгө оруулах шийдвэр гаргахад хамгийн гол баримжаа болдог баримт. Өндөр ашигтай ажиллаж байвал тус компанийн хувьцааны өгөөж өсөх учраас хүмүүс сонирхох нь дамжиггүй.

Харин алдагдалтай ажиллаж байвал хувьцаагаа борлуулаад “тоглоом”- оос гарч болно. Санхүүгийн мэдээллийг нь харахгүйгээр хувьцааг нь худалдаж авах сонирхол хөрөнгө оруулагчдад төрөхгүй. Тэгэхээр нээлттэй байх нь аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ч тустай.

Биржид бүртгэлтэй компаниуд хагас жилийн болон оны эцсийн тайлангаа олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэг. Олон нийт хувьцааг нь эзэмшдэг учраас ингэж ил тод, нээлттэй байх зарчимтай. Үүнийг заавал биелүүлэх үүрэг болгож, Компанийн тухай хуульд тусгасан. Гэвч хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны хяналтын багц эзэмшигчид эл үүргээ биелүүлэхээс татгалзаж ирсэн. Энэ нь бусдад муу, сайнаа харуулах дургүй монгол зантай холбоотой ч байж мэднэ. Нөгөөтээгүүр, санхүүгийн хяналтын байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг нь шахаж, шаарддаггүйтэй ч холбоотой. 93 компани хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлсэн гэдэг нь дэвшил. Өмнө нь 20-30 компани л санхүүгийн хагас жилийн тайлангаа ирүүлдэг байлаа.

Сүүлийн дөрвөн жилд хувьцаат компаниудад санхүүгийн тайлангаа нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах боломжийг Монголын хөрөнгийн биржийнхэн олгож буй. Энэ удаа 18 компани хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах хүсэлтээ илэрхийлжээ. Тэдгээрийн 11 нь сүүлийн хоёр жилд хувьцаагаа олон нийтэд худалдсан болон нэмэлт үнэт цаас гаргаж, бүтцээ өөрчилсөн компани. Тодруулбал, “Монгол базальт”, “Ард санхүүгийн нэгдэл”, “Ард даатгал”, “Ард кредит”, “Түмэн шувуут”, “Инвескор ББСБ”, “Хөвсгөл алтандуулга”, “Мандал даатгал”, “Эрдэнэ ресурс девелопмент”, “Монгол шуудан”, “МИК холдинг” компани хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцуулахаар болоод буй. Санхүүгийн тайлангаа танилцуулах өөр компани хүсэлт гаргавал Монголын хөрөнгийн биржийнхэн нээлттэй хүлээн авах гэнэ лээ.

Сүүлийн жилүүдэд олон нийтэд хувьцаагаа арилжсан компаниуд хуулиар хүлээсэн үүргээ сайн биелүүлэн ажиллаж байна. Тэд санхүүгийнхээс гадна үйл ажиллагааны мэдээллээ ч олон нийтэд нээлттэй дэлгэдэг. Энэ хандлага нь бусдад нөлөөлж, олон компани санхүүгийн мэдээллээ биржид илгээдэг болсон нь энэ. Цаашдаа хуулиа биелүүлдэг, компанийн засаглалын сайн зарчмуудыг хэрэгжүүлдэг, ил тод нээлттэй байдаг соёл дэлгэрэх нь гарцаагүй болжээ.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 198 компани бий. Нэгдүгээр ангилалд нь 14, хоёрдугаарт нь 44, гуравдугаарт 140 компани байдаг. Нэгдүгээр ангиллын компаниуд хууль, журмыг маш сайн биелүүлдэг. Иймээс ч нэгдүгээр ангиллын шалгуурыг давдаг юм. Хоёрдугаар ангиллын компаниуд хуулийг харьцангуй сайн биелүүлдэг болсон. Харин гуравдугаар ангиллын ихэнх компани “том толгой” гаргаж, хууль, журмыг огоордог. Харьцуулаад үзэхэд, нийт бүртгэлтэй компаниудын талаас илүү нь буюу 105 нь хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй. Тэдгээр нь гуравдугаар ангиллынх юм. Эл ангилалд үйл ажиллагаа явуулаагүй удсан, хөрөнгө зоорьгүй болсон, Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй олон компани бий. Тиймээс яаж ч санхүүгийн тайлан гаргах билээ.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй муу компаниуд хасагдсаар байгаа. 10 жилийн өмнө Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 340-өөд компани байв. Тэдгээрээс 160 орчим нь хасагдсан. Цаашдаа ч Монголын хөрөнгийн биржээс олон компанийг хасах нөхцөл үүссэн. Биржийн шалгуур, шаардлагыг хангадаггүй, хувьцаа эзэмшигчдийг хохироосон компаниудыг хөрөнгийн зах зээлийн талбараас “хөөх” хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлд их цэвэрлэгээ хийж дууссаны дараа дүр зураг нь арай өөр харагдах нь ойлгомжтой.

Энэ зах зээлийн мэргэжилтнүүд компаниудын хагас жилийн санхүүгийн тайлан сайн гарлаа гэж дүгнэж байна. Уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өндөр хэвээр, мөн борлуулалт нь сайн байгаа учраас манай улсын эдийн засаг өндөр дүнгээр өслөө. Ийм тохиолдолд бизнес ч идэвхтэй байх нь дамжиггүй. Хүрэн нүүрс олборлож цахилгаан станцуудад нийлүүлдэг болон төрийн өмчит зарим компанийг эс тооцвол санхүүгийн тайлангаа ирүүлсэн компаниуд бүгд ашигтай ажиллажээ. Уламжлал ёсоор “Тавантолгой”, АПУ, “Сүү” компани ашгаараа толгой цохив.

Шинээр хувьцаа гаргасан компаниуд бүгд ашигтай ажиллажээ. Тэр дундаа санхүүгийн зах зээлд ажилладаг компаниуд өндөр ашигтай ажилласныг харж болохоор байна (инфографикаас харна уу).

Үлгэн салган ажилладаг, хууль, журам хэрэгжүүлдэггүй, хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг уландаа гишгэдэг компаниуд хөрөнгийн зээлээс “явж” байна. Тэгвэл хууль, журмаа ягштал биелүүлдэг, ил тод, нээлттэй байх зарчим баримталдаг, ашгийн төлөө идэвхтэй ажилладаг компаниуд хөрөнгийн зах зээлд хөл тавьдаг боллоо. Хөрөнгийн зах зээлээс дэвшил “үнэртэж” эхэлжээ.

Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • سكس رومانسي مترجم: Every...
  • Candra: Hello colleagues, pleasant piece of writing and nice arguments commented here, I am genuinely enjoying by...
  • نيك محارم ساخن: please take a look at the...
  • Rochelle: What’s up, I check your blog daily. Your writing style is awesome, keep doing what you’re...
  • Coy: I truly love your website.. Great colors & theme. Did you create this website yourself? Please reply back as...