|

“Саарал жагсаалт”-аас гарахад тусална гэдгээ дахин мэдэгдэв

saaral jagsaalt-10

Монгол Улсыг ФАТФ-ын Эрчимтэй хяналтаас гарахад нь дэмжиж ажиллахад бэлэн байгаа гэсэн байр суурийг АНУ-ын Сангийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайд Роберт Капрот илэрхийллээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Роберт Капротыг хүлээн авч уулзах үеэр ийнхүү мэдэгдсэн байна.

Б.Лхагвасүрэн Монгол Улс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын эрчимтэй хяналтаас 2020 онд багтаж гарахаар зорьж ажиллаж буйгаа уулзалтын үеэр хэлжээ.

Сануулахад, өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын Сангийн дэд сайд Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах асуудлаар төр засгийн нөхдүүдтэй уулзсан билээ.

Монгол Улсыг  “Саарал жагсаалт”-аас гаргахын тулд хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон талаар өмнө нь мэдээлсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дараах хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барьсан.

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
  •  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүд

Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага ФАТФ-ын 2019.10.18-ны өдрийн хурлаар зарласан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтаас Монгол Улсыг гаргахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог нэн даруй сайжруулах шаардлага үүссэнтэй холбоотойгоор энэхүү хуулиудын төслийг боловсруулжээ.

Хуулиудад өөрчлөлт орсноор:

  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрх зүйн орчин боловсронгуй болох;
  • Монгол Улсын хэмжээнд  мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгтгэн удирдах, уялдуулан зохицуулах нөхцөл бололцоо сайжирч, үйл ажиллагаа нь өргөжих;
  • Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр уг зөвлөлийн гишүүн байгууллагууд болон бусад төрийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сайжрахын зэрэгцээ мэдээлэл солилцооны шуурхай байдал хангагдаж, үйл ажиллагааны чадавх дээшлэх;
  • Хуулийн зохицуулалт тодорхой уялдаатай болж, улмаар ФАТФ-ын зөвлөмжид нийцэх;
  • Мөнгө угаахтай холбоотой зарим гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгаснаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой гэсэн мэдээллийг өгч байна.

Э.Мөнхжин     

Эх сурвалж: Zindaa.mn   

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл