|

Зөвлөмж: Халдвараас хамгаалахдаа хийж буй бидний буруу үйлдлүүд

Zuvluguu-11

Эрүүл мэндийн яамнаас бэлтгэсэн зөвлөмжийг хүргэж байна. Иргэд вирусийн халдвараас сэргийлэхийн тулд дор бүрнээ ариун цэврийн байдлаа сахиж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж байгаа. Гэхдээ халдвараас хамгаалахдаа зарим нэг буруу үйлдлийг гаргаж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

1.Агаарт цэнхэр, цэвэр спирт цацах – Үүний оронд 15 минут тутамд салхижуулалтыг хийгээрэй. Гэхдээ вирус нь хүйтэнд тэсвэртэй тул өрөөг хэт хүйтрүүлж болохгүй. Сүүлийн үед агаарыг халдваргүйжүүлэхийн тулд архи хүртэл цацаж байна. Энэ нь хамгийн буруу юм.

2.Хаалганы бариулд даавуу ороох – Энэ нь гарыг бохирдуулах, түүгээр дамжуулж халдвар дамжих эрсдэл үүсгэнэ. Харин хоёр цаг тутамд хүний гар хүрч буй бүх зүйлд чийгтэй цэвэрлэгээ хийх нь илүү үр дүнтэй. Ингэхдээ хлор агуулсан бодис ашиглаж, үйлдвэрлэгчийн зааврын дагуу найруулж хэрэглээрэй.

3.Гараа буруу угаах – Гар угаана гэдэг нь усанд булхуулаад арчихын нэр биш. Гар бохирдсон тохиолдолд бүлээн усаар савандаж сайтар угаана. Ингэхдээ заавал ус ашиглана. Оффисын ажилтай хүмүүс  гар бохирдоогүй тохиолдолд спиртэн суурьтай гар халдваргүйтгэлийн бодисоор гараа халдваргүйжүүлнэ. Тэрнээс биш айл бүр спиртэн суурьтай халдваргүйтгэлийн бодисоор гараа халдваргүйжүүлнэ гэсэн үг биш.

Мөн иргэд өөрийн гэсэн аяга, халбага, савхтай байж, ариун цэврийг нь сайтар сахина. Нийтийн хоолны газар хоолоо дундаа тавьж идэж болохгүй. Халдвараас сэргийлэхэд хамгийн чухал нь дархлаагаа идэвхтэй байлгах. Дархлалын систем сулрахад хамгийн нөлөөлдөг хүчин зүйл бол сэтгэл зүйн байдал учраас аль болох сошиал ертөнцөөс авч байгаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаарай. Мэргэжлийн бус хүмүүсээс авч буй мэдээлэл нь айдас түгшүүрийг дагуулдаг, бодит биш мэдээлэл байдаг тул Эрүүл Мэндийн Яамнаас хамгийн бодит, нотолгоонд суурилсан мэдээлэл авахыг уриалж байна.

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл