|

ОХУ-дэлхийн хоёр дахь хүчирхэг улс

Moscow city-2

2019 оны дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын жагсаалтад ОХУ хоёрдугаар байраа хадгалж үлджээ. Уг жагсаалтыг АНУ жилийн өмнөхтэй адил тэргүүлсэн бол гуравдугаарт БНХАУ орсон байна.

Дэлхийн хамгийн хүчирхэг улсуудын жагсаалт нь Америкийн “News & World Report” сэтгүүлээс жил бүр гаргадаг шилдэг улсуудын жагсаалтын нэг хэсэг юм. Энэ удаад шилдгүүдийн тоонд 73 улс багтсан бөгөөд 2018 онд тэргүүлж байсан Швейцар нэгдүгээрт бичигдсэн бол Канад хоёрдугаарт орж байраа дээшлүүлсэн байна. Жагсаалтын гуравдугаарт Япон бичигдэж, өмнөх жилийнхээс нэг байраар ухарчээ. Эхний тавд мөн Герман, Австрали улсууд орсон байна. Харин жагсаалтын сүүлийг Оман, Серби болон Ливан улс мушгижээ. ОХУ энэхүү ерөнхий жагсаалтад нэг байраар дээшилж 23 дугаарт, АНУ долдугаарт орсон байна. Жагсаалтад мөн Эстон /55 дугаарт/, Литва /59 дүгээрт/, Латви /62 дугаарт/, Казахстан /66 дугаарт/, Украин /68 дугаарт/ болон Беларусь улс /70 дугаарт/ багтжээ.

Шинжээчид уг жагсаалтыг гаргахдаа улс орнуудын янз бүрийн салбар дахь амжилтыг үнэлэхэд шаардлагатай 65 шалгуурыг тодорхойлжээ. Эдгээрийг есөн үндсэн ангилалд хуваасан бөгөөд нэг нь дэлхийн тавцан дахь хүч, нөлөөлөл юм. Үүнээс гадна, аялал жуулчлалын салбарын хөгжил, инноваци, нийгмийн хүрээ, соёл урлаг, эдийн засгийн өсөлтийн хурдац, бизнес эрхлэхэд нээлттэй байдал, хүн амын амьжиргааны ерөнхий түвшин, түүхэн өв уламжлалын байдлыг үнэлж дүгнэсэн байна.

Шилдэг улсуудын жагсаалтыг “News & World Report” сэтгүүлийнхэн “BAV Consulting” компани болон Пенсильванийн их сургуультай хамтран гаргасан байна. Ингэхдээ мөн тэд дэлхийн 36 улсын 21 мянга орчим хүний дунд явуулсан нийгмийн судалгааны дүнг харгалзсан байна. Судалгааг бизнес эрхлэгчид төдийгүй энгийн иргэдийн дунд явуулжээ.

Д.Жаргал

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл