|

З.Энхболд сонгуулийн кампаниа хийхээр ЕТГ-ын даргын ажлаа өгөв

35237543_400247773825225_6070357487398158336_n-1

  • Ардчилсан нам сонгуулийн санхүүжилтээ босгож буй аргыг харин ч сайшаах хэрэгтэй
  • Өвөрхангайтай холбоотой “Цензургүй” сурвалжлагыг намайг захиалсан гэх мэтээр бичээд байсан учраас Ерөнхийлөгч “Одоо сонгуульдаа бэлд дээ” гэсэн

Гурван сарын дараа эхлэх сонгуулийн кампанидаа төвлөрөх шаардлагатай тул Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өөрөө өргөдлөө өгч, албан тушаалаасаа бууж буйгаа мэдэгдлээ. Энэхүү ганц өгүүлбэрээр албан тушаалаа өнөөдрөөс эхлэн өгч буй тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.

-2020 оны сонгуульд та хаанаас нэр дэвших вэ? 

-Би хаанаас ч нэр дэвшиж магадгүй. Эхлээд судалгаа хийнэ.

-Таныг ЕТГ-ын даргын албан тушаалаа өгөөд Ардчилсан намын удирдлагын багт очно гэсэн мэдээлэл байнга явж ирсэн. Энэ үнэн үү? 

-Би Ардчилсан нам дээр ямар нэгэн албан тушаал авахгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс намын дарга С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөх болсон. Тэр ажлаа хийх бөгөөд, зөвхөн өөрийн нэр дэвших тойргоос гадна сонгуулийн нийт ажилд ямар нэгэн байдлаар оролцоод явна.

-Ерөнхийлөгчтэй санал зөрөлдсөн учраас таныг ажлаа өгч байгаа гэсэн мэдээлэл мөн гарсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу? 

-Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. “Сонгууль дөхөж байна даа, өөрийн юмаа хий дээ” гэж Ерөнхийлөгч надад хэлсэн.

-Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ирэх дараагийн хүн тодорхой болсон уу? 

-Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар маргаашаас Ө.Шижир гэж хүн ажиллана. Монголын хөлбөмбөгийн холбоонд ажиллаж байсан.

-Та Өвөрхангайд нэр дэвших гээд “Цензургүй” сурвалжлагыг захиалгаар хийлгүүлсэн юм биш үү? 

-Би тэр нэвтрүүлгийг C1 телевизээр үзсэн. Мөн цахим хуудсандаа хуваалцсан. Би өвөрхангайчуудыг төлөөлж найман жил УИХ-д суусан. Та бүхэн санаж байгаа бол миний үеийн гишүүд, тухайлбал талийгаач Г.Батхүү, Д.Зоригт, Бадамдамдин, Д.Лүндээжанцан, нар Өвөрхангай аймагт очоод Я.Содбаатар шиг тендер авсан талаар огт сонсоогүй байх. Бид тендерт оролцдог ёс зүйгүй гишүүд байгаагүй юм. Харин сүүлийн дөрвөн жил замбараагаа алдаж, Өвөрхангай аймгийн ИТХ-ын гишүүн л биш бол тендер олддоггүй болсон байна. Тиймээс би тэр нэвтрүүлэг хийсэн нь зөв гэж бодож байна.

-Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэдэг улс төрийн албан тушаал. Та ажлаа өгөхгүйгээр сонгуульд орж болно шүү дээ. 

-Уг нь тийм. Гэвч Өвөрхангайтай холбоотой “Цензургүй” сурвалжлагыг намайг захиалсан гэх мэтээр бичээд байсан учраас Ерөнхийлөгч “Одоо сонгуульдаа бэлд дээ” гэсэн.

-Ардчилсан намд сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчингийн мөнгө авч байна. Ингэж сонгуулийн нэр дэвшигчээ тодруулах нь “60 тэрбум”-аас ямар ялгаатай юм бэ? 

-Харин ч Ардчилсан намыг сайшаах хэрэгтэй. Яагаад гэвэл сонгуулийн мөнгийг ил тодоор, хандив хэлбэрээр босгож байгаа анхны нам. Ардчилсан намаас бусад улс төрийн хүчний санхүүжилт хаалттай байна. Хэн гэдэг нэр дэвшигчийн нэр дээр, хэнээс, хаанаас хэдэн төгрөг өгсөн бэ гэдэг Ардчилсан намд нээлттэй. Дэлхий даяар улс төрийн намууд хандиваа ингэж цуглуулдаг. Улс төрийн намын тухай хуулиар нам нь аль ч үед хандив цуглуулах эрхтэй байдаг. Жишээ нь, би эхний удаагийн 30 сая болон явц дунд өгсөн 40 сая төгрөгөө хандиваар цуглуулсан. З.Энхболд гэдэг хүнд хандив өгч болохгүй учраас “Ардчилсан намд өгөөч ээ” гэж уриалсан. 70 хувь хүн эсвэл долоон аж ахуйн нэгжээс хандив өгсөн байгаа. Энэ нь ямар ч хууль зөрчөөгүй. Ардчилсан нам ийм аргаар хандиваа өргөж байгаа бөгөөд, тэр аргачлалыг нь би хийж өгсөн. Харин 60 тэрбумын хэрэг бол хэлтсийн даргаас дээших бүх албан тушаалыг үнэлж, Excel файл дээр хүснэгтэлсэн байсан.

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл