|

Ийм олуулаа, зохион байгуулалттайгаар төрөө цөлмөсөн хэрэг өмнө нь гарч байгаагүй

Jdu hulgai-2

Өнгөрсөн жил татвар төлөгчдийн бүсийг чангалж, хэтэвчийг нь сэгсрэн байж цуглуулсан төсвийн хөрөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хуваарилсан 60 орчим тэрбум төгрөгийг УИХ дахь МАН-ын бүлгийн 50 гишүүн хуваагаад авчихаж. Тэгэхдээ бүр бүлэг доторх 32, 33- ын фракцдаа тэнцүү хүртээж, аль нэгнийг нь гомдоохгүй гэсэндээ тус бүрээс нь тэнцүү тоотой (25, 25) гишүүн сонгож, Засгийн газрын тусгай сангийн мөнгийг нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл хэлбэрээр тараасан гэх. Тонуул гэхэд ч багадаж, хатуудахааргүй энэ ажлын зохион байгуулалтад нам, засгийн удирдлага голлох үүрэгтэй оролцсон гэсэн барим тавим мэдээлэл байна.

Төрийн дээр сандайлсан луйварчдын хоорондын дажин тогоондоо багтахаа больж, нэг нь нөгөөгийнхөө бөгсийг ухах гэж задалсан мэдээллийн зах зухаас Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, Х.Болорчулуун, Г.Солтан, О.Батнасан, Б.Ундармаа, Я.Содбаатар, Б.Жавхлан нарын нэр одоогоор тодроод буй. Араас нь зээл авсан баримтыг нь хэзээ мөдгүй илчлэхээр бэлтгэсэн хүмүүсийн нэр сонсогдоод хэд хонож байна. Мэдээллийг задалж буй тал нь илүү их ашиг хонжоо олох гэж, хэргийн эзэд аль болох газар авхуулахгүй бушуухан дарж авах гэж хичээж байгаа нь үйл явдлын өрнөл, саатлаас илт харагдана.

ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ БУЦААЖ ӨГӨӨД Л АРДЫН БААТАР БОЛОХ УУ

Нэр нь тодорсон “баатрууд” эхний үед мэлзэж, эхнэрийнхээ юу хийснийг мэдэхгүй гэх мэтээр мэдэн будилсан. Гарах гарцгүй баримт дэлгэгдэж, бодит байдалтай нүүр тулахаас аргагүй болсон үед УИХ-ын гишүүн Н.Учрал байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх арга олсон нь бусдаас түрүүлж хэргээ хүлээх байв.

…Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг цөлмөсөн хэргээ олонх хуулийн байгууллагаар шалгуулахыг хүссэнгүй. Тэгэхээр энэ хэргийн эзэд тохирох хариуцлагаа хүлээнэ гэж найдалтгүй. Харин иргэд бид үүнийг мартахгүй, баяр ёслол, хоол ундтайгаа холиод идчихэлгүй санасаар, сануулсаар байж, ирэх сонгуулиар өөрсдийнхөө чаддаг аргаар хариуцлага тооцох нь төрөө цэвэрлэж, сайн цагийг наашлуулахад оруулах хувь нэмэр болох болов уу…

Тэрбээр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээл нэн хөнгөлттэй нөхцөлөөр авснаа “улайж”, “Миний аавын эзэмшлийн “Хүннү” ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж, зээл авсан нь нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэн, надтай холбож байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүйг хариуцлагатайгаар хэлье. 1992 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй “Хүннү” ХХК ажлын байр нэмэгдүүлж, баялаг бүтээсээр ирснийг Монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. “Хүннү” ХХК-ийн эх орондоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай явж байгаа боловч нийгмийн бухимдал, хардалтаас болж зогсооход хүрлээ. Миний аав Н.Ням-Осор, түүний удирдлагын баг төслийг зогсоож, тус зээлийг хугацаанаас нь өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ. Би УИХ-ын гишүүн болсноороо миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учрах ёсгүй” хэмээсэн.

Түүний араас нь шулуун шударга төрийн хар хүн гэсэн имиж бүрдүүлэхийг зорьдог ч бага хүүтэй, их мөнгөнд бүдэрсэн Ж.Энхбаяр гишүүн “Миний тодорхой хувийг нь эзэмшдэг компани монгол үхрийн чанарыг сайжруулах зорилгоор “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн үржлийн аж ахуй эрхэлдэг. Энэ төслийн 20-иод хувийн санхүүжилтийг Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас авсан. Гэтэл энэ салбарт хичээж ажиллаж байгаа, хийж бүтээх хүсэлтэй энэ залуусын хувьцааны тодорхой хувийг эзэмшсэнээрээ би нэмэр болохоос илүү нэрмээс болох нь их юм даа” хэмээгээд зээлээ төлж барагдуулсан тухайгаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдсэн.

Тэд зээл авснаар хохирч үлдсэн мэт мессежийг үгэндээ хавчуулсныг анзаарч байгаа биз. Гурван хувийн хүүтэй мөнгө оруулж, түүнээ бүтэн жил эргүүлсэн ямар ч бизнес хохирч үлдэхгүйг 30-40 хувийн хүүтэй мөнгө зээлдэг олон нийт гадарлахтайгаа байлгүй яах вэ. Эцсийн мөчид өрөвдүүлэх тактикт шилжиж, тэр нь ч амжилттай болдог нь улстөрчдийг амтшуулаад удаж буй. Тэд ч энэ алхмыг хийснээр өрөвч нинжин нь дэндсэн ходоод хоосон иргэдийг өөрийн талд татна гэж төлөвлөсөн нь үгнээс нь илт. Харин энэ удаа иргэд харьцангуй хашир үзэж байна. Хөөрхий гишүүд хамаг мөнгөө өгчихлөө хэмээн өрөвдөж, төрөөс суйлсан мөнгөө буцааж өгсөн баатарлаг үйлээр нь бахархаж байгаа хүн таарсангүй. Эрх баригчдын увайгүй хомхой үйлдэлд дургүйцсэн олон нийтийн бухимдал энэ төдийд дарагдахааргүй болжээ.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг захиран зарцуулсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би Ерөнхий сайд болоод эдийн засгийг сайжруулах, шударга ёсыг тогтоох хоёр зорилт тавьсан. Эхний зорилт харьцангуй сайн хэрэгжсэн. Гэвч хариуцлагын асуудал санаснаар ажил хэрэг болохгүй байна. Би зарлаад, тэвчээд, засах гэж үзлээ. Болохгүй байна. Би тун удахгүй намаа шинэчилнэ. Үүнд намын гишүүдээсээ, ард түмнээсээ дэмжлэг хүснэ.

Тэгээд чадахгүй бол өөрөө огцорно. Эр хүний ёсоор хэлчихье. Ард түмэн итгэл найдвараа алдах вий гэдгээс би айж буйгаа өмнө нь хэлж байсан. Одоо ч дахин хэлнэ. Би Ерөнхийлөгчтэй зөв зүйлийн төлөө хамтран ажиллана. Бөөндөө сууж асуудлаа яриад, шийдэж чаддаг байх ёстой. Гишүүд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь буруу. Тэд ард түмнээс уучлал гуйж, зээлээ төлөхгүй бол 2020 онд нэр дэвшүүлэхгүй” хэмээсэн. Тэр эрийн сайндаа, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн мөнгийг гишүүд нь хуваагаад авчихсаныг сая л мэдээд ингэж хэлж буй юм биш. Эрх баригчдын үйлдэл дэндүү увайгүй байсанд дургүйцсэн иргэдийн бухимдал мөд дарагдах янзгүйд л ингэсэн хэрэг.

Олон нийтийн дургүйцэл, бухимдал, шударга ёс хүссэн шаардлагыг юман чинээ тоогоогүйгээр барахгүй “Уучлал гуйж чадахгүй” хэмээн сэлбэлзэж асан Н.Оюундарь гишүүний хэгжүүрхлийг “2020 онд нэр дэвшүүлэхгүй” гэсэн намын даргынх нь үг хэдхэн хормын дотор хэрхэн эргүүлэхийг харах бас л шоглоомтой. Н.Оюундарь “Хүүгийн маань “Рэд стар клуб” ХХК тус сангаас 800 сая төгрөгийн зээл авсан. Нийгэм бухимдалтай байгааг маш сайн ойлгож байна. Эцэг, эх, ах дүү нь төрийн өндөр албан тушаал хашиж буй тохиолдолд хамаарал бүхий хүмүүс нь бизнес эрхлэх, тэр тусмаа хөнгөлөлттэй

зээлд хамрагдахад хүндрэлтэй юм байна. Энэ зээлийг бүрэн барагдуулсан. Ард иргэдээсээ, Сэлэнгэ аймгийн сонгогчдоосоо хүний (хүүгийнхээ) өмнөөс хүлцэл өчье” хэмээсэн. Дээрх сангийн хөрөнгийг захиран зарцуулсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг албан тушаалаасаа чөлөөлөгдөхдөө “Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаасаа уучлалт гуйж байгааг минь хүлээж авна уу” гэсэн нь мөн л үнэмшилтэй сонсогдоогүй.

Айдгаа авдартаа хийж, ичих нүүрэндээ илэг наасан Монголын улстөрчид худлаа ч болов уучлал гуйн, хийсэн хэрэгтээ эзэн болж, үнэнээ хүлээж буй нь сайн хэрэг. Гэхдээ тэдний үүрэх хариуцлага үүгээр дуусаж, сувдаг хомхой зан, ёс зүйгүй байдал, албан тушаалаа ашигласан хэргийг нь мартаж орхимгүй байна. Улстөрчид увайгүй, хомхой ч ийм олноороо, ингэж нэгдсэн зохион байгуулалттайгаар төрөө цөлмөсөн хэрэг өмнө нь гарч байгаагүй болов уу. Ийм ичгүүргүй тонуулыг нүдээ аниад өнгөрөөвөл төр, ард түмэн гэж байхын хэрэг юу билээ.

Айлд орж цай уугаад мөнгөн аягыг нь хормой доогуураа шургуулж нууж байгаад, өвөртлөөд явчихдаг урт гартан шиг, УИХ, Засгийн газарт ороод, төсвийн мөнгийг “Дараа минийх болох юм” гэсэн бодлоор элдэв сангуудад байршуулж, түүнээ сэмхэн хуваагаад авчихдаг хүмүүс төрд орогнож байгаа учраас л эдийн засаг өссөн ч иргэдийн амьдрал өөдөлдөггүй. Ийм увайгүй хүмүүс, ийм улайм цайм үйлдлийг нүдээ аньж өнгөрөөгөөд л байвал энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй.

ЖИРИЙН ИРГЭН БАЙХ НЬ ШИЙТГЭЛ ГЭЖ ҮҮ

Төсвийн мөнгийг хуйвалдаж байгаад хувааж авах эрх мэдэлгүй, хуулийн дор ажиллаж, амьдардаг жирийн иргэн болох нь улстөрчдөд хамгийн том шийтгэл бололтой. Төрийн өндөр албан тушаалтай ийм олон хүн оролцсон, бүхэл бүтэн Засгийн газрын тусгай сан тоносон хэрэг гарчихаад байхад уучлал гуйхгүй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэхээс өөрөөр хариуцлага ярихгүй байгааг ингэж ойлгохоос өөр яах билээ. Тэдний үйлдлийг хууль зүйн талаас нь шалгуулж, тохирох шийтгэлийг нь оноох сонирхол эрх баригч хүчинд алга. Энэ нь Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах прокурорын саналд татгалзсан хариу өгснөөс нь тодорхой харагдана.

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганд оролцохдоо “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг гурав дахь удаагаа оруулж байна. Дандаа татгалзсан хариу өглөө. Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой. Та нар шударга ёс тогтоож өгч байгаа чинь хаана байна. Хууль ёсыг дээдлэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсээ яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэнэ. УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах жирийн иргэнийг шалгахаас шал өөр шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хэрэгт гол шийдвэрийг гаргасан УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Гэтэл энэ хүний өгсөн үүргийг биелүүлсэн жирийн иргэн, сангийн эрхлэгчийг нь цагдан хорьчихсон байгаа. Энэ шударга ёс уу. Шударга ёсыг тогтоохын төлөө би энэ асуудлыг оруулж ирж байгаа юм. Би Эрүүгийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй хүн. Яллах нөхцөл байдал тогтоогдсон бол хэнийг ч яллах үүрэгтэй” хэмээн бухимдлаа илэрхийлсэн ч нэмэр болсонгүй.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг цөлмөсөн хэргээ олонх хуулийн байгууллагаар шалгуулахыг хүссэнгүй. Тэгэхээр энэ хэргийн эзэд тохирох хариуцлагаа хүлээнэ гэж найдалтгүй. Харин иргэд бид үүнийг мартахгүй, баяр ёслол, хоол ундтайгаа холиод идчихэлгүй санасаар, сануулсаар байж, ирэх сонгуулиар өөрсдийнхөө чаддаг аргаар хариуцлага тооцох нь төрөө цэвэрлэж, сайн цагийг наашлуулахад оруулах хувь нэмэр болох болов уу. Үүнээс өмнө УИХ-ыг тараая, Засгийн газрыг огцруулъя гэвэл бас нэгний гар хөл болчих гээд байгаа нь гачлантай. Ер нь Монголд эрүүл саруул, үнэн шударгаар ганц ч алхах орон зай үлдээгүй мэт санагдаж байна. Нийгэм тэр чигээрээ ийм мэдрэмж авч, бухимдал нь дээд цэгтээ хүрч байгааг судалгааны байгууллагууд тооцоод гаргачихсан. Энэ бүхэн юунд хүрч дуусах бол доо, бурхан минь.

Х.Уянга

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening kale: Your home in addition to garden are generally typically the two most important spots you deal with on...
  • gardening tool crossword clue: Your home and even garden are usually the particular two most significant places you...
  • gardening essentials: Your home plus garden are usually this two most important locations you deal with with a...
  • gardening places near me: Your home and even garden are normally often the two most significant places you deal with...
  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...